“Bloomberg TV Mongolia” дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээлийн хамгийн үнэ цэнтэй мэдээллүүдийг хүргэдэг анхдагчийн байр сууриа бататгаж, арилжааны бодит цагийн мэдээлэлд төвлөрсөн шинэ мэдээллийн хөтөлбөрүүдээ V сарын 28-ны өдрөөс цацах гэж байна.
Ажлын өдрүүдийн 11.00-11.30 цагт танд хүрэх “Нээлтийн арилжаа” мэдээллийн хөтөлбөр нь Токио, Хонконг, Шанхай, Сингапур болон Улаанбаатарт биржийн арилжааг донсолгож буй хэлцлүүд, зах зээлд нөлөөлж буй гол үйл явдал, бодлого шийдвэрүүд, хөрөнгө оруулагчдын байр суурь, урт хугацааны дүн шинжилгээгээр таны хөрөнгө оруулалтын шийдвэрийг чиглүүлнэ.
Мөн 15.00-16.00 цагт “Хаалтын арилжаа” мэдээллийн хөтөлбөрөөр Ази болон Монголын хөрөнгийн зах зээлийн онцлох хэлцлүүд, Америк, Европын зах зээлийг сонирхогч хэн бүхний анхаарлыг татах эдийн засаг, санхүүгийн гол мэдээллийг хүргэнэ.
“Bloomberg TV Mongolia” нь Монгол Улсын эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн үе болох 2012 онд байгуулагдсан цагаасаа хойш эдийн засгийн бүхий л салбар, санхүүгийн зах зээлийн түүхийг бичилцэх дата мэдээллүүдээр үзэгчдийг цэнэглэж ирсэн билээ.
Тухайн үед хөрөнгийн зах зээлд жилд дунджаар 145 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж байсан бол өдгөө хувьцааны арилжааны дүн 2.2 дахин нэмэгдэж, Уул уурхайн бирж, Хөрөнгө оруулалтын сан, бонд, Биржийн бус зах зээлээр хүрээгээ тэлж, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд нэмэгдэж байна. Энэ ч утгаараа үзэгчдэдээ хүргэх бидний мэдээллийн цар хүрээ улам өргөжин тэлж, бизнес эрхлэгч, бодлого тодорхойлогчдод хамгийн найдвартай мэдээллийн эх сурвалж байх болно гэдгээ дахин дуулгахад таатай байна.