• 6 сарын 14, Бямба

Мексикийн амьтны хүрээлэн 700 амьтныг картелын аюулаас аврахын тулд нүүлгэн шилжүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Саяхан Мексикийн хамгийн аюултай мужид оршдог амьтны хүрээлэн “21 дүгээр зууны Ноагийн хөлөг” хэмээх томоохон ажиллагааг зохион байгуулжээ.

Заан, матар, арслан, бар зэрэг ховор сонин 700 орчим амьтныг Синалоа мужийн төв Кулиакан хотын ойролцоо оршдог Осток хүрээлэнгээс Номхон далайн эргийн шинэ газарт нүүлгэн шилжүүлсэн нь хар тамхины картелын аюул заналаас зугтаалгах зорилготой байсан байна.

Хүрээлэнгийн захирал Эрнесто Зазуэта “Би болон манай ажилчдад аюул нүүрлэх болсон тул бид нүүж байна. Амьтдыг тээвэрлэсэн цувааг 21 дүгээр зууны Ноагийн хөлөг гэж хэлж болохоор байлаа. Гэхдээ энэ удаа амьтдыг усан галаваас биш, айдас, түгшүүрээс зугтаалгалаа” гэж тайлбарлажээ.

Сүүлийн саруудад хүрээлэнгийн захиргаанд сүрдүүлэг байнга ирэх болж, зарим автомашин, тоног төхөөрөмжөө хулгайд алдсан байна.

Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Синаолагийн картелын фракц хоорондын цуст тулааны гол төв Кулиакан хот болсон юм. Энэ хугацаанд 1,200 гаруй хүн алагдаж, 1,400 орчим хүн сураггүй алга болжээ.

АНУ-ын засаг захиргаа оны эхээр Мексикийн хар тамхины зургаан том бүлгийг “террорист байгууллага” ангилалд оруулсны нэг нь Синалоагийн картел байв.

Картелын дайны улмаас замууд хаагдаж, зорчих боломж хязгаарлагдаж, амьтдыг хоол тэжээлээр хангахад хэцүү болсон нь нүүх бас нэг шалтаг болжээ.

Хүрээлэнгийн амьтдыг тэжээхэд гурван хоног тутамд нэг тонн орчим үхрийн болон тахианы мах шаардагддаг байна.

зураг
 

220 км орчим зайд оршдог газарт нүүлгэхийн тулд арслан, барс зэрэг зарим аюултай амьтдыг унтуулжээ.

Заануудыг тээвэрлэхэд хоёр том чингэлэг, өргөгч зэргийг ашигласан байна.

Синалоа мужийн Номхон далайн эргийн жижиг хот Мазатланы ойролцоох нутгийн бизнесмэний эзэмшдэг Биопарк Эль Энканто хэмээх нэртэй газар амьтдын шинэ гэр болж байгаа гэнэ.

Энэхүү нүүлгэлт нь Синалоагийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгааг харуулсан үйл явдал болж байна.

“Кулиаканд амьтад байх боломжгүй болж байхад өөр хэн амьдарч чадах юм бэ?” гэж Зазуэта энэ талаар харамсан ярьжээ.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа