₮200 саяын шагналын сантай мотокроссын лиг зохион байгуулагдана

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Автомашин, Мотоциклын Спортын Холбоо (МАМСХ), Монголын Спортын Корпорац (МСК) хамтран мотокроссын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ)-ийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулна.

Энэ талаар албан ёсны хэвлэлийн бага хурал өнөөдөр Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны байранд боллоо.

Нийт зургаан ангилалд болох тус тэмцээний 450сс ангиллын элит тамирчдын уралдааныг “MONGOL GRANDPRIX MX LEAGUE 2026” мотокроссын лиг хэлбэрээр болох юм. Монголын мотокроссын спортын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилготой үндэсний хэмжээний лиг зуны турш нийт таван гараатай. Эхний гараа нь ирэх зургаадугаар сарын 6-7-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотод байрлах Эрдэнэ уулын мотокроссын зам дээр болох аж.

Зохион байгуулах хорооны төлөөлөл Лигт оролцох багуудын төлөөлөл оролцож, шинэ улирлын формат, хуваарь, тэмцээний онцлог болон энтертайнмент хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэмцээний талаар МАМСХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Ганзориг "Манай холбооны 71 жилийн түүхэнд маш онцгой ажил болж байна. Гранпри тэмцээн зохион байгуулснаар мэргэжлийн түвшинд хүртэл хөгжих үе шат тавигдлаа. Өмнө нь манай тамирчид сонирхогчийн түвшинд тэмцээнд оролцож ирсэн. Энэ жилээс спортын менежмент хийдэг мэргэжлийн компанитай хамтарна. Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд зэрэг манай улсын топ тамирчид энэ тэмцээнд өрсөлдөнө. Энэ тэмцээнээр дамжуулан мото спортод сэтгэл зүрхээ өгсөн олон залуусыг бид бусдад таниулах ёстой. Үүгээрээ зөвхөн мото спорт гэлтгүй бусад спортод үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байна" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэмцээн

  • 450cc
  • 250cc
  • 85cc
  • 65cc
  • 50cc Open ангиллаар явагдах бөгөөд мэргэжлийн тамирчид, өсвөрийн тамирчид болон сонирхогчдыг хамарсан өргөн хүрээний оролцоотой байх юм.
450сс буюу мэргэжлийн тамирчдын ангилалд багийн систем нэвтрүүлж, баг бүр гурван үндсэн, нэг сэлгээний тамирчинтайгаар өрсөлдөх ба гараа бүрд оноо цуглуулж, нийлбэр дүнгээр шилдэг тамирчид болон багууд тодорно.

Зохион байгуулагчдын мэдээлснээр тус лиг нь зөвхөн спортын тэмцээн бус энтертайнмент фестиваль хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд үзэгчдэд зориулсан шоу, хамтлаг, дуучдын тоглолт, нэмэлт арга хэмжээнүүд зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болно.

Мэргэжлийн тамирчдын уралдах 450сс ангиллын таван гарааны нийт шагналын сан 200 сая төгрөг байна. Хэвлэлийн бага хурлын үеэр багуудын төлөөлөл шинэ улиралд өрсөлдөөн өндөр түвшинд өрнөнө гэдгийг онцолж, үзэгчдийг талбай дээрээс уралдааны уур амьсгалыг мэдрэхийг урив.

ВИДЕО