Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Нандинхүсэл NCAAW буюу АНУ-ын эмэгтэй сагсан бөмбөгийн оюутны лигийн D1-т тоглоно
3х3 сагсан бөмбөгийн төрлөөр Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын эмэгтэй багийн хамгийн залуу гишүүн Н.Нандинхүсэл өнгөрсөн жилээс АНУ-ын оюутны лигт данстай болсон билээ.
Тэгвэл Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Нандинхүсэл NCAAW буюу оюутны эмэгтэй сагсан бөмбөгийн лигийн D1 тэтгэлэгтэй анхны эмэгтэй тамирчин болжээ.
Тодруулбал "Tennessee State" их сургуулийн эмэгтэй баг түүнийг эгнээндээ элсүүлснээ өчигдөр албан ёсоор зарлав.
Ингэснээр тэр АНУ-д D1-ийн багаас тэтгэлэг авсан Монголын хоёр дахь, анхны эмэгтэй тамирчин болж байна. Түүнээс өмнө Ш.Энхийн-Од ийм тэтгэлгээр АНУ-д суралцаад энэ жил төгсөж байгаа юм.
Өдгөө 19 настай Н.Нандинхүсэл өнгөрсөн жил D II-ийн баг "Florida Tech Panthers" багт зүтгэхдээ 17 тоглолтод оролцсон. Үүнээс 13 тоглолтод гараанд гарсан бөгөөд нийт 197 оноо авсан байна. Өнгөрсөн улирлын арваннэгдүгээр сард нэг тоглолтод 28 оноо авсан нь түүний оргил үзүүлэлт байв.
"Tennessee State Lady Tigers" багийн хувьд 1977 оноос хойш оюутны лигт өрсөлдөж буй. Хасагдах шатанд гурван удаа буюу 1994, 1995, 2015 онд оролцсон юм.
Одоо тус багийн ахлах дасгалжуулагчаар WNBA-гийн аварга, бүх оддын тоглолтод долоон удаа оролцсон Кэндис Дюпри хоёр дахь улиралдаа ажиллаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

