Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Бямбадорж: Аливаад шалтаг тоочихгүй байхыг Японоос суралцсан

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Японд төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгээс санаачлан, Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан "Японд төгсөгчөөс асуух 5 асуулт" цуврал ярилцлагыг iKon.mn сайтаар хүргэж байна.

Энэхүү ярилцлагад Японд төгсөгч үе үеийн төлөөллүүдийг урин оролцуулах бөгөөд Япон орноос, япон хүнээс сурч мэдсэн, Монголын нийгэмд нутагшуулах боломжтой санал санаачилгын талаар таван асуултад багтаан хариулт авахыг зорилоо.

Энэ удаагийн зочноор Хитоцүбаши их сургуулийн төгсөгч Намнансүрэнгийн Бямбадоржийг урилаа.

Тэрбээр 2007 онд Хитоцүбаши Их сургуулийн Хуулийн тэнхимийг төгсөөд Япон улсад санхүү, даатгалын салбарт дөрвөн жил ажиллаад 2011 онд Монголд иржээ.

Эргэн ирээд одоо дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг Японы 5 том худалдааны компанийн нэг болох Мицүбиши Корпорацын төлөөлөгчийн газарт ажилд орж, тухайн үед Япон улсын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон байсан Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын барилгын ажлын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үе шатнаас нь эхлээд уг төсөлд холбогдон ажиллаж, 2020 оноос тус нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх үеийн менежментийн багт орж ажиллан туршлага хуримтлуулсан ба 2022 оноос үргэлжлүүлэн Төлөөлөгчийн газартаа эргэн ажиллаж байна.

Ийнхүү Намнансүрэнгийн Бямбадоржтой дараах таван асуултын хүрээнд ярилцсаныг хүргэе.

- Японд төгсөөд Монголд хөл тавимагцаа бодсон хамгийн анхны бодол юу вэ?

- 2011 оны аравдугаар сарын 4-нд эх орондоо бүр мөсөн буцаж ирсэн. Хоёр жил орчим харьж ирээгүй, дээр нь Япон дахь ажлаа хүлээлцээд сар гаруй амарчихсан үе л дээ. Тиймээс сайхан эрч хүчтэй, ажил олдвол хийчихье гэсэн бодолтой ямар ажил яаж хайх, хэнтэй уулзах билээ гэх мэт олон хөвөрсөн бодлууд байсан. 11 жилийн өнгөрсөн болохоор нарийн санахгүй байна.

Гол нь тухайн үед Японд төгсөгч нарын ихэнх нь үргэлжлүүлээд Японд эсвэл гадаад оронд ажиллаж, сурч буй нь их байсан болов уу. Миний хувьд, ялангуяа Монбушогоор явсан нэг үеийнхэн дундаа гэхэд арай л эрт ирсэндээ орох байх.

Яагаад буцах болсон шалтгаан нь эх орондоо арай илүүг хийж бүтээж, амжилт гаргах боломж байгаа гэж итгэсэн. Мөн түрүүлж буцаж ирсэн сэмпай нараасаа тийм байгааг мэдэж авч, сонссон болохоор буцах шийдвэрийг гаргасан. Япон дахь ажил маань яг нэг төсөл дуусаад ажил жигдэрсэн үе байж таарсан.

- Японд суралцах явцдаа өөртөө суулгасан гол зарчим юу вэ?

- Япон хэлийг маш сайн эзэмшье гэж бодсон. Шалтаг тоочихгүй бүх аргаар хийж, оролцож үзэх гэсэн зарчим юм уу даа.

Хэлний бэлтгэлд нэг жил япон хэл болон ерөнхий суурь хичээлүүдийг зөвхөн япон хэл дээр суралцаад, хэлний төвшин тодорхой хэмжээнд сайжирсан ч их сургуулийн I курсийн эхний улирлын лекц зэргийг гүйцэж тэмдэглэж авах, бүрэн дүүрэн ойлгодог байхад хангалтгүй байсан. Иймд япон хүмүүстэй их харьцаж, найзлах тэдний дунд байх цагийг урт байлгахыг хичээсэн.

Жүдогийн дугуйланд долоо хоногийн зургаан өдөрт хамрагдаж, хичээлээ япон Тутор буюу Оюутан багшаар давхар заалгаж, амралтын үед хост фамили буюу япон гэр бүлтэйгээ хамт аялах зэргээр цагийг өнгөрөөх болсон. Энэ нь ч үр дүнгээ өгсөн.

Ажлын талбарт гараад эхлээд мэдээж сэтгэл зовниж байсан ч хэсэг хугацааны дараа япон ажилтнуудаас дутахгүй, харин ч бүр илүү үр дүнг үзүүлж, шилдэг ажилтан зэрэг шагналын эзэн хэд хэдэн удаа болсон юм. Анхны дарга маань ч ижил төстэй зарчмаар ажилладаг хүн. Баргийн шалтаг шалтгааныг авч хэлэлцдэггүй шахам.

Ханиад хүрч, бие өвдөөд ажилдаа явахгүй, хийхгүй байх тухайд хүртэл тухайн хүний хувийн хариуцлага буюу эрүүл мэнддээ бүрэн анхаарч ажлаа хийх ёстой гэдэг байсан нь энэ зан төлөвшихөд нөлөөлсөн болов уу.

- Японоос Монголд ирээд ажиллахад гарч байсан хамгийн том бэрхшээл юу байсан бэ?

