“Эверестийн хүн” хочтой Балбын шерпа Ками Рита өчигдөр дэлхийн ноён оргилд 31 дэх удаагаа гарч, өөрийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна.
55 настай Рита өчигдөр орон нутгийн цагаар үүрийн 04:00 цагт Энэтхэгийн армийн хэсэг албан хаагчдын хамт 8,849 метрийн өндөрт хүрчээ.
Уг авиралтыг зохион байгуулсан Seven Summit Treks байгууллага “Ками Рита шерпаг танилцуулах шаардлагагүй. Тэр бол зөвхөн үндэсний хэмжээний баатар биш, дэлхий дахинд Эверестийн бэлгэдэл болсон хүн юм” гэж магтсан байна.
Рита анх 1994 онд уулчдыг дагуулан Эверестийн оргилд гарснаасаа хойш бараг жил алгасалгүй авирч байжээ.
Зарим жилүүдэд тэр хоёр удаа авирсан байдаг.
Ритагийн араас нэхэж байгаа өрсөлдөгч нь мөн Балбын шерпа Пасан Дава юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт 29 дэх удаагаа ноён оргилд гарчээ.
Өнгөрсөн долоо хоногт Их Британийн уулчин Кентон Күүл 19 дэх удаагаа Эверестийн оргилд гарсан нь шерпа бус хүмүүсийн дэлхийн дээд амжилт болсон юм.
Энэ оны авиралтын улирал 500 гаруй уулчин болон тэдний хөтөч Эверестийн оргилд амжилттай гарсан үр дүнтэй өндөрлөж байна.
Балбын засгийн газар энэ онд Эверест болон бусад оргилуудад авирах зөвшөөрлийг нийт 1,000 гаруй уулчинд олгожээ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн ноён оргилд авирагсдын тоо нэмэгдэж байгаа нь замын хэт ачаалал, байгаль орчны бохирдол зэрэг сөрөг үр дагаварт хүргэж байгаа.
Өнгөрсөн онд Балбын эрх баригчид өөрийн ялгадсыг ууланд үлдээлгүй бэлийн баазад буцааж авчрах шаардлагыг уулчдад тавьдаг болсон юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
|