• 6 сарын 9, Даваа

Трампын засаг захиргаанаас гарч байгаагаа Илон Маск зарлалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанд төсвийн хэмнэлт хариуцсан албан тушаал хашиж байсан технологийн тэрбумтан Илон Маск уг ажил үүргээсээ татгалзаж байгааг дөнгөж сая зарлажээ.

“Төрийн Тусгай Албан хаагчаар ажиллах хугацаа маань дуусаж байгаа тул би төсвийн үргүй зардлыг бууруулах боломж олгосон ерөнхийлөгч Трампад талархлаа илэрхийлье. DOGE-ийн эрхэм зорилго нь засгийн газрын бүхий л амьдралын хэв маяг болох тусмаа улам хүчирхэгжих юм” гэж тэр хэдхэн цагийн өмнө сошиал хуудсандаа бичсэн байна.

DOGE (Department of Government Efficiency) нь түүний удирдаж байсан засгийн газрын агентлагийн нэр юм.

Энэ оны нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орохдоо Маск засгийн газрын төсвөөс хамгийн багадаа $1 их наядыг хэмнэх зорилт тавьж байв.

Гэвч одоогоор DOGE-ийн вэб сайтад $175 тэрбум орчмыг хэмнэсэн тухай мэдээлсэн байна.

Маскийн хамрагдаж байсан Төрийн Тусгай Албан Хаагчийн статус нь 130 хоногийн хугацаатай байдаг. Түүнийг явсан ч DOGE-ийн ажил үргэлжлэхийг Цагаан ордон баталсан юм.

Өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуулиар Трампын кампанит ажилд Маск нийтдээ бараг $300 саяыг зарцуулсан гэдэг.

Энэ нь Трамп болон Маскийн харилцааг ер бусын ойр дотно болгосон юм.

Гэвч сүүлийн үед тэдний харилцаа хөндийрсөн нь ил тод харагдах болсон.

Ням гарагт Маск телевизээр ярихдаа сүүлд Трампын санаачилсан “Big, Beautiful Bill” хэмээн нэрлэгдэж буй татварыг бууруулж, хэд хэдэн том төсөл санхүүжүүлэх хуулийн төслийг шүүмжилсэн юм.

Уг хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт Конгрессын төлөөлөгчдийн танхимын дэмжлэгийг авч, одоо Сенатаар хэлэлцэгдэх гэж байгаа.

“Үнэнийг хэлэхэд төсвийн алдагдлыг улам нэмэгдүүлээд зогсохгүй DOGE-ийн багийн ажлыг сулруулах хэмжээний их зардалтай хуулийн төсөлд би сэтгэл дундуур байна” гэж Маск хэлжээ.

Хэрвээ хуулийн төсөл одоогийн хэлбэрээрээ батлагдвал АНУ-ын төсвийн алдагдлыг 2034 он гэхэд $3.9 их наядаар өсгөх тооцоотой байгаа юм. Энэ нь DOGE-ийн хүчин чармайлт талаар болно гэсэн үг.

“Миний бодлоор хуулийн төсөл нэг бол “Big”, эсвэл “Beatiful” байж болно. Гэхдээ аль аль нь байх боломжтой эсэхийг би мэдэхгүй юм. Энэ бол миний хувийн бодол” гэж Маск ярьсан байна.

Маскийн шүүмжийн талаар сүүлд сэтгүүлчид Трампаас асуухад хуулийн төслийг сайжруулах ажил үргэлжилж байгааг хэлжээ.

Ингэхдээ тэр Маскийг шууд шүүмжлэхээс зайлсхийсэн байна.

Трампын засаг захиргаанд ажилласныхаа төлөө Маскийн нэр хүнд, бизнесийн үзүүлэлтүүд нэлээд унасан юм.

Дөрөвдүгээр сард Вашингтон Пост, ABC News хэвлэлүүдийн хамтран явуулсан санал асуулгаар олон нийтийн дөнгөж 35 хувь нь Трампын засаг захиргаанд Маскийн гүйцэтгэсэн үүргийг эергээр үнэлсэн байв.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАХА
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа