Өнөөдрөөс баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, цасаар шуурч эрс сэрүүснэ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн ирэх тав хоногийн буюу тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 3-ний өдөр хүртэлх цаг агаарын төлөвийг хүргэж байна. 

Хур тунадас:

  • Тавдугаар сарын 29-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна,
  • Тавдугаар сарын 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
  • Тавдугаар сарын 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Зургаадугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • Зургаадугаар сарын 02-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • Зургаадугаар сарын 03-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. 

Салхи:

  • Тавдугаар сарын 29,
  • Зургаадугаар сарын 01-нд нутгийн зарим газраар,
  • Зургаадугаар сарын 02-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

  • Тавдугаар сарын 29-нөөс нутгийн хойд хэсгээр эрс сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +8...+13 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус,
  • Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус,
  • бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.

Өчигдөр Улаанбаатар хотод өдрийн 14 цагт +22 градус байснаас хойш температур буурсаар 17:30 цагийн байдлаар +8 градус болж сэрүүссэн байна. Түүнчлэн өнгөрсөн шөнө Хангай, Хөвсгөл уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн хоносон байна. Улаанбаатар хотод Яармаг-Сонгины орчмоор -6 градус хүйтэн хоножээ.