Даваа гарагт Калифорни мужийн Купертино хотод Apple компанийн жил тутмын хөгжүүлэгчдийн чуулган WWDC 2025 эхэлжээ.
Энэ үеэр тус компанийн бүтээгдэхүүнүүдийн үйлдлийн системүүд дугаарлалтын шинэ хэлбэрт шилжиж байгааг зарласан байна.
Тухайлбал iPhone гар утасны үйлдлийн систем iOS-ийн дугаарлалт одоогийн 18 хувилбараасаа ирэх намар шууд 26 хувилбар болж өөрчлөгдөхөөр болжээ.
Зөвхөн iOS ч биш, iPadOS, macOS, watchOS гээд бусад бүх программын хувилбарууд зах зээлд гарсан оныхоо дараагийн оноор дугаарлагдах болсон байна.
Ирэх намар зах зээлд нэвтрэх iOS системийн шинэ хувилбар iOS 19 биш, iOS 26 болж байгаа нь ийм учиртай гэнэ.
Үүнтэй зэрэгцэн Apple компани iOS системийнхээ үндсэн дизайныг эрс өөрчилж байгаагаа зарлажээ.
Хамгийн сүүлд 2013 онд тус компани iOS 7 хувилбарыг танилцуулахдаа дизайны томоохон шинэчлэлт нэвтрүүлж, “skeumorphic” буюу юмсыг бодитой мэт харагдуулдаг хэлбэрээсээ “flatter” буюу хавтгай, хийсвэр дүрслэлд шилжиж байсан юм.
Харин энэ удаа шилжих дизайны хэлбэрээ Apple “Liquid Glass” (шингэн шил) гэж нэрлэжээ.
Өөрөөр хэлбэл дизайны бүх элементүүд нь шил мэт тунгалаг харагддаг болох бололтой.
Дизайнаас гадна iOS 26 хувилбарт хиймэл оюуны Apple Intelligence, автомашины CarPlay болон бусад Apple Music, Maps, Wallet, Apple Games зэрэг үйлчилгээнүүдтэй холбоотой олон шинэ боломж нэмэгдэхээр болжээ.
“iOS 26 нь гайхалтай шинэ дизайн, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд сонирхолтой сайжруулалтуудыг нэвтрүүлснээр iPhone-ий ашиг тусыг улам их нэмэгдүүлж байна” гэж Apple компанийн программын инженерчлэл хариуцсан дэд захирал Крэйг Федериги танилцуулгын үеэр хэлжээ.
iOS 26 хувилбар нь ирэх намар шинэ iPhone 17 гар утастай цуг зах зээлд нэвтрэх юм. Өмнөх iPhone-ий загварууд шинэ хувилбарыг бас үнэ төлбөргүй суулгах боломжтой байдаг.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!