Уншиж байна ...

Жүдогийнхон ДАШТ-д оролцохоор Унгарыг зорилоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 10
IKON.MN
Зураг зураг

Жүдогийн насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 13-наас 19-нийг дуустал Унгарын Будапешт хотод болно.

Тэгвэл уг тэмцээнд оролцох Монголын шигшээ баг өнөөдөр Унгарыг зорилоо.

Сонирхуулахад жүдогийн ДАШТ хамгийн анх 1956 онд Японы Токио хотод зохион байгуулагдсан. Харин эмэгтэйчүүд хожим буюу 1980 онд АНУ-ын Нью-Йорк хотод аваргаа тодруулсан бол 1987 оноос эхэлж эрэгтэй, эмэгтэй ДАШТ-ийг хамтад нь зохиож иржээ.

Түүнээс хойш Унгарын Будапешт хотод гурав дахь удаагаа ДАШТ болох юм. Өмнө нь тус улс 2017, 2021 онд нэр хүндтэй тэмцээнийг нутаг дээрээ хүлээн авч байжээ.

Унгарын дэвжээ манай тамирчдад ээлтэй. 2017 онд эмэгтэйчүүдийн ангилалд Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа алт, М.Уранцэцэг мөнгө, Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдээс Г.Болдбаатар, Г.Одбаяр, Н.Түвшинбаяр нар хүрэл медаль зүүж байв.

Харин 2021 онд М.Уранцэцэг, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн билээ.

Монголын багийн бүрэлдэхүүн

ЭРЭГТЭЙ

  • 60 кг: Э.Ариунболд, К.Ёлк,
  • 66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр,
  • 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр,
  • 81 кг: О.Шинэбаяр, 
  • -100 кг: Б.Хүдэрчулуун,
  • +100 кг: Б.Гончигсүрэн.

Эмэгтэй

  • 48 кг: Г.Наранцэцэг, Ж.Анударь,
  • 52 кг: Л.Сосорбарам,
  • 57 кг: Т.Ариунзаяа,
  • 63 кг: Л.Энхрийлэн, Б.Ганхайч,
  • 70 кг: Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ,
  • +78 кг: А.Адъяасүрэн.