ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг цуцалж, хуучнаар нь явуулахаар болов

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар ТЦА, ЗХУТ-өөс өчигдөр мэдээлэл өгч арванхоёрдугаар сарын 15-31-ний өдөр 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно гэж мэдээлж байлаа.

Гэвч уг шийдвэрийг өчигдөр орой цуцалсан байна. Энэ тухай Тээврийн Цагдаагийн Албанаас: Шийдвэр гаргах нь ТЦА биш болохоор цуцалсан талаар НЗДТГ-аас мэдэгдсэн.

Харин НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс: Хууль зүй, Дотоод хэргийн сайд уг шийдвэрийг түдгэлзүүлсэн байна гэсэн тайлбаруудыг өгөв.

Тэгэхээр өнөөдрөөс автомашины улсын дугаарын хязгаарлалт хуучнаараа мөрдөгдөх юм байна. Тодруулбал

  • 1, 6-аар төгссөн дугаартай машинууд Даваа гараг
  • 2, 7-оор төгссөн дугаартай бол Мягмар гараг
  • 3, 8-аар төгссөн дугаартай бол Лхагва гараг
  • 4, 9-өөр төгссөн дугаартай бол Пүрэв гараг
  • 5, 0-ээр төгссөн дугаартай бол Баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг билээ.

Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах тухай санал асуулгыг энэ сарын 11-14-ний хооронд  ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авч, өчигдөр санал асуулга дуусангуут иргэдийн 52.3% нь дэмжсэн тул тэгш, сондгой хязгаарлалтыг мөрдөх шийдвэрийг гаргасан гэж мэдээлсэн ч иргэд ихээр эсэргүүцэж байгаагаа олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн юм.  Санал асуулгад 6,544 иргэн оролцжээ.