"Эрдэнэт үйлдвэрийг Эрдэнэс Монгол ХХК-ийн доор аваачсан нь намдаа хаягдчихалгүй үлдсэн хүмүүсийг орогнуулах, тэдгээрт цалин өгөх гэсэн л үйлдэл..."

М.Батчимэг, ikon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлээс "Төрийн мөнгө уйлахгүй" сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. 

Тодруулбал тэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрдэс баялаг, аж үйлдвэрийн яам хоёртоо харьяалагдаад хэвийн ажиллаж байсан "Эрдэнэт" үйлдвэр "Эрдэнэс Монгол" ХХК гэх гурав дахь толгойтой болж, улмаар тус компанид жилд ₮90 орчим тэрбумыг менежментийн зардал нэрээр өгч байгааг эсэргүүцэж байгаа аж. 

"Эрдэнэт үйлдвэр жилдээ ₮90 орчим тэрбумыг ашгаас бус орлогоосоо "Эрдэнэс Монгол" ХХК-д өгч байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар тус ҮЭ-ийн дарга Ж.Мөнгөншагай "Бид улс төрийн ажил хийх гэж энд ирээгүй. Монгол Улсаа "Эрдэнэс монгол" гэх мухар олгойгоос салгахаар ирсэн. 

Эрдэнэт үйлдвэр жилдээ ₮90 орчим тэрбумыг зөвхөн "Эрдэнэс Монгол" ХХК-д менежментийн зардал нэрээр өгч байна. Гэхдээ энэ нь ашгийн хувиар биш орлогын хувиас өгдөг. Менежмент хийх гэж байгаа бол ядаж ашгаас нь авахгүй яасан юм бэ? "Эрдэнэт" үйлдвэр бол 48 жилийн түүхтэй үйлдвэр. Энэ үйлдвэрт хүний нөөц, хууль, механикийн хэлтэс гээд бүх бүтцийн нэгжүүд байгаа шүү дээ. Төрийн давхардал үнэхээр асуудал үүсгэж байна.

Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрдэс баялаг, аж үйлдвэрийн яам хоёртоо захирагдаад явж болж байсан. Гэтэл давхар энэ компанийн оруулж ирж байгаа нь миний хардах эрхийн хүрээнд ерөнхийдөө намдаа хаягдчихалгүй үлдсэн хүмүүсийг орогнуулдаг, тэдгээрт цалин өгөх гэсэн л үйлдэл гэж харж байна гэв" гэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр уг асуудлын талаар дараах үндэслэлүүдийг тайлбарлав. 

1. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийн 1.2-т тус компанийн зорилго нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий болон улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахад оршино буюу зөвхөн бойжиж байгаа үйлдвэрт хамаатай. Гэтэл 48 жил болчихсон Эрдэнэт үйлдвэрийг харьяалалд нь оруулсан. 
2. Эрдэнэт үйлдвэр нь хуулиараа Төрийн өмчийн болон Орон нутгийн тухай хуулиар зохицуулагддаг. "Эрдэнэс Монгол" ХХК бол компанийн тухай хуулиар зохицуулагддаг. Төрийн өмчийн олон үйлдвэрийн дээр компани аваачаад тавьчхаж байгаа нь засаглалын хувьд болохгүй.  

 "Эрдэнэт үйлдвэр 2025 онд ₮4.9 их наядын орлоготой байсан нь "Эрдэнэс Монгол" ХХК-ийн менежментийн үр дүн биш шүү"

3. Эрдэнэт үйлдвэр тендерийн хуулиар бараа үйлчилгээ нь явдаг. ХХК болчхоор уг хуулиас гадуур болчхож байгаа юм. 

4. Эрдэнэт үйлдвэр Төрийн хэмнэлтийн тухай хуулиар явдаг. Гэтэл хэмнэхгүй байна. 

5. Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн хяналт Үндэсний аудитын газраас орж ирдэг. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн аудитыг ямар газар хийдгийг мэдэхгүй. 

6.  Эрдэнэт үйлдвэр 2025 онд ₮4.9 их наядын орлоготой байсан. Энэ нь "Эрдэнэс Монгол" ХХК менежмент хийгээд дээшлүүлчихсэн үү гэвэл үгүй шүү. 2025 онд зэсийн үнэ өссөнтэй холбоотойгоор орлого нь нэмэгдсэн юм.   "Эрдэнэт" үйлдвэрийн ашиг орлого жилийн жилд нэмэгдэж байгаа. 

7.  Эрдэнэт үйлдвэрт 6,880 ажилтантай. "Эрдэнэс Монгол" ХХК 150 орчим ажилтантай. 

 "Захирал нь дэвшээд явангуут албан тушаал дэвшээд өөр газар руу дагаж явсан ажилтнуудад тэтгэмж өгдөг заалт хуульд байхгүй"

8. Хөдөлмөрийн хуулиар цомхотгол хийх үед л ажилласан жилтэй нь уялдуулж тэтгэмж өгдөг. Гэтэл энэ хүмүүсийг дэвшээд явахад нь мөнгө өгчихсөн байна. Уурхайчдын хөлс хөдөлмөрөөр олсон 1 тэрбум гаруй төгрөгийг тэр хүмүүст шагнал болгоод өгчихсөн байсан.  

Тухайлбал, ₮12 саяын цалинтай гурван газрын зохицуулагчид ₮216 саяыг, ₮9 саяын цалинтай хоёр группийн менежерт ₮108 саяыг, бусад мэргэжилтэн гэх ₮5-6 саяын цалинтай таван хүнд ₮180сая зэргээр маш олон хүнд тэтгэмж өгсөн байсан. ₮12 саяын цалинтай хоёр хүнд ₮192 саяын тэтгэмж өгч болохгүй шүү дээ. Энэ чинь уурхайчдын хөлс хөдөлмөрөөр олсон төрийн мөнгө. 

Хөдөлмөрийн хуульд ААН болон түүний салбар бүтэц татан буугдсан эсвэл орон тоо цөөрсөн, ажилтан хийж буй ажил мэргэжилдээ мэргэжлийн хувьд болон эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байвал цомхотгодог. Тэтгэмж өгдөг. Захирал нь дэвшээд явангуут албан тушаал дэвшээд өөр газар руу дагаж явсан ажилтнуудад мөнгө өгөх заалт хуульд байхгүй.