Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

МИНИЙ ТҮҮХ-4: Хоёр охиноо хөтөлсөн аав

ikon.mn
2018 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

- ТЭМДЭГЛЭЛ -

Хөдөөгийн буйдхан тосгоны охин Д.Өнөрболор юуг даван туулж өнөөгийн “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч, “Бидний цөөхөн монголчууд” үндэсний төслийн зохицуулагч, оюутан залуусын “Болор-ирээдүй” хөгжлийн санг үндэслэн байгуулагч болсон түүхийг цувралаар хүргэж байна.

Аав, ээж маань 10 гаруй насны зөрүүтэй, өссөн төрсөн орчин, хүмүүжил, зан чанар эрс ялгаатай хүмүүс байсан юм билээ. Би тэр үед үнэндээ учрыг нь олоогүй. Манай гэрт, ялангуяа аав, ээж хоёрын дунд санаанд үлдэхээр зөрчил маргаан гарч байсангүй. Үг дуу цөөтэй, олон таван зангүй ээж минь салах шийдвэрийг түрүүлж гаргасан. Гэхдээ би хэзээ ч, хэнийг нь ч шүүхгүй ээ. 

Аав айлын ганц хүү. Сэргэлэн, жавхаатай, өгч чаддаг, бас хүссэнээ авдаг. Эрх дураараа, дэвэргэн зоргоороо, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн. Аав минь дэгжин гэж найгүй. Эхнэр, хүүхдүүдээ гангалж, амттай хоол унд зэхэхдээ гар татах гэж үгүй. Нарийн хилэн материалтай, тухайн үед ховор “Вранглер” жийнсэн өмд, гялалзсан хар урт савхин  хүрэм өмссөн аав минь надад их л гоё хүн харагддагсан. Ээж минь өндөр гоолиг нуруутай, маш царайлаг, Шарын голын хамгийн ганган бүсгүйчүүдийн нэг байсан гэдэг. Дүү бид хоёр ч багаасаа л тэр ховор жийнс гэдгийг өмсдөг байв. 

Би аавтайгаа хамгийн их ойлголцдог байлаа. Аав минь бас өвөрмөц гэх үү, хачин ч гэх үү зантай. Найз нөхдөөсөө юугаа ч харамладаггүй, ер нь юм гуйсан хүнд барагтай л “Үгүй” гэдэггүй. Ээж, эмээ хоёр энэ занг нь өөрчилж чадаагүй байхад би яаж барах вэ дээ. Нэгэн удаа хүнд цагаа тайлж өгчихөөд өөрөө бөөн баяр ирэхэд нь би жаахан өрөвдөж билээ. “Сайн нөхөр минь сайхан цаг зүүг ээ, аав нь бол яадаг юм дараа авчихна зүгээр” гээд л хөөрөөд л... Бас нэг өвөл найздаа гутлаа өгчихлөө гэсээр ар дээр нь гишгэсэн сандаалархуу юмтай гэртээ ирж билээ. Харин тэгэхэд би зэмлэж билээ.     

Аав ээж хоёр салахад хэнийг нь дагах вэ гэдэг асуулт дүү бид хоёрт тулгарсан юм. Би нэг эмэгтэй дүүтэй. Түүнийг минь Өнөржаргал гэдэг. Дүү маань угаасаа аавын талын өвөө эмээгийн хүүхэд байлаа. Миний хувьд аавтайгаа ойр дотно том охин нь болохоор түшиг тулгуур болох ёстой гэж бодон аавыгаа дагахаар шийдсэн. Ээжийг ааваас салах хүсэлт түрүүлж гаргахад нь бурууг ээждээ тохон гомдсон минь бас нөлөөлсөн байх. 

Ээж Дарханд үлдэв. Аав дүү бид хоёрыг дагуулан Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд суудаг аав ээж дээрээ нүүж ирсэн дээ. Эр хүн хатуу чанга гэдэг ч өсч өндийж яваа хоёрын хоёр охиноо дагуулсан аав хүнд төрөлх гэр, аав ээжээс нь илүү өмөг түшиг олдоогүй хэрэг. Магадгүй аав хоёрын хоёр охин хүүхэд өсгөж дийлэхгүй гэдгээ ойлгосон биз. Ингээд дулаан байранд амьдардаг, орос сургуулийн охин хөдөөгийн буйдхан суурингийн хүн болов оо. 

