Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон нийслэлийн авто замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаа аж.
Энэ тухай "Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Арванхоёрдугаар сар гарснаас хойш нийслэл хотод өдөр бүр 600 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.
Өнгөрсөн долоо хоногт бага ангийн сурагчид цахимаар хичээллэж байх үед өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн зорчилт 60,000-100,000-аар бага байсан. Энэ нь бага ангийн хүүхдийг сургуульд хүргэх зорчилт хөдөлгөөн нэмэгддэгийг харуулж байна.
Арванхоёрдугаар сарын 9,10-нд Их тойруу, Энхтайвны өргөн чөлөөнд зам тээврийн осол олноор гарч түгжрэлтэй байлаа. Мөн зам дээр тээврийн хэрэгслийн хийн тоормосны хий авагч ажиллахгүй болох, түлш царцах зэрэг бүрэн бус байдлаас шалтгаалж замын хөдөлгөөний ачаалал их байсан.
Өчигдөр өглөө 10:05 цагт 120 мянгатын уулзвар дээр зам тээврийн осол гарч, 10:35 цагт замын зорчих хэсгийг чөлөөлсөн, орой 16:39 цагийн орчимд Багшийн дээдийн уулзварт нийтийн тээврийн автобустай машин мөргөлдөж хүн гэмтсэн осол гарч 17 минутын дараа авто замыг чөлөөлсөн зэрэг долоон осол гарсан. Зам тээврийн осол гарахад дунджаар 30-аас дээш минут хэмжилт хийж зорчих хэсгийг чөлөөлдөг. Энэ хугацаанд үүссэн замын түгжрэлийг хэвийн болгохын тулд гурав дахин илүү хугацаа шаарддаг. Жишээлбэл 30 минут болсон зам тээврийн ослоос үүссэн түгжрэлийг хэвийн болгохын тулд цагдаагийн биет зохицуулагч нар 1:30 цаг ажилладаг. Зам тээврийн осол санаатай үйлдэл биш ч дүрмээ баримталж, халтиргаа гулгаанаас сэргийлж явахыг зөвлөе. ЗХУТ-ийн хяналтын камераар гол замд гарсан ослыг шуурхай илрүүлж, цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг.
Өнөөдөр 15:30 цагийн үед ХААИС-ийн уулзварын хойд талын зам дээр нийтлэг үйлчилгээний ажилтнууд зам, талбайн мөсийг арилгаж, давс бодис цацах ажлыг гүйцэтгэж байна. Замын хөдөлгөөний оргил ачааллын үе эхлэхээс өмнө уг ажлыг гүйцэтгэж байгаа ч тээврийн хэрэгслийн ачаалал их болж түр завсарлах зохицуулалт хийсэн.
Үүнээс гадна шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан энэ долоо хоногт зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Тухайлбал өнөөдөр 3, 4 дүгээр хорооллыг чиглэсэн Эх нялхсын уулзвар ачаалалтай байна. Зогсоолууд дүүрснээс шалтгаалж хүн буулгаж, суулгах, явган зорчигчийн хөдөлгөөн ч ихсэж тээврийн хэрэгслийн хурд удааширч, түгжрэл бий болоод байгаа юм. Цагдаагийн алба хаагч нар 16:00 цагаас эхэлж, уулзварууд дээр зохицуулалт хийж байна" гэж мэдээллээ.
Түүний мэдээлснээр түгжрэлээс сэргийлж нийтийн тээврээр зорчихыг иргэдэд уриалснаар өнгөрсөн оны мөн үед өдөрт дунджаар 400 мянган хүн зорчдог байсан бол энэ жил нийтийн тээврийн автобусаар 550-600 мянган хүн зорчдог болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!