Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Миний түүх -1

ikon.mn
2018 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

- Тэмдэглэл -

Хөдөөгийн буйдхан тосгоны охин Д.Өнөрболор юуг даван туулж өнөөгийн “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч, “Бидний цөөхөн монголчууд” үндэсний төслийн зохицуулагч, оюутан залуусын “Болор-ирээдүй” хөгжлийн санг үндэслэн байгуулагч болсон түүхээ бичиж байна. “Миний хувьд үүх түүх хүүрнээд байх өндөр настай хүн биш л дээ. Гэхдээ өнөө цагийн Монголын хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн хөгжилд миний туулж ирсэн амьдрал, ажлын туршлага минь санаа сэдэл өгч магад. Ухрах, шантрах шалтгаан олдоод өвдөглөж суухад нь өндийж босох хүч өгөхсөн хэмээн 20 гаруй жил огт холдоогүй ажлаа анх удаа хойш тавин цаг хугацаагаар аялан сууж тэрлэлээ” гэж тэрбээр дурсамж бичих болсноо тайлбарлажээ. 

Д.Өнөрболорын түүхээс цувралаар хүргэж байна.



   Энэ удаа би хэн нэгний урилгаар биш, сүрхий ажил болгож ч биш, зүгээр л сэтгэл зүрхнийхээ дуудлагаар хөглөгдөн бичсэн юм. Хүн өөртэйгөө, дотоод мөн чанартайгаа, чин үнэнтэйгээ нүүр тулах, эргэцүүлэх боломжийг өөртөө олгох ёстой аж. Бага нас, оюутан ахуй цаг, ажлын гараа, бизнесийн түүхээ нэхэн санаж, тэр үед хэн байснаа, үзэж туулснаа, хэрхэн давснаа, тэгээд одоо надад юу тохиолдсоныг нэгмөр сайн гэгч онгичлоо. Надад сайхан байсан. Аав, эмээ, өвөөгөө урьд хожид мэдэрч байгаагүйгээр хачин их үгүйлэн санаж байна. 

Хүн бүхэнд өөрийн төрж өссөн гэр бүлийн хүмүүжил, савныхаа хэмжээгээр олж авсан мэдлэг боловсрол, хичээл зүтгэлийнхээ хариуд эзэмшсэн ажлын туршлага байдаг. Миний хувьд үүх түүх хүүрнээд байх өндөр настай хүн биш л дээ. Гэхдээ өнөө цагийн Монголын хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн хөгжилд миний туулж ирсэн амьдрал, өчүүхэн туршлага минь санаа сэдэл өгч магад. Ухрах, шантрах шалтгаан олдоод өвдөглөж суухад нь өндийж босох хүч өгөхсөн хэмээн 20 гаруй жил огт холдоогүй ажлаа анх удаа хойш тавин цаг хугацаагаар аялан сууж тэрлэлээ. 

Хэдийнээс, юунаас эхлэх билээ? Бүхий л дурсамжийн эхэнд аав л бодогдоно. Аавынхаа энгэрт асан хүзүүнээс нь зүүгдээд, хацарт нь нүүрээ наахад танил дотно үнэр сэтгэл дүүргээд л, сахал үс нь ширхэг ширхэгээрээ мэдрэгддэгсэн... Өөдөсхөн алгаараа аавынхаа тачир хуссан ширүүн хуузтай хацрыг илж байгаа мэтээр өнөө хэр төсөөлсөөр байдгаа нуугаад яах вэ. “Аавын охион...” гээд яриагаа эхлэхэд нь би толгойгоо гилжийлгэж ирээд л хэчнээн дуртай сонсдог байв даа. Хайрлан ширтэх гүнзгий харцнаас нь хүний ганц хүүгийн хэрсүү ухаан, эрэмгий чанар, басхүү эрх омголон, дураар зан нэвт гэрэлтэнэ. Ил шулуухан, надад бол хүүхэд шиг ойлгомжтой ийм л хүн байсан даа. Хожим миний өгүүлэх бүхнээс аав минь ямар хүн байсан нь илэрхий тодрох биз ээ.

Ой тойнд хадагдан үлдсэн балчирхан Болороогийн ертөнцөөр үес үесхэн ингээд л бодлогошрон алхсаар ирсэн би... Ингэх бүртээ эргээд хүүхэд болчих шиг. Миний хайртай аав цэл залуугаараа инээмсэглэж, ачлалын дээд эмээ, өвөө хоёр минь намайгаа тосоод Түнхэл өртөөнөө саравчлан зогсдог тэр ертөнцөд балчир нас минь бий. Бүр эхнээс нь ярья...

 

- Үргэлжлэл удахгүй -

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.