Шинэ амьдралд дасан зохицох амаргүй байлаа. Ээжээ санана. Ээждээ гомдоно. Дахиад ээжээ санана, бас гомдоно. Гэхдээ энэ тухайгаа, бас аавыг ээжтэй дахиж нийлүүлж болох, эсэх тухайд хааяа боддогоо аавд хэлж сэтгэлийг нь шархлуулахгүйгээ мэдээд байгаа юм. Өвөө, эмээ, аав гурав ээжид минь хир халдаана аа гонж. “Хүний сайхан үр” л гэнэ. Ээжийн тухай тувт л баяр хөөртэй, элэгсэг дотноор хөөрөлддөгсөн. Гомдоллох, шүүх гэсэн оролдлогуудыг тас зогсооно. Тэдний маань ээжийн талаарх элгэмсүү байр суурь дүү бид хоёрыг “хагас өнчин” болгохгүй, зүрх сэтгэл дэх ээжийн орон зайг дүүргэж өсгөх ухаан байж дээ гэж одоо бодогддог юм. 

Аав манай сургуульд орос хэлний багш болов. Хөдөөгийн сургууль чинь ийм тийм байна гэж гомдоллон би аавыгаа зовоож байгаагүй ээ. Самбарын өмнө зогсоод аав над руу хүүхдүүдийн нүдийг хариулан ирмэж инээд хүргэнэ. Ээжгүйгээр аав, дүү бид гурав Түнхэл тосгонд төвхнөсөн энэ цаг үе биднийг улам ойртуулж, халуун хайрандаа дандаа өлгийтэй өсгөсөн аавынхаа тухай насаараа санаж явах дурсамжуудыг бэлэглэсэн юм. 

Ер нь охин хүүхэд болгон аав шигээ хүнтэй сууна гэж боддог байх аа. Би ч тийм л бодолтой байсан. Өвөрмөц сэтгэлгээтэй, их өндөр мэдрэмжтэй, олны дунд онцгой тун ч догь эр хүн байж билээ. Аав минь намайг ажил амьдралын захад хүрээд нэг их удаагүй байхад таалал төгсөн одсон. Хагацлын тухай бичих хэсэг ирснийг ойлгож байгаа ч надад ямар хүнд цохилт болсон талаар дэлгэрэнгүй бичих зориг, хүсэл алга. Хорвоогийн жам юм даа, яая гэхэв.  

Тэнгэрт дэвшихдээ муу аав минь дүү бид хоёрт санаа зовоогүй байгаасай л гэж өрөвдөн боддог юм. Ер нь энэ хүүхэд ингээд ажилтай бол ажилтай, олонтойгоо бол олонтойгоо дажгүй явна гэдгийг мэдсэн гэж охин нь итгэдэг. Сайн ханьтай болж, анхны хүүгээ төрүүлэхийг минь харж амжсанд баярладаг. Одоо манайх гурав, дүү минь хоёр хүүхэдтэй, Та минь таван зээгийн өвөө болсон шүү...

Эцэг хүний охин хүүхдэд үлдээх өв бол эрчүүдийн тухай ойлголт, эр хүнд хандах хандлага юм билээ. Аав минь миний амьдралд маш чухал орон зайг эзэлж, би аавдаа хайрлагдаж, хайрлаж, өссөн болохоор эр хүнд итгэх итгэлтэй, нөхрөө чин зүрхний угаас хайрлаж, хүндэтгэн дээдэлдэг, эрчүүдтэй нөхөрлөх, хамтарч ажиллах эв дүйтэй, тэдэнтэй эн тэнцүү шударгаар өрсөлдөхдөө огтхон ч айж бэргэдэггүй зан надад эртнээс төлөвшсөн шиг санагддаг. 

Би заримдаа яг аав шигээ дэврүүн болж, эсвэл гуниглан эмзэглэж сэтгэл хөдлөлөө зөнгөөр нь орхидог. Хэдийд гээч. Аавын тухай дурсамж хөглөхөд...  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.