Уншиж байна ...

"Гадаадад төгссөн өндөр боловсролтой хүмүүсийг дарга болголоо гэтэл зүгээр л таван коммунист “Тэгээд яадаг юм” гээд сууж байна"

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсож, гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Хэлэлцүүлгийн үеэр автотээврийн албан татварыг нэмэхтэй холбоотой хэлэлцүүлэгт хоёрхон хүн цахимаар оролцож, дэмжихгүй гэсэн санал өгсөн, анх уг татварыг 4 дахин нэмэх байсныг цахим санал асуулгад оролцсон хоёр иргэн дэмжээгүй учир 3 дахин нэмсэн гэх асуудлууд яригдаж шүүмжлэл дагуулав.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Энд сууж байгаа таван төлгөн коммунист хотын гудамжаар хүн загнаад яваад байдаг саарал хувцастай коммунист дарга шигээ болчхож. Хүннү, Хархорин хот гээд хүнгүй хотдоо очиж ажиллавал таарна та нар.

Та нараас иргэдээ машинтай байлгая, аз жаргалтай түгжрэлгүй хотод амьдруулъя гэдэг сэтгэл гарахгүй байна.

Та нар төсөвгүй болчхоод татвар нэмж байгаа юм биш. Төв шуудангийн хажуугийн явган хүний замын хавтанг хуулаад чулуун хавтан тавьж байна. Өмнөх хавтан нь зүв зүгээр байсан.

Та нар татвар нэмж яах гэж байгаа юм. Та нарын тансаглалд мөнгө өгөх албагүй.

Иргэд энэ хотод аль болох ажил амьдарлаа зохицуулаад явж байна. Яагаад заавал та нараас зөвшөөрөл авч байж машин лизингээр авдаг юм. Ийм коммунист сэтгэлгээнээсээ сал л даа та нар. Ичихгүй 1.7 сая иргэнтэй хотын удирдлагууд гээд солиороод суугаад байх юм.

Та нар жолооны сургалт, дүрэм зөрчөөд байгаа жолооч нар, ур чадваргүй жолооч нар ногдуулдаг хариуцлагын асуудал зэрэг шийдэл хайх ёстой байтал татвар нэмэхээс өөр юу ч бодохгүй байна.

Уг нь гадаадад төгссөн өндөр боловсрол эзэмшсэн хүмүүсийг дарга болголоо гэтэл зүгээр л хэдэн коммунист “Тэгээд яадаг юм” гээд сууж байх юм. Ичээч та нар. Хоёрхон хүнээс санал авчхаад асуудлаа УИХ-ын түвшинд оруулж ирээд сууж байна" хэмээн бухимдлаа илэрхийллээ.