С.Бямбацогт: УИХ-ын гишүүд 15 м.кв хүрэхгүй жижигхэн өрөөнд зөвлөх, туслахтайгаа хамт суугаад ажиллаж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүдийн өрөө тасалгааны асуудал яригдлаа. 

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: Гишүүдийн бүтээмжид нөлөөтэй нэг чухал асуудал бол ажлын байр. Миний ойлгож буйгаар өөрийн гэсэн ажлын байргүй гишүүн нэлээд олон байгаа. Өөрийн гэсэн ажлын байргүй учраас гэр орон, унаа машинд нэгжлэг үзлэг явуулах асуудал нээлттэй байдаг. УИХ-ын гишүүн 16 м.кв өрөөндөө туслахтайгаа хамт суудаг. Туслахын өрөө юм уу, гишүүний өрөө юм уу гэдэг нь маш тодорхойгүй. 

Тиймээс гишүүнийг дангаар нь жижигхэн өрөөнд сууж ажиллах боломжийг бүрдүүлэх талаар УИХ-ын дарга ямар ажил төлөвлөж байгаа вэ? 

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн ордонд гишүүд багтдаггүй. Ерөнхийлөгч болон тамгын газар, УИХ-ын гишүүд болон тамгын газар, Засгийн газар, Ерөнхий сайд гээд бүгд нэг байшин дотор сууж байна. 76 гишүүнтэй байхад өрөөний тасалгаа хүрэлцдэггүй байсан, одоо 126 гишүүнтэй болоод бүр хүрэлцэхгүй байгаа. 

Парламентын ордонтой болох асуудал 20 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Хэд хэдэн хувилбар яригдаад төсөв мөнгө, байршлаас болоод явдаггүй. Хэрэв парламентын ордон бариад эхэлбэл ард түмний амьдрал хүнд үед өрөө тасалгааны асуудал яриад эхэллээ гишүүд болгоомжилдог. 

Парламентын ордонтой болох асуудал олон жил саатаж ирсэн. Одоо ч гэсэн барихад хүндрэлтэй. Хаана барих вэ гэдэг дээр тодорхой ажлын хэсэг гаргаж, тооцоо судалгаа хийгээд улс орны эдийн сайжирсан үед барьж эхлүүлэхээс өөр аргагүй. Одоо байнгын хороодын тоо нэмэгдэхээр давхар өрөөнд суух ёстой. Гэтэл давхар өрөө ч олдохооргүй нөхцөлд орж байна. 

15 м.кв хүрэхгүй жижигхэн өрөөнд гишүүд туслах, зөвлөхтэйгөө хамт суугаад ажиллаж байна. Нөхцөл байдалтайгаа дасан зохицоод ажиллахаас өөр боломжгүй. Парламентын ордон хаана барих талаар ажлын хэсэг гаргахад анхааръя. 

видео: