Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

МИНИЙ ТҮҮХ-10: Миний гэрэлт шувуухайнууд

ikon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

- Тэмдэглэл -

Хөдөөгийн буйдхан тосгоны охин Д.Өнөрболор юуг даван туулж өнөөгийн “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч, “Бидний цөөхөн монголчууд” үндэсний төслийн зохицуулагч, оюутан залуусын “Болор-ирээдүй” хөгжлийн санг үндэслэн байгуулагч болсон түүхийг цувралаар хүргэж байна.


Манай анги гадаад хэлний сонгоны анги байсан учраас тавхан хөвгүүнтэй, 22 охинтой. Тэр үед багш нь хүүхдүүдээ сайн ойлгодог, охид хөвгүүдээрээ хуваагддаггүй ангийг “коллективтай” гэж хэлдэг байлаа. Манайх тийм л анги байсан. Тавхан банди маань цөөдөхгүй, охид биднийхээ хамгаалагч, дотны найз болж чадна. Манай ангийн охид бол ер нь сурлага сайтай,  гал цогтой гэж жигтэйхэн, хөөрхөн ч гэж янзын, ганган дэгжинээрээ 13 дугаар сургуульдаа л алдартай анги байв.

Хөдөөгөөс ирсэн, хичээлээс өөр юм боддоггүй надад маш сонирхолтой, хөгжилтэй хүүхдүүдтэй ангид шилжин ирж найзлан нөхөрлөсөн нь завшаантай явдал болсон билээ. Тэднийхээ дунд байхад миний сэтгэл хөөрч догдолно. Би тэднээрээ дамжуулан Улаанбаатарын хүмүүсийн тухай ойлголт, хотын соёл, хэв маягтай танилцсан юм. Манай ангийнхны нээлттэй харилцаа надад шууд л таалагдсан. Бид гитар дарж, дуулна. Ангидаа диско хийнэ. Тойрч суугаад ирээдүйгээ мөрөөдөн ярилцана. Элгээ хөштөл инээлдэнэ. Анхны хайр, үерхлийн тухай сэмхэн шивнэлдэнэ... Их сургуульд орох зорилготой хөдөөгөөс хотод ирсэн миний амьдралыг гэрэлтүүлж, хичээл хичээл хичээл гэсэн уйтгартай өдрүүдийг минь хөгжилтэй, инээд баясалтай болголцсон шувуухайнууд бол манай ангийнхан. 

Манжин хураах ажилд олон хоногоор гэрээсээ хол явж, нэг өрөөнд охид хөвгүүдгүй авдар сав, хөнжил пүүгээтэйгээ амьдарсан ахлах ангийн намар, хичээлээс гадуур зохиогддог урлагийн үзлэг, үдэшлэг зэрэг үйл явдлууд намайг шинэ ангийнхаа салшгүй нэг хэсэг болоход нөлөөлж байсан. Би ангийнхаа нэрийг сургуульд сайнаар дуурсгахын тулд өөрөө бас их хичээнгүй оролцож, хөтлөгч, дуучин, бүжигчин болж аль чаддагаараа л мэрийж байж.  

Хөвгүүдээс билэг танхай Г.Ням-Очир маань шинжлэх ухаанч, соён гэгээрүүлэгч болсноор би бахархдаг. Царайлаг Э.Баясал маань Япон, Монголын хооронд бизнес эрхэлж, угийн дэгжин Д.Ариунболд хувцас загвартай холбоотой дурласан ажлаа хийж, англи хэлэнд шамдан суралцсан Д.Бахаджан Америкт ажиллаж амьдран, хорооллын хамгийн гоё залуу Золжаргал маань эрдэмтэн бүсгүйн халамжит хань болсон доо. Охид маань бүгд өөр өөрийн гэсэн хэв маягтай, өвөрмөц ертөнцүүд байлаа. Одоо уулзахад ч яг л тэр охид янзаараа харагддаг. “Чамайг юу ч өөрчлөөгүй, яг л хэвээрээ” гэдэг дууны мөртөд өгүүлсэн шиг л.

