Уншиж байна ...

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч өөрийн танхимын сайд, дарга нарын томилгоонд олон нийтийн саналыг авч эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгост зохион байгуулагдсан ээлжит бус сонгуулийн санал хураалтаар сөрөг хүчний нэр дэвшигч И Жэ Мюн ерөнхийлөгч болсон билээ.

Тэрбээр Өмнөд Солонгосыг ард түмэн засагладаг улс болгох амлалт авч байсан юм.

Энэ амлалтынхаа хүрээнд өнөөдөр түүний тамгын газар шинэ засгийн газрын сайд болон бусад өндөр албан тушаалтнуудын томилгоонд олон нийтийн саналыг авах ажлыг эхлүүлжээ.

Өнөөдөр буюу Мягмар гарагаас эхлэн долоо хоногийн турш иргэд томилгооны саналаа Боловсон Хүчний удирдлагын яамны вэб хуудсаар илгээж болох юм байна.

Үүнээс гадна ерөнхийлөгч И Жэ Мюний албан ёсны сошиал хуудас, цахим шуудангаар саналаа илгээх боломжтойг түүний хэвлэлийн төлөөлөгч Кан Ю Жүн өнөөдөр мэдээлжээ.

“И Жэ Мюний засаг захиргаа боловсон хүчнийг санал болгох ил тод, шударга тогтолцоогоор дамжуулан жинхэнэ мэдлэг чадвартнуудыг илрүүлж, ард түмний удирддаг засгийн газар байгуулах үүд хаалгыг нээх болно” гэж тэр хэлсэн байна.

Санал асуулгаар тодорсон хүмүүсийг ерөнхийлөгчийн тамгын газраас нягтлан шалгаж, дахин олон нийтээр хэлэлцүүлсний дараа албан тушаалд нь томилох ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News