Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

МИНИЙ ТҮҮХ-3

ikon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хөдөөгийн буйдхан тосгоны охин Д.Өнөрболор юуг даван туулж өнөөгийн “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч, “Бидний цөөхөн монголчууд” үндэсний төслийн зохицуулагч, оюутан залуусын “Болор-ирээдүй” хөгжлийн санг үндэслэн байгуулагч болсон түүхийг цувралаар хүргэж байна.


-Амьдралын алтан үе 1982-1988 он-

Шарын гол болон Дархан хотод Зөвлөлт Холбоот Улс болон социалист бусад орноос ирсэн гадаадын мэргэжилтнүүдийн хүүхдүүд суралцдаг орос сургууль гэж байв. Энэ сургуульд хүүхдээ оруулна гэдэг тухайн үеийн эцэг эхчүүдийн хувьд өнөөдрийнхөөр бол Америк, Солонгосын виз авах хэрийн даваа байж. Оросын элчингийнхэн монгол хүүхэд элсүүлэх, эсэхээ ар гэр, амьдрал ахуйг нь судалж байж шийднэ. Шарын голын техникумд орос хэл заадаг аав минь зүтгэсээр явж намайг энэ сургуульд оруулсан юм. Зуугаад хүүхэдтэй орос сургуульд ердөө дөрөв, тавхан монгол хүүхэд сурдаг байв.

Орос сургуульд зургаадугаар анги төгстөлөө суралцсан үеэ би дурсах дуртай. Аав орос хэлний багш учир би бүр цэцэрлэгт байхаас орос хүүхдүүдтэй тоглож өссөн. Энэ нь намайг орос сургуульд сурахад тун ч дөхөм болсон хэрэг. Цэлгэр саруул анги танхимууд, хичээлийн бус цагаар хамрагддаг олон төрлийн дугуйлан, аа бас орос тогооч нарын бэлтгэсэн олон сонголттой өдрийн хоол, янз бүрийн амттан эгнүүлсэн гуанз гээд надад юм бүхэн соньхон.

Би “Орлёнок” гэдэг найрал дууны дугуйланд дуулж сурсан. Сургуулийн найрал дууны концертын дараа “Аавын охин чинь эрүүгээ өргөөд л найрал дотроосоо ялгарам сайхан дууллаа, гончигсум” гэж аав магтана аа. Би аавынхаа хэлсэнд, өөрийнхөө “ур чадварт” эргэлзэхгүй шууд л итгэнэ. Сонирхолтой нь, би тэр үед сурсан дуунуудаа өнөө хэр огт мартдаггүй. Гуч гаруй жил өнгөрчхөөд байхад л цээжинд шинээрээ. Түүнээс хойш ер нь тэгтлээ олон дууны үг тогтоосон нь юу л бол. Одоо найрын дугараа над дээр ирэхэд толгойд нөгөөх хүүхдийн орос дуунууд үг, аятайгаа юун түрүүнд эргэлдэнэ. Үгүй ямар “Слышу голос из прекрасного далёка..” гээд аваад хаялтай ч биш.

Аав маань намайг зургийн дугуйланд бас бүртгүүлсэн байлаа. Хоёр, гуравдугаар ангид байхдаа гэрийн даалгавар хийхээсээ илүү олон цагийг зураг зурахад зарцуулдаг байв. Нэг л зураад эхэлчихвэл өдөржин, шөнөжин суучихна. Зурж дуусаад чилж ядарснаа үл анзааран харин юу зурснаа хараад хачин их баярладаг байж билээ. Үнэхээр амьдралын минь гэрэл цацарсан алтан үе гэж би тэр үеийг л хэлнэ. Хүүхэд жаргалтай байхдаа олон өнгө будаг хэрэглэдэг юм болов уу. Шинээр өнгө зохион гаргах дуртай, хооронд нь холиод л будаад, зураад байна даа. Зургийн уралдаанд нэг удаа бүр түрүүлж ч байсан. “Миний охин зургаа хурц тод өнгөөр гоё гэгч алаглуулж будна. Дэлгүүрт ороод чихэр, тоглоом гэхээсээ өнгийн будаг, харандаа л их авхуулдаг байсан даа” гэж ээж хожим дурссан юм.

