Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болоод буй. Энэ талаар Улсын Их Хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос тодрууллаа.
-Ерөнхий сайд төсвийн болон тодорхой бодлогын асуудлаар итгэл хүлээлгэх эсэх асуудлыг оруулна гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл өчигдөр Засгийн газраас. УИХ-д хүргүүлсэн албан бичиг Үндсэн хуулийн заалттай нийцэхгүй байна. Үүнээс болж Үндсэн хуулийн зөрчил үүсгэхээр байна гэж зарим гишүүн ярьсан?
-2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр буюу өчигдөр Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ-д оруулсан.
Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхий сайд төсвийн болон тодорхой бусад бодлогын асуудлаар өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг УИХ‑д оруулбал УИХ түүнийг гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж дуусна” гэсэн байдаг.
Тэгэхээр өчигдрөөс хойш гурав хоногийн дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж эхэлнэ.
-Ерөнхий сайдын УИХ-д оруулсан албан бичиг Үндсэн хуульд заасан шаардлагын хангахгүй байна гэж зарим гишүүн ярьж байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Ерөнхий сайд УИХ-ын тогтоолын төслийг оруулсан. Тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд итгэл үзүүлнэ үү гэсэн байгаа.
Үндсэн хуульд төсвийн асуудлаар эсвэл тодорхой бодлогын асуудлаар гэж заасан.
Тэгэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төслүүд бодлогын асуудал мөн.
-Засгийн газрын бодлогын хэмжээний төсөл, хөтөлбөрүүд гацаанд орсон үед итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-д оруулдаг гэж ойлгогдож байгаа. Гэтэл УИХ дээрх төслүүдийг гацаагаагүй, дэмжиж байгаа. Тэгэхээр итгэл хүлээлгэх асуудлыг УИХ руу оруулах шаардлагагүй гэж харж байна?
-Би төрийн захиргааны албан хаагч. Намын дотоод асуудал, улс төрийн асуудал тусдаа. Одоо бол УИХ-ын процесс явж эхэлж байна. УИХ дээр гацсан, үл ойлгогдсон зүйл огтхон ч байхгүй. Бүх зүйл Үндсэн хуульд заасны дагуу явж байгаа.
-Тогтоолд дурдсан ажлуудыг УИХ гацаасан зүйл байгаа юу?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт маш олон төсөл хөтөлбөр багтдаг. Үүнийг зөвхөн 14 мега төсөл, эрчим хүчний реформоор хязгаарлаж болохгүй.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ баталчихсан.
Ирэх долоо хоногт хэлэлцээд эхлэхээр бүх зүйл тодорхой болох байх.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
|