Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

МИНИЙ ТҮҮХ-5: Түнхэлийн найзууд

ikon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

- ТЭМДЭГЛЭЛ -

Хөдөөгийн буйдхан тосгоны охин Д.Өнөрболор юуг даван туулж өнөөгийн “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч, “Бидний цөөхөн монголчууд” үндэсний төслийн зохицуулагч, оюутан залуусын “Болор-ирээдүй” хөгжлийн санг үндэслэн байгуулагч болсон түүхийг цувралаар хүргэж байна.

Түнхэлд нүүж ирсэн даруйд шинэ амьдралтай нүүр тулах амар байгаагүй ээ. Бүх юм нь бэлэн зэлэн тохилог гэр орон, сонирхолтой дугуйлангууд, нээлттэй харилцаатай багш нар, өдрийн хоолтой сургуулиас нэг давхар барилгатай, ганц урт хонгилтой, бие засах газар нь гадаа байдаг сумын сургуульд ирлээ. Сэтгэлгээ, соёл, хэв маягийн ялгаа ч асар их.

Өвөө эмээ хоёр маань малтайгаа Түнхэлийн төвөөс зайдуухан намаржиж өвөлждөг болохоор аав, дүү, бид гурав сургуулийн ойролцоох нэгэн хашаанд бүрэн тавилгатай цоо шинэ гэр барьж буулаа. Би айлын том хүүхэд тул өглөө босож галлан, цайгаа чанаад аав, дүү хоёроо сэрээнэ. Өвлийн өглөө савтай ус маань зайрмагтчихдаг байж билээ. Хичээлд суух, эрхэлж тоглохоос өөр үүрэггүй байсан би гэрт амьдрахын тулд усаа зөөж, түлээгээ хагалан энэ мэт олон ажлын дөр суун эрс өөрчлөгдлөө. Өмнө нь зөвхөн зуны амралтаараа зочилж ирдэг байсан Түнхэл тосгон ийнхүү миний гэр болж, эмээдээ туслахаар оролддог байсан ажлууд өдөр тутам хэдэнтээ давтагдан улам бүр гарт орсоор л... 

Нар салхинд хөрсжсөн хөдөөгийн хүүхдүүдийг хараад өөртөө санаа тавихаа ч бодож амжив. Сайртаж болохгүй, улаан хацартай болж болохгүй хэмээн дүүтэйгээ хоёулаа шийдэж байснаа санадаг юм. Орой унтахын өмнө нүүр, гарынхаа арьсанд тараг эсвэл сүү түрхэж хэсэг азнаад хатахаар нь угааж, аминдаа л арчилдаг байлаа. Одоогийнхоор бол маск тавьж байж. Гоо сайхандаа анхаардаг “том охид” ч бол доо.  

Багшийн санал болгосноор би хүүхдүүдэд зориулсан орос, англи хэлний дугуйлан ажиллуулж өөрөө багшилдаг болов. Үеийнхнийхээ хичээлийг давтуулж эхэлсэн нь найз нөхөдтэй болох, шинэ амьдралдаа дасан зохицох, байгаа зүйлдээ сэтгэл ханаж, гомдол гунигаа мартах сайхан эхлэл болсон юм. Мөн миний өмнө ирээдүйн том зорилго урган гарч ирсэн юм. Энэ бол дунд сургуулиа амжилттай дүүргээд их сургуульд элсэн орох явдал байв. Үүний тулд хэзээ ч монгол хэлний дүрэм үзээгүй, монголоор цээжээр бичих болон зохион бичих зэрэг дадал эзэмшээгүй би маш богино хугацаанд монгол хэл, уран зохиолын хичээлийг бие даан судалж ангийнхантайгаа эн зэрэгцэх шаардлагатай болсон юм. Хичээлийн дараа гадаад хэлний дугуйлангаа хичээллүүлчихээд гэртээ ирж цайгаа уусан болоод л монгол хэлний дүрмээ давтана. Хоёр улирлын дараа гэхэд би монгол хэлээр зохион бичлэг хийхдээ дүрмийн болон найруулгын ямар ч алдаагүй бичдэг болсон юм даа.  

Манай ангийн хөвгүүд орос хэлний хичээлд нь тусалсны хариуд надад ус зөөж, түлээ хагалж өгдөг боллоо. Хариутай бол бариутай. Гэвч надаар орос, англи хэл заалгаж байсан хүүхдүүд амьдралын минь эмзэг үед миний дэргэд байж, инээд хөөрөөр дүүрэн нандин орчныг бүрдүүлж өгсөн юм билээ. Би найзуудтайгаа шуугилдаж, хичээл номыг нь давтуулангаа өөрөө ч бас сурах арга барилын талаар нэлээд цэгцтэй мэдлэгтэй, бас ч хатуужилтай болж амжсан. Уйтгарлан гуниглах, уйлж балчирдах зайгүй тэр он жилүүдэд чухам тэдгээр хүүхдүүд миний хувьд ямар чухал хүмүүс байснаа гадарлах ч үгүй. Би нэлээд хожим энэ тухайд найз нөхдөдөө талархаж явдгаа хэлсэн. Яг үнэндээ тэр үед би өөрөө ч энэ бүхнийг эргэцүүлэх манатай жаахан явсан даа. 

Манай Түнхэлийн ангийнхан олоон жилийн дараа өнгөрсөн онд уулзлаа. Хамгийн хөгжилтэй нь бүгд зүрх сэтгэлээрээ долдугаар ангийн хүүхдүүд хэвээрээ л цугласан. Тэд намайг “Үсний үзүүрээ бага зэрэг дотогш ороосон, орос цэнхэр дүрэмт хувцастай, дипломат цүнх барьсан өндөр цагаан охин ирж билээ” гэж дүрсэлсэн. 
Хөдөө нутаг алсад цэлийж нүд баясгаад, цээж дүүрэн амьсгал дүүргээд цаанаа л нэг уужим талбиун даа. Ийм нутгийн хүмүүс байгаль дэлхийгээ дагаад тийм л байдаг.

Сайн муу хийгээд сайхан муухайгийн хэмжүүр нь шударга төв. Алсын хараатай, юуханд ч дүн нуруу заах нь тун ч найдвартай. Хүний өөрийн ялгахгүй үгээ ч хэлнэ, үйлдлийг нь ч тэгшилнэ. Хүүхдүүд нь ч хар аяндаа нийтэч, тусч болж өсдөг. Одоо ч миний нутагт тэр хэвээрээ байдаг нь бүр гоё. Манай ангид нэг хөөрхөн хүү байв. Сүүлд алтны уурхайд ажиллаж байгаад осолд орж хараагүй болсон юм. Түүнд бусад нь хэрхэн тусалж дэмнэж, эрвийх дэрвийхээрээ сэтгэл санаа, эд материалаар тусалж байгааг харахад сайхан санагддаг. Монгол нутгийн минь бяцхан суурингийн амьдрал намайг хүний ухаанд, аж амьдралын ухаанд сургасан. Үнэнч шударга, цэвэр ариун нөхөрлөлийн үнэ цэнийг яс маханд шингэтэл ойлгуулсан билээ. Хүн ер нь хэн байснаа үл мартан, жаргасан ч зовсон ч  хүнээрээ л байх сайхаан.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.