Самсунг компани ажилчидтайгаа тохиролцсоноор Өмнөд Солонгосын эдийн засагт нөлөөлж болзошгүй ажил хаялт цуцлагдлаа
Дэлхийн хамгийн том санах ойн чип үйлдвэрлэгч Самсунг Электроникс компани болон түүний үйлдвэрчний эвлэл өнөөдөр өглөө ажилчдын цалин урамшууллын асуудлаар тохиролцоонд хүрснээр Өмнөд Солонгосын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй томоохон ажил хаялт цуцлагджээ.
Өнөөдөр төлөвлөгдсөн байсан ажил хаялтын эдийн засгийн алдагдлыг 100 их наяд вон ($66.7 тэрбум) орчим гэж тооцоолж байсан юм.
Дэлхий даяар хиймэл оюуны технологи үсрэнгүй хөгжиж байгаа энэ үед ажилчдын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг Самсунгийн хагас дамжуулагч чипийн огцом өссөн орлоготой яаж уялдуулах нь маргааны гол сэдэв байсан юм.
Ажил хаялт эхлэхээс ердөө нэг цагийн өмнө хүрсэн тохиролцооны дагуу Самсунг компани хиймэл оюуны хагас дамжуулагчтай холбоотой бизнесийн орлогынхоо 10.5 хувийг ажилчдын гүйцэтгэлийн урамшуулалд хуваарилахаар болжээ.
Тусгай урамшууллыг ирэх арван жилийн хугацаанд зарим хэсгийг компанийн хувьцаа хэлбэрээр олгох бөгөөд энэ нь чип үйлдвэрлэлийн салбарын 2026-2028 онд жил бүр 200 их наяд вон, 2029-2035 онд жилд бүр 100 их наяд воноос дээш ашигтай ажиллах бизнес төлөвлөгөөнд суурилахаар болсон байна.
Нийт урамшууллын сангийн 40 хувийг чип үйлдвэрлэлийн салбар, үлдсэн 60 хувийг бусад бизнесийн салбаруудад хуваарилахаар болжээ.
Хэлэлцээрийн хамгийн маргаантай сэдэв болох алдагдалтай ажилладаг нэгжүүдэд хэрхэн хуваарилах шийдлийг нэг жилээр хойшлуулахаар болсон байна.
Самсунг Электроникс компани энэ жил 300 их наяд вонтой тэнцэх үйл ажиллагааны ашигтай ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Эндээс үндэслээд тооцвол чип үйлдвэрлэлийн салбарын 28,000 ажилтан тус бүр 600 сая хүртэл воны урамшуулал авахаар байна.
Самсунгийн үйлдвэрчний эвлэлийн 48,000 орчим гишүүн өнөөдрөөс эхлэн 18 хоног ажил хаяхаар төлөвлөж байсан юм.
Урьдчилсан тохиролцоонд хүрсэн нөхцөлөөр гишүүд энэ Баасан гарагаас эхлэн тавдугаар сарын 27-ныг хүртэл хугацаанд саналаа өгөхөөр болжээ.
Өнгөрсөн оны сүүл үеэс хойш Самсунг болон ажилчдын хооронд урамшууллын маргаан яригдаж эхэлсэн юм.
Өмнөд Солонгосын засгийн газар сүүлийн хэд хоногийн дотор хэд хэдэн удаа талуудын хооронд яриа хэлэлцээ зуучилсан ч бүтэлгүйтээд байв.
Хиймэл оюуны дата төвүүдийн эрэлт нэмэгдсэний улмаас хагас дамжуулагч чипийн экспорт тус улсын нийт экспортын 35 орчим хувийг бүрдүүлдэг болоод байгаа.
Тухайлбал 2026 оны нэгдүгээр улиралд Өмнөд Солонгосын экспортын хэмжээ түүхэн дээд хэмжээндээ буюу $219.9 тэрбумд хүрэхэд хагас дамжуулагч чипийн экспорт жилийн өмнөх мөн үеэс 139 хувиар өсөж, $78.5 тэрбумд хүрсэн нь нөлөөлсөн юм.
Самсунг Электроникс компани дэлхийн DRAM төрлийн санах ойн чипийн гуравны нэг орчмыг үйлдвэрлэдэг.
Уг чип нь зөөврийн компьютер, гар утасны чухал эд анги болдгоос гадна хиймэл оюуны дата төвд өргөн ашиглагддаг юм.
Өнгөрсөн оны сүүлийн улиралд Самсунг өндөр хурдтай санах ойн чипийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр дэлхийн DRAM зах зээлийн тэргүүлэгчийн байр сууриа буцаан авсан байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

