Байгалийн хий хадгалах байгууламж болон цэнэглэх станцын тоног төхөөрөмжийг БНСУ-ын компаниас ₮10.6 тэрбумаар худалдаж авахаар болов
"Улаанбаатар байгалийн хий" ХХК-ийн хөрөнгө оруулагч БНСУ-ын "Үжин Ар Ди Си" ХХК-ийн 70 хувьд ногдох тоног төхөөрөмжийг худалдан авах тухай тогтоолын төслийг өчигдөр болсон НИТХ-аар батлав.
Эдгээр тоног төхөөрөмжийг худалдаж авч нийслэлийн өмчид шилжүүлэхээр болов.
Тогтоолын төслийн талаар "Нийслэл хотын гэр хороолол болон шинээр байгуулагдаж буй дэд төвд найдвартай эрчим хүчний эх үүсвэрийн хангамж хүртээмжгүй байгаа нь агаарын бохирдол, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна.
Энэ хүрээнд байгалийн хийн хэрэглээг нэмэгдүүлэх, хийн хангамж, хадгалалт, дэд бүтцийг хөгжүүлэх бодит хэрэгцээ үүсэж байгаа ч зарим хэрэгжиж эхэлсэн төсөл зогсонги байдалд орж, суурилагдсан тоног төхөөрөмж, байгууламжууд бүрэн ашиглалтад ороогүй, өмчлөлийн болон ашиглалтын зохион байгуулалт тодорхойгүй. Тухайлбал "Улаанбаатар байгалийн хий" ХХК-ийн БНСУ-ын хөрөнгө оруулагч дээрх компаниас 2018-2022 онд нийт 11 сая гаруй ам.доллароор байгалийн хий хадгалах байгууламж болон хий цэнэглэх станцын үндсэн тоног төхөөрөмжийг худалдаж авч суурилуулсан ч ашиглалт хангалтгүй байна.
Мөн Морингийн давааны хий цэнэглэх станц ашиглалтад ороогүй, Сонгинохайрхан дүүрэгт байрлах хий хадгалах, түгээх байгууламжийн ажил бүрэн дуусаагүй ч суурилагдсан тоног төхөөрөмжийг цаашид ашиглах боломжтой, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц болох нь нөхцөл байдлын шинжилгээгээр тогтоогджээ.
Иймээс худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулж, тоног төхөөрөмжүүдийн бүрэн байдал болон аюулгүй ажиллагааг хангаж ашиглалтад оруулах шаардлага үүсээд байна" хэмээн танилцуулсан юм.
ВИДЕО:
Нийслэлийн өмчит "Улаанбаатар хотын хөгжлийн корпорац" ХК-ийн хараат компани "Улаанбаатар байгалийн хий" ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй том оврын автобусанд байгалийн хийн түлш нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

