Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.05.27/-ийн хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хэлэлцлээ.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдсанаас хойших нэг жилийн хугацаанд дараах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал,
Монгол Улсын хэмжээнд “Эрт илрүүлэг 1.0” урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс 2025 оны тавдугаар сарын 22-ны өдрийн байдлаар 1.6 сая гаруй хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 49.5 хувийг эзэлж байна. Эрт илрүүлгийн дүнгээр 1.4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн сурагчдад зүрх, нүд, шүдний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг нийслэл Улаанбаатар хотноо 2024 оны аравдугаар сараас, орон нутгийн илрүүлгийн 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан А/413, А/151 дүгээр тушаалын дагуу хэрэгжүүлж, ЕБС-ийн 6 настны эрт илрүүлгийн үзлэгт нийслэлийн 40,753 хүүхдийн 90 хувь нь хамрагдсан байна. Илрүүлгийн дүнгээр зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт 21.3 хувь, шүдний цоорол 79.3 хувь, харааны өөрчлөлт 20.4 хувьд тус тус илэрсэн бөгөөд дараагийн шатны оношилгоо, эмчилгээний явц 16-71 хувьтай байна. Орон нутгийн хэмжээнд 38,728 хүүхдийн 84 хувь нь хамрагдсан бөгөөд 71 хувьд шүдний цоорол илэрч, 61.3 хувь нь эмчлүүлсэн. Харааны илрүүлэгт 55.5 хувь хамрагдсанаас харааны өөрчлөлт 15 хувьд тус тус илэрсэн байна.
Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж, эрүүл амьдрах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэн тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэх зорилгоор “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээ, арга хэмжээг хэрэгжүүлэх 2025-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/53, А/37 дугаар тушаалаар батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм байгааг хэллээ. Гишүүд нийгмийн эрүүл мэндийн чиглэлд сургуулиудыг сэтгэл зүйчээр хангах, хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах, ирт илрүүлгийг илүү үр дүнтэй байдлаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!