"Марафонд гүйх үед толгой эргэх, цээж өвдөх, амьсгал давчдах зэрэг шинж илэрвэл замаа дуусгах гэж гүрийхгүйгээр тусламж аваарай"
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд зохион байгуулагдана.
Уг гүйлтэд оролцохоор нийтдээ 46,306 хүн бүртгүүлээд байгаа юм.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд оролцох иргэд гүйх үедээ юунд анхаарах, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар(НЭМГ)-аас мэдээлэл хүргэлээ.
Энэ жил оролцогчийн тоо өмнөх онуудаас 30 орчим хувиар нэмэгдсэн тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх баг бүрэлдэхүүнийг өргөжүүлээд байна.
Тодруулбал нийслэлийн төв талбайд 2025 онд эрүүл мэндийн 15 мэргэжилтэн ажиллаж, иргэдэд тусламж үзүүлж байсан бол энэ онд 31 хүн ажиллана. Түүнчлэн марафоны бүсчлэлд суурин тав, явуулын таван цэгт оролцогчдод эрүүл мэндийн тусламж үзүүлнэ.
Үүний зэрэгцээ марафоны төрлүүдэд эмч, мэргэжилтнүүд тодорхой таних тэмдэгтэйгээр оролцох тул гүйж буй иргэд шаардлагатай тохиолдолд тусламж, зөвлөгөө авах боломжтой юм байна. Жишээлбэл 42 километрын зайд хоёр, 21 километрын зайд 21 гэх мэтчилэн эрүүл мэндийн мэргэжилтнүүд гүйлтэд оролцоно. Энэ мэтчилэнгээр нийтдээ эрүүл мэндийн байгууллага 152 хүний бүрэлдэхүүнтэйгээр "Улаанбаатар марафон 2026"-д оролцогчдод тусламж үзүүлэх нь.
НЭМГ-ын дарга Н.Наранбаатар "Өнгөрсөн онд марафонд оролцож буй 534 хүнд тусламж үзүүлсэн. Тухайлбал шөрмөс нь татсан 382, зүрх судасны асуудал үүссэн 54, амьсгалын замын эрхтэнд бэрхшээл учирсан дөрвөн хүнд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсний зэрэгцээ 12 оролцогчийг эмнэлэгт хүргэсэн.
Оролцогчид гараанаас хэт хурдтай гүйх, шинэ пүүз өмсөх, өглөөд цайгаа уулгүй өлөн гарах, гүйх үедээ ус хангалттай хэмжээгээр уухгүй байх, өглөөд эрт кофе уух гэх мэтээр алдаа гаргадаг. Мөн барианд ороод гэнэт зогсдог зэрэг нь буруу тул эдгээрт анхаарахыг зөвлөж байна.
"Улаанбаатар марафон 2026"-ын маршрут:
Бүтэн марафон буюу 42.195 км-ийн ангилал өглөөний 07:00 цагт Соёлын төв өргөөний баруун талаас гарах бол хагас марафон 21.095 км болон 10 км-ийн төрөл 08:30 цагт эхэлнэ.
Эрүүл мэндийн 5 км-ийн гүйлт 13:00 цагт МУИС-ийн урдаас гарах бөгөөд 1.5 км-ийн гэр бүлийн ангилал 15:00 цагт эхлэхээр товлогдсон.
Мөн тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй оролцогчдын 1.5 км-ийн төрөл 15:30 цагт МУИС-ийн урдаас гарах юм. Тусгай олимпын 800 метрийн төрөл 16:00 цагт Спортын төв ордны харалдаа замаас, 500 метрийн төрөл 16:10 цагт Улаанбаатар зочид буудлын харалдаа замаас тус тус гараагаа эхлүүлнэ.
Марафоны маршрут:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

