“Зарим хайр хамт үлддэггүй ч дурсамж нь дуу болон үүрд мөнхөрдөг”
Мобиком групп 30 жилийн ойн хүрээндээ хэрэглэгчидтэйгээ хамт мартагдашгүй дурсамж бүтээх “Red Show” тоглолтоо энэ оны зургаадугаар сарын 27-нд “SocialPark”-д зохион байгуулахаар боллоо.
Энэхүү шоу тоглолтод Монголын хөгжмийн ертөнцийн өнгө төрхийг тодорхойлсон гурван онцгой уран бүтээлч нэгэн тайзнаа нэгдэх бөгөөд тэдний нэрсийг үе шаттайгаар зарлаж буй.
"Red Show”-ны дараагийн онцлох уран бүтээлчид бол домогт “Татар” хамтлаг.
Ингээд тэдний хүүхэд насны гэгээн дурсамж, урлагийн ертөнцөд хөл тавьсан сонирхолтой түүхийг хүлээн авна уу.
1992 оны есдүгээр сарын 1-ний өглөө. Дэнжийн мянгын “Өнчин саарал” хочит 39-р сургуулийн босгоор үе тэнгийн гурван хүү эрдэм номд шамдахаар алхана. Нэг ангид орж, нэг ширээнд зэрэгцэн сууж, хичээл тарахаар хамт харьдаг байсан тэр л өдрүүдээс тэдний нөхөрлөлийн түүх эхэлжээ.
Тэдгээр гурван хүү бол Заяа, Жагаа, Мөөгий.
Тэр гуравт нэг сонин давхцал бий. Заяа дөрөвдүгээр сарын 8-нд төрсөн бол Жагаа, Мөөгий хоёр яг сарын дараа буюу тавдугаар сарын 8-нд мэндэлжээ. “Хамтлагийн ахлагч болохоор нь Заяаг нэг сар урьд төрүүлчихсэн юм” гэж тэд өнөөдрийг хүртэл шоглон ярьдаг.
Заяа, Мөөгий хоёрын нөхөрлөл бэлтгэл бүлгээсээ эхэлжээ. Харин Жагаатай бол “онц сурдаг болохоор нь л найзалсан юм" гэж хошигнох нь тэдний дурсамж дундах хөгжилтэй яриануудын нэг. Жагаа бол ангийнхаа тэргүүний сурагч. Хичээлдээ гавал, гэрийн хүмүүжил сайтай, хоёр найзынхаа даалгавар, шалгалт гээд хичээлийг бол бүрэн хариуцдаг нь.
Мөөгий бол бүрэг ичимхий, хаа нэг хүмүүстэй ярьдаг даруу төлөв. Харин Заяа бол түүний яг эсрэг дүр. Хөдөлгөөнтэй, хошин яриатай, хаана ч очсон орчны уур амьсгалыг өөрчилж чаддаг хөгжилтэй нэгэн. Охидтой яриа өдөхдөө хүртэл гаргуун. Гэхдээ ганцхан хүний өмнө очихоороо огт өөр болчихно. Тэр нь Саруулзаяа.”
"ЧАМДАА ӨГСӨН ХАЙР" ДУУ БҮТСЭН ТҮҮХ
Мөөгий: Бид тэс өөр ертөнцтэй хүүхдүүд байлаа. Гэхдээ ямар нэг байдлаар нэг дор таараад, нэг замаар алхчихсан хүмүүс.
Анх бид зургаадугаар ангидаа санаа нийлж бүжгийн хамтлаг байгуулсан. Тэр үед бараг хүн бүр л өөрсдийн гэсэн хамтлагтай, нэг нь нэгнээсээ хоцрохгүй "хийж үзье" гэж гүйдэг байсан тийм л үе. Харин наймдугаар ангидаа бид “Татар” хамтлагаа байгуулж эхэлсэн түүхтэй.
2001 оны хаврын нэгэн өдөр. Хичээлийн дараа Заяа нэг л өөр байсан юм. Тэгээд бид хоёрын хажууд ирээд хэсэг дуугүй сууснаа, “Би Саруулзаяад сайн болчхож ээ” гэж хэллээ. Саруулзаяа бол найрал дуу дуулдаг, тод цээл хоолойтой, нүүр дүүрэн инээмсэглэлтэй манай ангийн охин.
Бид хоёр хэдхэн секунд нам гүм болсон ч дараа нь мөр мөрөө нудралцан инээлдэж эхэллээ. Гэхдээ тэр инээд түүнийг шоолсон инээд байгаагүй ээ. Найзынхаа анхны хайрыг мэдэрсэн хүүхэд насны цайлган догдлол байсан юм.
