Улаанбаатар хотод энэ онд нийт 17 байршилд үерийн хамгаалалтын далан барьж, ус зайлуулах шугам сүлжээ угсрахаар төлөвлөжээ.
Тодруулбал 10-15 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрахаас энэ сарын 2-ноос дараах хоёр байршилд ажил эхэлсэн бөгөөд нийт бүтээн байгуулалтын явц 40 хувьтай үргэлжилж байгаа аж.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог, эрсдэл өндөр 24 байршлыг тогтоон, зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Үүнээс энэ онд 10-15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна.
Энэ хүрээнд сургууль, цэцэрлэг амарсан үед буюу замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх үүднээс зургаадугаар сарын 2-ноос ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ авто замын засвар, шинэчлэлт хийхээр төлөвлөсөн байршлуудад шугам угсралтын ажлыг эхлүүлээд байна. Ийнхүү араас нь зам хучилтын ажил үргэлжлэх боломжтой болж буй.
Борооны ус зайлуулах хоолойг 600-1,000 мм голчтой төмөр бетоноор угсарч байна. Ингэснээр насжилт уртсах юм” гэлээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот нийт 170 км үерийн хамгаалалтын инженерийн байгууламжтай. Сүүлийн жилүүдэд нийт нутгаар жилийн хур тунадасны дундаж хэмжээ ихсэж байгаа тул 2040 он хүртэл 440 км гаруй үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийг үе шаттай барихаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!