- Монголд ирээд ажилд орсон газар маань Япон компанийн төлөөлөгчийн газар байсан. Ажлын орчин, хамтран ажиллаж буй хүмүүс нь япон, эсвэл японд байсан хүмүүс байсан тул бэрхшээл, хүндрэл гэх зүйл байгаагүй.

Гэхдээ зөвхөн компани дотроо байгаад байх биш монгол компани, гадаад компани, төрийн байгууллага зэрэгтэй харилцаа холбоотой ажиллах зүйл гарахад эхлээд утсаар, и-мэйлээр холбогдоод тэрэндээ хариу авах тухайд их зүдэрдэг байсан санагдаж байна.

Анхны ажлын талбар маань Японд байсан тул мэдээж мэйлийн хариу удаахгүй гэх мэт анхан шатны тодорхой ойлголт суусан байсан.

Монголд албан тушаалын олон түвшинд ийм ойлголтууд суугаагүй байдаг шиг санагддаг. Одоо ч гэсэн энэ байдал анзаарагддаг. Өөрөөс шалтгаалах зүйлээ хийгээд хариу өгч чадахгүй бол тэр тухайгаа хэлчихэд л цаашдын харилцаа холбоогоо сайнаар үргэлжилж, тулгарсан асуудлыг хэн хэн нь мэдээд өөр арга сүвэгчлээд хамтран шийдэл гаргах зэрэг олон боломжууд үүнээс нээгдэх учиртай.

Дэс дараалал гэх үү, хаана нь, хэн нь юуг хийгээд байгаа гэдэг мэдээлэл нь тодорхойгүй байдаг. Бас их тархай бутархай, хоорондын уялдаа холбоогүй.

Миний хариуцсан юм биш бол надад хамаагүй гэдэг хандлага энд тэнд их харагддаг. Сайн зүйл нь ийм хандлага сүүлийн үед багасаж байгаа гэж хардаг. Дээр нь цахимжаад, одоо ийм зүйлтэй тулах нь ч багасаж дээ.  

- Японд төгсөгчид Монголдоо ашиглаж чадахгүй байгаа боломж нь юу вэ?

- Хэцүү асуулт байна. Япон компаниуд Монголд үйл ажиллагаа эрхлэхийг дэмжиж, амжилттай ажиллаасай гэж хүсдэг. Япон хоол хүнс, япон үйлчилгээ стандарт нь Монголд шилжин суурьшиж нутагших учраас.

Монгол маань зах зээлийн хувьд жижиг тул ихэвчлэн Японы жижиг дунд компаниуд сонирхдог. Бүх юм сайхан болохгүй, хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарах нь ойлгомжтой. Тийм үед Монголд “түшиж тулах” хүн хэрэгтэй болно.

Их зөв хүмүүстэй танилцаж, зөв гаргалгаатай үйл ажиллагаа эхлүүлээсэй гэж боддог. Харамсалтай нь зарим нэг компани үүн дээр алдсаны улмаас залилуулах, Монголд дургүй болох гэж мэт зүйлүүд гардаг. Эдгээр компаниуд амжилттай ажилласан бол тэнд зөндөө боломж бий болох байсан. Дахин давтахад япон үйлчилгээ стандарт, ноу хау. Иймд дээрх боломжуудыг алдахгүйн тулд Японд төгсөгчид маань тус болъё, зөвлөөд өгье, бүр хамтарчихъя гэсэн хандлагатай байгаасай гэж хүсэж байна.

- Япон улсаас шууд нутагшуулах боломжтой ямар “ноу-хау”-ыг та санал болгох вэ?

- Японд жүдо бөхийн дугуйланд явдаг байлаа. Бүх бага, дунд, ахлах их дээд сургуулийн түвшинд дугуйлан секцийн үйл ажиллагаа нь олон төрөлтэй бөгөөд ихэнх хүүхэд нь ямар нэг дугуйланд хамрагдаад явдаг. Багш нь зөвлөөд явдаг ч яг үйл ажиллагааг авч явах гүйцэтгэлийн баг болох хүүхдүүд сурагч нар өөрсдөө байдаг.

Юу хийх вэ гэвэл, бүтэн жилийн төлөвлөгөөгөө гаргана, төлөвлөгөөний дагуу төсөв санхүүгээ тооцно, шинэ сурагч оюутан элсүүлэх ажлыг хийнэ, цаашлаад өдөр тутмын бэлтгэлийн цэсээ хүртэл гаргана. Энд тэд маш их юм сураад, мэдээд авдаг санагддаг. Тэд багийн үйл ажиллагааг маш сайн эзэмшсэн байдгийг жүдогийн дугуйландаа явж байхдаа л мэдэрсэн.

Олон ноу хау дундаас эхний ээлжид “Хоо-рэн-соо”-г  санал болгоно. Багаар амжилттай ажиллахын нэлээд үндсэн ноу хау болов уу гэж бодож байна. Нээлттэй эргэж буцах холбоо гэх үү дээ.

Тайлагнаж мэдээлэх, харилцан холбоотой байх, зөвлөлдөх. Үүнийг дан ганц компани доторх дарга цэргийн харьцаагаар хязгаарлахгүйгээр, ижил түвшний ажилтнууд хоорондоо, мөн хамтрагч байгууллага зэрэгтэй харьцахдаа ажлын арга барилдаа нэвтрүүлбэл ажил их урагштай байна гэж боддог.

Эхнээсээ чаддаг төрдөггүй тул бага багаар нэвтрүүлж, туршаад, сайжруулаад явах хэрэгтэй.

ВИДЕО: