Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Гэндэнцэвээн: Иргэд, ААН-үүд гаалийн мэдүүлэг, бүрдүүлэлтийг цахимаар хийдэг боллоо

Г.Номин, iKon.mn
2021 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Гаалийн цахим үйлчилгээний www.gaali.mn систем ашиглалтад орж буйг ГЕГ-аас танилцууллаа.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн (RIBS) төсөл, гаалийн автоматжуулсан мэдээллийн “КАИС, СЭПС” системийн өргөтгөл болон сервер тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлын хүрээнд тус системийг нэвтрүүлж байгаа аж.

www.gaali.mn систем нэвтэрснээр гаалийн байгууллагаас үзүүлж буй гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо, лавлагаа, тодорхойлолт, гадаад худалдааны барааны статистик мэдээлэл, барааны ангилал, тарифын мэдээлэл болон тусгай зөвшөөрөл зэрэг нийт 30 гаруй үйлчилгээг иргэн, ААН-үүдэд цахимаар авах боломжийг бүрдүүлжээ.

Энэхүү гаалийн мэдээллийн автоматжуулсан системийн шинэчлэл нь Монгол Улс ДХБ-н худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, Гадаад худалдааны цахим нэг цонхыг бий болгох ажлын бэлтгэл болж байгаа аж. Энэ талаар ГЕГ-ын дэд дарга Ц.Гэндэнцэвээн "Гаалийн шинэчлэлийн үйл ажиллагааны хүрээнд хилийн боомтуудыг шинэчлэн өргөтгөх ажил явагдаж байна. Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Боршоо гээд бүх боомтын шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа бөгөөд зарим шинэ боомт ирэх жилээс ашиглалтад орно. 

Хяналт шалгалтын тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажил нэлээд эрчимтэй явагдаж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Гаалийн төв лабораторийн салбаруудыг барьж ашиглалтад оруулах ажил үргэлжилсээр байна. 

Өнөөдөр та бүхэнд танилцуулснаар нээлтээ хийж буй www.gaali.mn систем 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл туршилтын журмаар ажиллаад жигдрэх байх гэсэн төсөөлөлтэй байгаа. Уг систем дотроо зургаан бүрэлдэхүүн хэсэгтэй. Хувь хүн, хуулийн этгээд аль ч байсан цахимаар гаалийн мэдүүлэг, бүрдүүлэлт хийх бүрэн боломжтой болж байна. Түүнчлэн төлбөр тооцоо, татварын буцаан олголт, лавлагаа тодорхойлолт, зөрчлийн мэдээлэл, хүсэлтийг цахимаар гаргах, шийдвэрлүүлэх боломж бүрдлээ. 

 

Гаалийн цахим үйлчилгээний www.gaali.mn систем рүү өөрийн нэр дээрх гар утасны дугаар, тоон гарын үсэг, интернет банкны эрхээр нэвтэрч болно" гэдгийг танилцууллаа.