АНУ-ын хоёр дахь том хот Лос-Анжелест одоогийн засаг захиргааны цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал эхлээд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Баасан гарагийн өглөө холбооны цагаачлалын албаныхан 44 хүнийг баривчилсны дараа уг хөдөлгөөн эхэлжээ.
Энэ оны нэгдүгээр сард ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөсөө хойш хууль бус цагаачдыг илрүүлж, албадан гаргах томоохон ажиллагаа эхлүүлсэн юм. Үүнийг эсэргүүцсэн жижиг арга хэмжээнүүд өнгөрсөн хугацаанд Америкийн хотуудад гарч байсан ч энэ удаагийнх шиг ноцтой хэмжээнд хүрч байсангүй.
Бямба гарагт Аламеда дахь цагаачдын саатуулах төвийн гадна эсэргүүцэгчид цугларсныг Лос-Анжелесын цагдаа хүчээр тараахыг оролдсоны дараа ерөнхийлөгч Трамп холбооны засгийн газрын дотоодын цэргийн хүч Үндэсний Гвардын 2,000 цэргийг Лос-Анжелест илгээх шийдвэр гаргажээ.
Энэ нь 1965 оноос хойш АНУ-ын ерөнхийлөгч анх удаагаа мужийн захирагч хүсэлт гаргаагүй байхад Үндэсний Гвардыг дайчилсан тохиолдол болж байна.
Трамп шийдвэрээ Калифорни мужийн эрх баригчид “дэг журам тогтоож чадахгүй байгаа тул” гэж зөвтгөжээ.
Ардчилсан Намаас сонгогдсон Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом холбооны цэргийн хүч илгээх Трампын шийдвэрийг эсэргүүцсэн байна.
“Ерөнхийлөгч Трамп холбооны цэргийн хүчийг Калифорнид байршуулах шийдвэр гаргасан нь эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг. Трампыг оролцох хүртэл бидэнд асуудал байгаагүй. Энэ бол мужийн бие даасан байдалд халдсан ноцтой үйлдэл бөгөөд нөөц хүчийг хэрэгтэй газраас нь татсанаар нөхцөл байдлыг улам хурцатгаж байна” гэж Ньюсом мэдэгджээ.
Тэрбээр Үндэсний Гвардын хүчийг буцааж татахыг хүссэн захидлыг Пентагоны тэргүүн Пит Хэгсэтэд илгээснээ сошиал хуудсандаа нийтэлсэн байна.
Үндэсний Гвард бол АНУ-ын холбооны засгийн газрын цэргийн нөөц хүч бөгөөд голдуу байгалийн гамшгийн үеэр ашиглагддаг.
Харин нийгмийн дэг журам тогтоох ажлыг голдуу мужууд өөрийн эрх мэдлийн хүрээнд гүйцэтгэдэг бөгөөд Үндэсний Гвардыг дайчлах шийдвэрийг мужуудын захирагч нарын хүсэлт дээр үндэслэн гаргадаг байна.
Хамгийн сүүлд 1965 онд АНУ-ын ерөнхийлөгч Линдон Жонсон мужийн захирагчийн хүсэлтэд үндэслэлгүйгээр Алабамад гарсан иргэний эрхийн төлөө жагсаалыг хамгаалуулахаар Үндэсний Гвардын 3,000 цэргийг илгээж байжээ.
АНУ-д нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор Мексик улсын ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум өчигдөр өөрийн цагаач иргэдийг хамгаалсан утгатай мэдэгдэл гаргасан байна.
“АНУ-д амьдардаг мексикчүүд бол сайн сайхан амьдрал хайж, гэр бүлээ тэжээх гэж яваа шударга хүмүүс юм. Тэд гэмт хэрэгтэн биш! Тэд сайн санаат хүмүүс” гэж тэр мэдэгджээ.
Калифорни мужаас сонгогдсон Ардчилсан Намын хоёр сенаторын нэг Адам Шифф ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг “урьд өмнө гарч байгаагүй үйлдэл” гээд Трамп нөхцөл байдлыг улам хурцатгаж, цэргийн дэглэм зарлах шаардлагатай болгож магадгүйг анхааруулсан байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!