Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхдэдээ хэт сахар агуулсан чихэрлэг бүтээгдэхүүн авч өгөхгүй байхыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн мэргэжилтнүүд зөвлөж байна.
Тэгвэл эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхдийн баярын бэлгийн сонголтод хэрхэн анхаарах зөвлөгөөг хүргэе.
НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан З.Цолмон: Албан байгууллага, Аж Ахуйн Нэгж, эцэг эхчүүд, асран хамгаалагч та бүхэн хүүхдийн баярын бэлэг сонгохдоо хүүхдийнхээ эрүүл мэндийг дэмжсэн, чанартай бэлгийг сонгон хэрэглээрэй.
Хэрвээ амттан бэлэглэх гэж байгаа бол тухайн бэлгийнхээ сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, бэлэгт орсон бүтээгдэхүүн бүрийнхээ шошготой танилцаж, аль болох сахарын агууламж бага, транс тосгүй, олон төрлийн нэмэлт амтлагч ороогүй бэлгийг сонгоорой.
Мөн хүүхдийн бэлэгт хэт чихрийн агууламж өндөртэй шүүс, хийжүүлсэн ундаа өгөхийн оронд 100 хувь жимсний шүүс болон сүү бэлэглэхийг зөвлөе.
НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, Анагаах ухааны доктор Д.Дэлгэрмаа: Баяр ёслолтой холбоотойгоор хийжүүлсэн ундаа, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээ болон шарсан хуурсан бэлэн бүтээгдэхүүн, түргэн хоолны хэрэглээ огцом нэмэгддэг.
Аль болох эрүүл зөв хүнсийг сонгох, мөн хүүхдүүдэд бэлгээ бэлдэхдээ оюун ухаан хөгжүүлэх тоглоом, шатар, ном зэргээр аль болох эрүүл зөв зохистой байдлаар хүүхдийнхээ бэлгийг бэлдэх нь тэднийхээ эрүүл мэндэд оруулж буй чухал хувь нэмэр юм.
Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэт их хэрэглээ нь илчлэг, уураг, амин дэм, эрдэс бодис, хүний биед хэрэгтэй шаардлагатай амин дэмийг авч чадахгүй хий хоосон маш өндөр калори алдахад хүргэдэг.
НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Оюундэлгэр: Эцэг эхчүүд дийлэнхдээ чихэр ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг сонгодог. Энэ нь хүүхдүүдэд олон төрлийн эрсдэл нэмэгдүүлнэ.
Хүүхэд чихэр идсэн үед хоолны дуршил нь маш их буурдаг. Дээрээс нь хүүхдийн дархлаа суларч, өвчин эсэргүүцэх чадвар буурна. Мөн шүдний өвчлөлийг нэмэгдүүлдэг.
Гэр бүлийн бүх гишүүд л хүүхдүүддээ уут дүүрэн чихэрлэг бүтээгдэхүүн өгдөг. Хүүхэд тухайн бэлгийг аваад дуустал идэж санаа нь амардаг. Тэгэхээр бид уутыг дүүргэсэн бэлгээс татгалзах нь хамгийн чухал байна.
Хэрвээ чихэрлэг бүтээгдэхүүн биш бол өөр юу сонгох вэ?
Тухайлбал аарцны ундаа, тараг, сүү, аль болохоор жимсний цэвэр шүүс, нухаш зэрэг бүтээгдэхүүн байна.
Мэдээж зургаадугаар сард чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнтэй бэлэг авахгүй байна гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн зургаадугаар сарын 1-ний өдөр л хүүхдэдээ чихэр идэх боломжийг нь олгоод түүнээс цааш олон өдөр чихэр идэхгүй байхыг хүүхэдтэйгээ тохирох хэрэгтэй байна.
Мөн энэ өдөр их хэмжээний чихэр идсэн бол хүүхдийнхээ шүдийг сайтар угаалгах, амыг нь усаар зайлах гэх мэтчилэн арга хэмжээг сайтар авах хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|