Фүкүшима Дайичи цөмийн цахилгаан станцын ойролцоо газраас хуулсан хөрсийг ерөнхий сайд Шигерү Ишибагийн албан өргөөний гадна цэцгийн мандал байгуулахад ашиглахаар төлөвлөж буйг Япон улсын засгийн газар өчигдөр мэдээлжээ.
Уг хөрсийг 2011 оны гамшгийн дараа цацраг идэвхт бодисоос цэвэрлэх зорилгоор хуулж аваад тусгай байгууламжид хадгалж байсан юм байна.
Одоо хөрсний зарим хэсэг нь аюулгүй түвшинд хүртэл цэвэршсэн тул дахин ашиглах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.
Ерөнхий сайдын өргөөний гадна ашиглахаар болсон нь Фүкүшимагийн гамшгийн аюул арилсныг олон нийтэд сурталчлах, итгүүлэх зорилготой холбоотой юм байна.
Цэвэршүүлсэн хөрсийг засгийн газрын бусад яам агентлагуудын байрны гадна бас цэцгийн мандал хэлбэрээр ашиглахаар болжээ.
2011 оны газар хөдлөлт, цүнамигийн гамшгаас үүдэлтэй Фүкүшима Дайичи цөмийн цахилгаан станцын сүйрэл хүрээлэн байгаа орчныг их хэмжээний цацраг идэвхт бодисоор хордуулсан юм.
Одоо 14 сая шоо метр буюу бэйсболын 11 стадионыг дүүргэх хэмжээний хөрс болон бусад материал Фүкүшимагийн ойролцоох Фүтаба, Окүма хотуудад тусгай байгууламжид хадгалагдаж байгаа гэдэг.
Японы засгийн газар тэдгээр байгууламжуудыг 2045 он гэхэд бүрэн суллах зорилго тавьжээ.
Ингэхдээ зарим эрсдэл багатай материалуудыг зам тавих зэрэг бусад бүтээн байгуулалтын төслүүдэд ашиглах гэнэ.
Гэхдээ хүмүүсийн эргэлзээ арилахгүй байгаа. Өмнө нь засгийн газар зарим цэцэрлэгт хүрээлэнгийн цэцгийн мандалд цэвэршүүлсэн хөрс ашиглах ажлыг эхлүүлсэн ч олон нийтийн эсэргүүцлийн улмаас зогсоож байжээ.
Тус улс 2023 оноос Фүкүшимагийн реакторуудыг хөргөхөд ашигласан усаа аюулгүй түвшинд хүртэл цэвэршсэн гэсэн үндэслэлээр далайд асгаж эхэлсэн юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|