Г.Ууганбаатар: Бидэнд өгсөн мэдээллээр хоёр цэрэг камергүй өрөөнд муудалцаж, зодолдсон. Нэг нь өрөөнөөс гарч явахдаа ухаан алдаж унаад нас барсан гэсэн

Н.Эрхбаяр, iKon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос Монгол Улс дахь хүний эрх хамгаалагчийн өнөөгийн нөхцөл байдлын асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулав. 

Энэ үеэр ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар Баянхонгорт аймагт цэргийн амь эрстсэн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Баянхонгор аймаг дахь барилгын цэргийн ангийн 339 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч муудалцаад нэгнийх нь амь хохирсон харамсалтай хэрэг 2026 оны тавдугаар сарын 19-ны өдөр гарсан. 

Төр тодорхой хэмжээнд тухайн иргэдийг хугацаат цэргийн албанд татаж буй хугацаанд цэргийн амь нас эрстэх, эрүүл мэндээр хохирох, хүний эрхийн зөрчил гарах ёсгүй. Тиймээс цэргийн анги байгууллагад үзлэг шалгалт хийдэг. Гэвч харамсалтай хугацаат цэргийн амь нас хохирч буй асуудал тасралтгүй гарч байна. 

Тухайн үйл явдал болсон өдөр 2025 оны хоёрдугаар ээлжээр татагдаж ирсэн хоёр цэргийн алба хаагч камергүй өрөөнд муудалцаж, хоорондоо зодолдож байсан. Үүнийг тухайн ангийн цэргүүд орж салгасан гэх мэдээлэл бий. Энэ хоёр цэргийн нэг нь тухайн өрөөнөөс гарч явахдаа ухаан алдаж унаад нас барсан харамсалтай хэрэг гарсан. 

339 дүгээр ангиас бидэнд өгсөн мэдээллээр ухаан алдаж унаад нас барж буй нөхцөл байдал камерын бичлэгт авагдсан гэсэн. Камергүй өрөөнд орж зодолдсон гэх цэргийг тавдугаар сарын 20-ны 02:00 цагийн үед цагдан хорих байгууллагад хорьсон. Цагдаагийн байгууллага шалгалтын ажил явуулна. Хүний эрхийн комиссын зүгээс хугацаат цэргийн амь нас хохирч буй асуудалд дүгнэлт хийгээд холбогдох шаардлага зөвлөмжийг хүргүүлнэ" гэв.