Тэр өдрөөс хойш Саруулзаяа хаана харагдана, тэнд бид гурав зогсож л байна. Харин Заяагийн хэцүү нь сайн гэдгээ огт хэлж өгөхгүй. Бид хоёр өмнөөс нь бухимдаад л, “Чи ядаж нэг удаа хэлээд үз л дээ. Чамд бараг зөвшөөрөх байлгүй дээ” гэж ятгана. Тэр ч “Заа” гээд л толгой дохино.
Гэхдээ яг нүүр тулахаараа бүх зориг нь алга болчихдог. Хажуугаар нь зүгээр л зөрөөд өнгөрнө. Ингээд бид хоёрын ажил найзыгаа дурласан охинтой нь нийлүүлэх болж хувирсан даа.
Тухайн үед охиныг гэрт нь хүргэж өгөх гэдэг жинхэнэ адал явдал байлаа. Харанхуй гудамж, нохой, хааяа таарах гудамжны атаманууд гээд айх зүйл мундахгүй. Гэхдээ Заяаг ганцааранг нь явуулж болохгүй. Жагаа бид хоёр найзыгаа хамгаална гээд заавал хамт алхана. Найзынхаа хайрыг бүтээхийн төлөө шөнө хүртэл дагаж явдаг байсан хэрэг.
"Чамдаа өгсөн хайр" дуунд “Чамайг хүргэж өгөөд буцна гэдэг аймаар…” гэдэг мөр байдаг даа. Тэр чинь яг энэ дурсамжаас гарсан юм.
Заяа түүнд сэтгэлээ илчилж чадалгүй явсаар байсан ч Саруулзаяа аль хэдийн түүний сэтгэлийг ойлгочихсон байсан юм шиг санагддаг. Нэг орой манай хэд гэрийн зүг алхаж явсан юм. Энгийн л нэгэн орой. Гэтэл Саруулзаяа гэрийнхээ хаалганы өмнө очоод гэнэт зогсчихлоо. Заяа ч бас дэргэд нь юу хэлэхээ мэдэхгүй зогсоод л. Тэгсэн гэнэт түүн рүү алхсанаа ямар ч үг хэлэлгүй хацар дээр нь үнсчхээд гэр рүүгээ гүйгээд орчихдог юм.
Харин тэр үед Заяа юу болсныг ч ойлгохгүй зогссон гэдэг. Гэхдээ тэр ганцхан мөчөөс л Саруулзаяа өөрийнх нь хэлж амжаагүй бүх мэдрэмжийг ойлгосныг мэдэрсэн гэсэн.
Хаалга хаагдахтай зэрэгцээд бид гурав чинь зорьсон хэргээ бүтээчихсэн мэт бөөн баяр. Тэр шөнө Заяа ямар их баяртай байсан бол гэж боддог юм. Инээмсэглэл нь хүртэл хотын бүх гэрлээс тод харагдаж байсан.
Удалгүй нэг өдөр Заяа Саруулзаяад зориулж бичсэн шүлгээ бидэнд уншиж өглөө. Тэр шүлэг анхандаа зүгээр л хэдэн мөр байсан ч манай хэдийн яриа, инээд, мөрөөдөл дунд аажмаар дуу болж бүтэж эхэлсэн.
Нэг нь шинэ мөр нэмнэ.
Нөгөө нь ая аялна.
Тэгээд нэг л мэдэхэд дуу болчихсон.
Ингээд дуугаа бүтээх явцад дахилт хэсэгт нь эмэгтэй хоолой хэрэгтэй юм байна гэж бодоод нэгэн зэрэг Саруулзаяаг дуулуулъя гэж шийдсэн юм.
Үнэндээ энэ дуу бол энгийн нэг хайрын дуу биш. Наймдугаар ангийн нэгэн хөвгүүн анх удаа охинд хайртай болсноо хэлэх зориг хүрэхгүй, дуугаараа илэрхийлж бүтээсэн дуу байсан юм. Харин тэр өөрт нь зориулсан дуу гэдгийг мэдээгүй л явсан байх.
Ингээд бид Саруулзаяатай хамт дуулж эхэллээ. Тэр студид дуулахдаа “ҮҮҮ…” гэж уруулаа цорвойлгоход нь л Заяа “Хараач ээ, хошуу нь ямар хөөрхөн цорвойдог юм бэ ” гээд л бид хоёрт ирж хэлж байсныг одоо ч мартдаггүй юм. Одоо бодоход их хөөрхөн дурсамж байжээ.
Хожим хоёр "Заяа" маань үерхсэн ч удалгүй хоёр тийш болсон. Хэдий тэдний хайрын түүх үргэлжлээгүй ч өсвөр насны тэр гэгээн мэдрэмжээс "Чамдаа өгсөн хайр” гэдэг дуу Саруулзаяатай хамт дуулагдсан юм.
Зарим хайр хамт үлддэггүй ч дурсамж үүрд мөнхлөгддөг...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

