Английн Ливерпүүл хотын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид багийнхаа 20 дахь лигийн цомын баяраа тэмдэглэж, жагсаал зохион байгуулж байх үеэр нэгэн этгээд цугласан хүмүүсийг авто машинаар дайрсан хэрэг гарчээ.
Хотын цагдаагийн албанаас гаргасан мэдээллээр бол хэргийн улмаас 50 гаруй хүн бэртэл авснаас 27 нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэднээс хоёрынх нь биеийн байдал хүнд байгааг албаныхан баталжээ.
Уг хэрэгт холбогдуулан 53 настай Ливерпүүл хотын иргэн, англи эрийг саатуулснаа хууль хяналтынхан мэдэгдэв.
Эмнэлэгт хүргэгдсэн 27 хүнээс 4 нь насанд хүрээгүй хүүхэд байжээ. Тэдний нэгнийх нь биеийн байдал сайнгүй байна.
Болсон үйл явдлыг тус улсын ерөнхий сайд Кэйр Стармер "аймшигтай" гэж тодорхойлжээ. Албаныхан уг хэргийг терроризмтой холбоогүй гэж үзэж байгаа аж. Тэд терроризмтой холбоотой гэх цуурхал эрчээ авахаас өмнө шуурхай ажиллагаа явуулж, богино хугацаанд хэрэгтний мэдээллийг олон нийтэд ил болгосон байна.
Автомашиныг зогсоход уурссан хөгжөөн дэмжигчид цонхыг нь хагалж эхэлсэн тул цагдаагийнхан арга хэмжээ авч, жолоочид халдахаас сэргийлсэн байна.
Хэрэг гарсан өдөр Англид Хаврын баяр буюу тавдугаар сарын сүүлийн Даваа гараг тохиож байсан тул ихэнх иргэд амралтаа авсан байжээ. Тиймээс аваргын цомын баярын жагсаалд хэдэн мянган хүн оролцсон юм. Нүдээр үзсэн нэгэн гэрчийн мэдээлснээр "Ливерпүүл" багийнхан автобустай өнгөрснөөс 10-аад минутын дараа уг хэрэг болжээ.
Английн хөлбөмбөгийн Премьер лигийн улирал өнгөрсөн Ням гарагт өндөрлөсөн. "Улаанууд" 84 оноогоор 20 дахь лигийн цомоо өргөсөн юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|