Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ оюутны визийн ярилцлагаа түр зогсоох чиглэлийг өөрийн элчин сайдын яамдад өгчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өөрийн элчин сайдын яамдад оюутны визийн ярилцлагаа түр зогсоох даалгавар өгснийг дипломат эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

Энэ нь гадаад оюутнууд антисемитизм (жүүдийн эсрэг үзэл) зэрэг бусад үндэсний аюулгүй байдалд хор хүргэх үзэл суртлыг АНУ-д дэлгэрүүлж байна гэж үзсэний үндсэн дээр авч буй арга хэмжээ бололтой.

Энэ шийдвэр нь бас АНУ-ын засаг захиргаа сошиал медиа хэрэглээг нь илүү гүнзгий шалгасны үндсэн дээр гадаад оюутнуудад виз олгох эсэхээ шийддэг болохоор бэлдэж байгаатай холбоотой гэнэ.

Өчигдөр АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс сэтгүүлчидтэй уулзахдаа визийн ярилцлагыг түр зогсоох чиглэл өгсөн нь үнэн эсэхийг батлахаас татгалзжээ.

Гэхдээ “Бид тус улсад хэн ирж байгааг шалгах үйл явцыг маш нухацтай авч үзэж байгаа бөгөөд үүнийгээ цааш үргэлжлүүлэх болно” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Сенатын гадаад харилцааны байнгын хорооны хуралдааны үеэр Марко Рубио “виз бол эрх биш, энэ бол зөвшөөрөл юм” гээд “энд зочноор ирээд манай дээд боловсролын системийг хордуулж буй хүмүүсийн визийг цуцалсаар байх болно” хэмээн анхааруулж байв.

Өнгөрсөн долоо хоногт бас Трампын засаг захиргаа Харвардын их сургуулийн гадаад оюутан элсүүлэх зөвшөөрлийг ийм үндэслэлээр цуцалсан юм.

2023-2024 оны хичээлийн жилд АНУ-ын их сургуулиудад нэг сая гаруй гадаад оюутан суралцаж байжээ. Тэдгээрийн 270,000 гаруй нь Хятадаас ирсэн оюутнууд байсныг Олон Улсын Боловсролын Хүрээлэнгийн тоо баримт харуулж байна.

 

Эх сурвалж: Reuters