Манай ангийнхан, ер нь 70-аад оныхны залуу нас системийн өөрчлөлтийн эхний жилүүдийн хөлгүй шуурган дунд өнгөрсөн. Эргээд бодоход бид огт таньж мэдэхгүй хөлгүй далайд шидэгдэж байсан юм билээ. Шилжилт, хямралыг хүүхдүүд хэнд ямар хүмүүжил, ёс суртахуун байсан түүгээрээ л даван туулж өнөөгийн төлөвшилд хүрсэн байдаг. Эргээд уулзахад манай ангийнхан хүүхэд зан, хүн чанараа гээгээгүй, 1992 онд ямархан зүрх сэтгэлтэй өөр өөрийн амьдралын замыг олохоор салсан тэр л чигээрээ л байдаг. Энэ их гоё мэдрэмж. Хонгорхон насны гэрч болсон найзууд минь хувирсан байхыг харвал гунигтай шүү дээ. 

Оюунсүрэн багш, Анхмаа, Мөнхжаргал, Оргилмаа, хоёр Болороо, хоёр Энхцэцэг, хоёр Хулан, Энхээ, Нараа, Булгаа, Тогосоо, Дээгий, Заяа, Оюунаа, Эрка, Бадмаа, Нэртэй, Отгоо... Бүгдэд нь баярлалаа. Миний өнөөдрийг бүтээлцсэн гэрэлт шувуухайнууд минь.

Монгол бичиг

1990-ээд оны эхээр дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагаа доголдож, Улаанбаатар хот хүндхэн өвөлждөг байсан юм. Миний амьдарч байсан гуравдугаар хороолол бараг хөлдөж байв. Эмээгийн хийж өгсөн ногоон торгон өмдөө өмсөөд, ягаан хөвөнтэй дээлээ нөмрөөд суухад л амнаас уур савсаж, цан хүүрэг татдагсан. Хөнжилдөө шурган дулаацаж болох ч насан өндөр гарсан өвөө эмээгээ орхиод, өтөлж яваа аавынхаа хамаг итгэл үнэмшлийг нь аваад хол газар сурахаар ирсэн надад зорилгоосоо ухрах, биеийн амрыг харах хүсэл сонирхол нэг удаа ч төрж байгаагүй юм шүү. Ингээд л шөнөжин хичээлээ давтдаг байлаа. 

Монгол хэл, түүх, математикийн хичээлүүдээ түлхүү үзнэ. Есдүгээр анги төгсөх үед дээд сургуулийн элсэлтийн шалгалтад уйгаржин монгол бичгийн хичээл нэмэгдэн орох болсон тухай мэдээ дууллаа. “Монгол Улсын Үндсэн хууль” гэж кирилл, монгол бичгээр хэвлэгдсэн цэнхэр хавтастай нимгэн ном байх. Аав минь надад авчирч өгсөн юм. Түүнээс кирилл, монгол бичгийг харьцуулан их үзнэ ээ. Ингээд зуны амралт боллоо. Түнхэл маань байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн газар. Гол урсаад л, ой шугуй сэрчигнэнэ, гэрийнхээ арын толгод дээр гарахад хийморь сэргэж, эрч хүч дүүрнэ. 

Аав “За, хичээлийн цаг” гээд л эмээ, аав бид гурав монгол бичгээ нухаж эхэлцгээнэ дээ. Үнэндээ монгол бичгээс бусад хичээлд толгой өвддөггүй байсан юм. Эмээ “Үлгэрийн далай” судраасаа заана. Аав надаас дутахгүй мэрийж байна гэж жигтэйхэн. Бид хоёр заримдаа хээр гадаа, голын эрэгт очиж монгол бичгээ давтана. Ая тухтай хэр нь үр дүнтэй аргаар хичээлээ давтах гэж тэр. Хэдэн цаг хичээлээ хийчихээд нар нэлээд доошилсон хойно ном дэвтрээ сугавчлан сүү саалиндаа яарангуй ирэхэд эмээ аль хэдийн хоол цай хийчихсэн угтана. Ингэсээр тэр зуны амралтын гурван сард монгол бичгээр хэвлэсэн Үндсэн хуулийг үг үсэггүй галиглан цээжилсэн юм даа. 

Намар сургуульдаа эмээгийн “Эзэн хичээвэл заяа хичээнэ ээ гэж эс хэллүү” гэсэн магтаалын үгээр нүүр нүдгүй үнсүүлэн буцав.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.