Палестинчуудад хүмүүнлэгийн тусламж хүргэхээр Газын зурвасыг чиглэн яваа хөлөг онгоцыг зогсоохын тулд “шаардлагатай бүх арга хэмжээг авах”-аа Израилийн эрх баригчид Ням гарагт анхааруулжээ.
“The Madleen” нэртэй уг дарвуулт хөлөг одоо Газын зурвасын эргээс 300 км орчим зайд ирээд байгаа юм.
Арваад хоногийн өмнө Италийн Сицили арлаас хөдөлсөн хөлөг 12 хүний бүрэлдэхүүнтэй яваа бөгөөд тэдний дунд уур амьсгалын тэмцэгч Грета Тунбэрг болон бусад идэвхтнүүд байгаа.
Израиль улс Газын зурвасыг бүслэн хааж, гаднаас ямар ч зүйл оруулахгүй байснаа сүүлд тусламжийн ачааг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх болсон.
“The Madleen” хөлгийг эзэмшигч “The Freedom Flotilla Coalition” (FFC) хөдөлгөөнийхөн “Израилийн талаас үзүүлж болзошгүй аливаа халдлагад бэлэн” байгаагаа мэдэгджээ.
Израилийн батлан хамгаалахын сайд Израил Кац 2007 оноос хойш хэрэгжиж буй Газын зурвасын бүслэлт нь Хамас байгууллагад гаднаас зэр зэвсэг нийлүүлэхээс сэргийлэх зорилготойг тайлбарласан байна.
“Би Израилийн зэвсэгт хүчинд The Madleen хөлгийг Газын эрэгт хүрэхээс сэргийлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг даалгасан. Антисемит үзэлтэй Грета болон түүний Хамасын суртал нэвтрүүлгийг дамжуулагч нөхдөд тодорхой хэлэхэд: Та нар Газын зурваст хүрч чадахгүй тул буцсан нь дээр. Израил улс бүслэлтийг нэвтлэх, террорист байгууллагад туслах гэсэн аливаа оролдлогыг газар, агаар, усанд таслан зогсоох болно” гэж Кац өчигдөр сошиал хуудсандаа анхааруулан бичжээ.
Үүний хариуд тусламжийн тээврийг зохион байгуулагч FFC хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Израилийн бүслэлтийг хууль бус гэж дүгнээд “Биднийг айлгаж чадахгүй. Дэлхий биднийг харж байна” хэмээн мэдэгджээ.
The Madleen хөлөг цагаан будаа, хүүхдийн сүүн тэжээл зэрэг хүмүүнлэгийн тусламжийн ачаа тээвэрлэж явааг бас баталсан байна. Хөлөг дээр Бразил, Франц, Герман, Нидерланд, Испани, Швед, Турк улсуудын иргэд зорчиж явааг нэмж мэдээлжээ.
Израилийн албаны хүн Йерусалем Пост сонинд ярихдаа “Бид хөлгийг тайван замаар хяналтдаа авч, Израилд авчирсны дараа хилээр албадан гаргах болно” гэсэн байна.
2010 онд Газын зурваст тусламж хүргэхээр явж байсан Туркийн хөлөгт Израилийн тусгай хүчнийхэн довтолж, 10 хүний аминд хүрсэн түүхтэй.
Израилийн эрх баригчид гурван сарын турш Газын зурвасын хуурай замын боомтыг хаасныхаа дараа саяхнаас өөрийн болон АНУ-ын дэмжлэгтэй тусламжийн ачааг бага хэмжээгээр нэвтрүүлэх болсон юм.
Газын зурвасын оршин суугчид өлсгөлөнд нэрвэгдэж эхэлсэн гэж НҮБ-ын хүний эрхийн байгууллага үздэг.
2023 оны аравдугаар сард Хамасын гишүүд Израилийн нутаг дэвсгэрт зэвсэглэн халдсаны дараа Газын зурваст дайн эхлээд бараг 20 сар өнгөрч байна.
Хамасын халдлагын үеэр Израилийн талаас 1,200 орчим хүн алагдаж, 251 хүн барьцаалагдсан гэдэг. Өнгөрсөн хугацаанд Газын зурваст явуулсан Израилийн байлдааны ажиллагааны улмаас 54,880 гаруй хүн алагдсаныг Хамасын эрх баригчид мэдээлж байгаа.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!