Тэр үед зурагтын монгол, орос гэсэн ердөө хоёр суваг байсан бөгөөд үндэсний телевизээр хүүхэлдэйн кино өдөрт 10 минутаас илүү гардаггүй, хүүхдэд зориулсан уран сайхны кино гэхэд долоо хоногт ердөө ганцхан удаа л гардаг байлаа. Миний хувьд сургуульдаа явах, дугуйландаа суралцах, харьж ирээд хичээлээ давтах, зургаа зурахад өдрийн ихэнх цагаа зарцуулна. Ер нь тэр үеийн хүүхдүүд зурагтын өмнө дэмий суух нь ховор байсан цаг. 

Би уран гулгалтад учиргүй дурласан юм. Оросын сувгаар уран гулгалтын тэмцээн үзүүлэхэд нүдээ цавчилгүй амьсгал даран ширтчихдэгсэн. Уран гулгалт миний хувьд урлагийг мэдрэх, гоо сайхныг таашаах суурийг минь тавьсан гэж би боддог. Жавар тачигнасан өвлөөр орос хүүхдүүдтэй мөсөн талбай дээр хөлсөө гоожтол, малгайнхаа гадуур цан хүүрэг таттал тоглоно оо. Зурагтаар үзсэнээ дуурайн уран гоё гулгах гэж ёстой л хамаг чадлаараа мурилзаж өгдөг байв.

Хэл, соёлын ялгаатай шар хүүхдүүдтэй найзлахад мэдээж зарим нэг бэрхшээл гарна. Бидэнтэй дээрэнгүй харилцах явдал ч мэр сэр тохиолдоно. Би хүүхдийн дэвэргэн, шударгуу зангаар гол зохицуулалтыг хийнэ ээ. Эхлээд хэлэлцэнэ, болохгүй бол хэрэлдэнэ, тэгээд сонсохгүй бол зодолдоно. “Манай энэний дүрсгүй зан сургуульд ороод ч засрахгүй нь дээ тийм ээ хө” гэж аав нэг удаа ээжид хэлээд, тэд намайг өхөөрдөн хөхрөлдөж байхыг би сэм чагнаж билээ. 

Монгол сургуулийн хүүхдүүд хичээл номдоо л хичээдэг байхад би орос хэл сурахаас гадна дуу дуулж, зураг зурж, тэшүүрээр гулгахын гайхамшгийг мэдэрч, дуртай зүйлээрээ хөгжин илүү чөлөөтэй орчинд өссөн санагддаг. Хэдийгээр манайх ам бүл дөрвүүл боловч аав маань ээжийн дүү нарыг гэртээ байлгах их дуртайсан. Өөрөө цөөхүүлээ өссөн болохоор ч тэр үү, орос дэлгүүрийн хүнсээр хөргөгчөө дүүргэчхээд л ээжийн дүү нарыг урин олуул бужигнах гэнэ. Бужигнаж байх нь надад ч таатай. Би ээжийнхээ талын том зээгийн хувьд ч гэх үү, дүү нарт нь нэлээд “даам” байлаа. Нэг дүү нь надаар сэтгэлтэй залуудаа бичсэн зурвасынхаа хариуг хүргүүлэхэд би эргэж ирээд “Тэр ч дээ, майжийчхаад” гэж их голсон гэдэг. Царайлаг, гоё хүнтэй суулгах санаатай байж. Бас нэг дүүд нь ганган хувцаслах, үс гэзгээ загварлаг янзлах лекц уншдаг байсныг одоо хэр дурсаж, надтай уулзах бүрт сүүлийн үеийн шинэ зөвлөгөө хүсэн амыг минь асууж инээлддэг юм. Би 14 нас хүртлээ нэг иймэрхүү л сахилгагүй, эрх танхил амьтан байв.    

... Намайг зургаадугаар анги төгсөх жил аав ээж хоёр гэнэт салах шийдвэрт хүрэв. Элэг бүтэн, юугаар ч дутаагүй, зөвхөн үлгэрт л гардаг гэмээр аз жаргалтай балчир нас минь “Баяртай” гэлээ. Ийнхүү манай амьдрал орвонгоороо эргэж, дөч хэвийх насандаа аав минь хоёр охиноо хөтлөөд Түнхэл тосгонд амьдардаг өвөө, эмээгийнх рүү чемодантай хувцаснуудаа аваад нүүлээ дээ. Тухайн үеийнхээ хамгийн тохилог орон сууцанд амьдарч, хангамж сайтай, өнөөгийнхтэй дүйцүүлбэл өндөр төлбөртэй, олон улсын гэмээр сургуульд сурч байсан миний алтан үе аав ээжийн минь салалтаар төгсгөл болсон доо...
 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.