Мягмар гарагт Оросын телевизээр дамжуулсан хурлын үеэр тус улсын ерөнхийлөгч Владимир Путин улс орон нь төмсний хомсдолд орсныг хүлээн зөвшөөрчээ.
“Өчигдөр (Даваа гарагт) би бизнесийн салбар салбарын төлөөлөгчидтэй, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарынхантай уулзлаа. Эндээс манай улс төмсний хомсдолд орсныг мэдсэн” гэж тэр ярьсан юм.
Путин цааш нь ярихдаа “Би дараа нь Александр Григориевич Лукашенкотой (Беларусийн ерөнхийлөгч) ярилаа. Тэр надад ‘Бид Орост бүх төмсөө зарчихсан’ гэж хэлсэн” гэжээ.
Энэ сарын эхээр Лукашенко бас Беларусь улс төмсний гүн хомсдолд орсныг зарлаж байсан юм.
Сүүлийн үед Оросын зах зээлд үнэ нь хамгийн хурдтай өсөж буй хүнсний бүтээгдэхүүн төмс болоод байгаа. Росстат байгууллагын мэдээлснээр өнгөрсөн оны турш төмсний жижиглэн худалдааны үнэ 92 хувиар өссөн байна.
2025 оны тавдугаар сард төмсний үнэ жилийн өмнөх мөн үеэс 166.5 хувиар өссөн байжээ.
Энэ нь 2002 оноос хойш хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийн мэдээлэл хөтөлж эхэлсэн Росстат байгууллагын түүхэнд нэг жилийн дотор хамгийн өндөр хурдтай өссөн үзүүлэлт болсон байна.
Үүнээс гадна өнөөдөр дэлхийн хамгийн өндөр үнэтэй төмс хэрэглэдэг улс Орос болжээ.
AB-Center хөдөө аж ахуйн судалгааны компанийн мэдээлснээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэл хугацаанд төмсний килограмм тутмын үнэ 11.4 рублиэс 42.4 рубль ($0.53) болж, 285.5 хувиар өссөн байна.
Харьцуулбал төмсний дэлхийн дундаж үнэ одоо 17 евро цент (15.5 рубль) байгаа ажээ.
2024 онд тохиосон ер бусын хүйтрэлт, удаан үргэлжилсэн ган гачиг төмсний ургацад нөлөөлсөн байна. Өнгөрсөн онд Орос улс 7.3 сая тонн төмс хураасан нь өмнөх оноосоо 1.2 сая тонноор буурчээ.
ОХУ-ын хөдөө аж ахуйн сайд Оксана Лут улсынх нь дотоодын төмсний жилийн хэрэгцээг 8 сая тонн орчим гэж тодорхойлсон байдаг.
Тус улсын эрх баригчид энэ оны нэгдүгээр сараас эхлэн “найрсаг харилцаатай” орнуудаас импортлох төмсний татварыг чөлөөлсөн юм.
Төрийн Думын дэд дарга Борис Чернышев төмсний жижиглэн худалдааны үнийг төрөөс зохицуулахыг уриалжээ.
“Төмсийг заримдаа хоёр дахь талх гэж нэрлэдэг. Нийгмийн ач холбогдолтой ийм бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзэл олон сая өрхийн төсөвт хүндээр тусаж байна” гэж тэр эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетниковт хаягласан захидалдаа бичсэн байна.
Зарим орон нутгийн удирдлага төмсний хомсдолыг шийдвэрлэх зорилготой арга хэмжээг тус тусдаа авч эхэлжээ. Тухайлбал өчигдөр Калининград мужийн захирагч Алексей Безпрозванных тус бүс нутгаас төмс экспортлохыг хориглосон байна.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!