Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

UBX Платформ үнэт цаасны арилжааны уртасгасан цагийг санал болгон, компаниудад бүртгэлийн өргөн боломжийг бий болгож буйгаа зарлалаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

2021-10-13, Улаанбаатар хот, Монголын Үнэт Цаасны Бирж ХК (цаашид “Бирж” гэх) нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021 оны 225, 226 дугаар тогтоолоор тус тус баталсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д нийцүүлэн “Бүртгэлийн журам” болон “Арилжааны журам”-аа тус тус шинэчилж, Санхүүгийн Зохицуулах Хороогоор батламжлууллаа. Түүнчлэн, Бирж нь шимтгэл, хураамжийн төрлөө илүү боловсронгуй болгох, уян хатан нөхцөлийг бүрдүүлэх үүднээс “Шимтгэл, хураамжийн журам” -ыг шинээр боловсруулж, батламжлуулжээ.

Бирж нь олон улсын жишигт нийцсэн хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчид болон үнэт цаас гаргагчийн эрх, ашгийг хамгаалах үндсэн зорилтуудтайгаар үйл ажиллагаагаа ил тод, шударга, шуурхай явуулсаар ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд олон улсад түгээмэл хэрэглэдэг бүртгэлийн аргуудыг шинэчилсэн журамдаа тусгажээ. Тус журмаар бүртгэлийн шалгуур, талбарын ангиллыг илүү тодорхой болгосноос гадна Хорооны холбогдох журмын өөрчлөлтийн дагуу зарим үнэт цаасыг хялбаршуулсан хэлбэрээр бүртгэх боломжийг бүрдүүлсэн байна. Биржийн шаардлагад нийцсэн байгууллагуудыг үндсэн талбарт бүртгэж, харин цаашид өсөх боломжтой компаниудыг тодорхой нөхцөлтэйгөөр хөгжлийн талбартаа бүртгэх бөгөөд “Хөгжлийн талбар”-ыг Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа танилцуулж буйгаараа тус журам онцлог болжээ. Үр дүнд нь томоохон аж ахуйн нэгжүүдээс эхлэн жижиг дунд бизнес эрхлэгчид ч хөрөнгийн зах зээлээс өндөр хөгжсөн орнуудын жишгээр олон нийтээс хөрөнгө оруулалт татаж, нээлттэй хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах өргөн боломж бүрдсэн байна.

Түүнчлэн, тэд Монголд анх удаа хамгийн уртасгасан цагаар буюу 09:00 - 16:00 цагийн хооронд хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн арилжих боломжийг нээж буйгаа зарлалаа. Ингэснээр хөрөнгийн зах зээлд оролцогчид хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сан зэрэг санхүүгийн хэрэгслийг ажлын өдрийн турш арилжиж болохоос гадна Биржийн шинээр санал болгож буй үнэт цаас зээлэн арилжих (шорт селл), маржин арилжаа хийх боломжтой болжээ. Харин шинээр баталсан шимтгэл, хураамжийн журам нь хөрөнгийн зах зээлд оролцогч бүхий л талуудад таатай, уян хатан нөхцлийг бий болгож буйгаараа давуу талтай аж.

Дээрх журмууд батлагдсанаар илүү олон аж ахуй нэгжүүд Монголын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах, Монгол улсын ногоон таксономид заасан үйл ажиллагааг эрхлэгчдийн ногоон бондыг хөнгөлөлттэй нөхцөлөөр бүртгэх, хөрөнгө оруулагчид олон улсын жишгээр арилжаанд оролцох зэрэг нөхцөлүүд бүрдэж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгана гэдэгт итгэлтэй буйгаа Биржийн зүгээс илэрхийллээ. 

Монголын Үнэт Цаасны Бирж ХК нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд тус ондоо “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2017 онд анхны бүртгэлтэй компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгосноор Бирж дээр хувьцааны арилжаа явагдаж эхэлсэн бөгөөд 2018 - 2021 онуудад компанийн бондын арилжаа амжилттай явагдсан. 2021 оны байдлаар Бирж нийт 19 гишүүн үнэт цаасны компани, 5 тооцооны гишүүн, 2 зах зээл үүсгэгчтэй үйл ажиллагаа явуулж байна. UBX платформ нь Монголын Үнэт Цаасны Биржийн 2021 оны 9 сард танилцуулсан арилжаа, тооцооны нэгдсэн, мэргэжлийн оролцогчдод нээлттэй платформ юм. Одоогоор UBX платформ нь Ард секюритик ҮЦК (Ард Апп)-тай амжилттай холболт хийсэн бөгөөд цаашид үнэт цаасны компаниудыг харилцагчиддаа хөрөнгийн зах зээлийн хөгжлийн боломжуудыг нээж өгөх үүднээс өөрсдийн арилжааны системээ холбохыг урьж байна.

Арилжааны журмыг энд, Бүртгэлийн журмыг энд, Шимтгэл, хураамжийн журмыг энд дарж тус тус үзнэ үү.

Монголын Үнэт Цаасны Бирж ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

“Монголын Үнэт Цаасны Бирж” ХХК
Холбоо барих утас :  (+976) 7000-0501
Имэйл хаяг: info@ubx.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.