Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

МИНИЙ ТҮҮХ-2: "Гал" охин

ikon.mn
2018 оны 11 сарын 20
iKon.MN

- ТЭМДЭГЛЭЛ -

 

Хөдөөгийн буйдхан тосгоны охин Д.Өнөрболор юуг даван туулж өнөөгийн “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч, “Бидний цөөхөн монголчууд” үндэсний төслийн зохицуулагч, оюутан залуусын “Болор-ирээдүй” хөгжлийн санг үндэслэн байгуулагч болсон түүхийг цувралаар хүргэж байна.

Өнөөгийн Дархан, Шарын гол хотууд дөнгөж өрхөө татаж ахуйд тэдгээр шинэ суурингуудад олон залуу айл гал голомтоо бадраасны нэг нь миний аав С.Дамдинсүрэнгийнх. “Социализмын бүтээн байгуулалтыг тэлж, эх орны өнцөг булан бүрээс нам, эвлэлийн илгээлтээр ирсэн хөдөлмөрч залуучуудын босгож буй найрамдлын Шарын гол хот” гээд л тэр үеийн зурагт радиогоор хүнгэнүүлдэгсэн. Аав минь багш, харин ээж минь хотын захиргаанд бичиг хэргийн ажил эрхэлдэг байж. Би энэ айлын хоёр охины ууган нь билээ. Аав минь гучин нас гарчихсан, тэр үедээ бол нас нэлээд тогтсон хойноо гэрлэсэн болоод тэр үү, хүүхдүүддээ анхаарал халамж гойд тавьдаг, эрхлүүлнэ гэж жигтэйхэн, чухам үүгээрээ л жаргадаг гэмээр эр хүн байв.

Харин ээж минь аавтай гэрлэхдээ хорь ч хүрээгүй шавилхан бүсгүй байжээ. Аав ээж хоёр минь олон насны зөрүүтэйн дээр зан чанарын хувьд эрс тэс ялгаатай хосууд байсан нь сүүлд салах шалтгаан болсон юм билээ. Хожмын тэр өдрүүдийн тухай би дараа өгүүлэх болно. 

Хэдийгээр аав ээж минь бат бөх гэр бүл бүтээж амьдралын туршид хамтдаа байж чадаагүй ч хоёр охины нь балчир нас аз жаргалтай, амар тайван хийгээд байгаль дэлхийдээ ойр, хүн чанар, хөдөлмөр зүтгэл дундуур хорвоотой танилцан өнгөрснийг гэрчлэх дурсамжууд өнөө хэр нь зүрхэн чинадаас төөнөн дулаацуулсаар байдаг даа. 

...Тэгэхэд би дөрөв, таван настай байсан юм болов уу, миний санаж байгаа хамгийн эртний дурсамж л юмдаг. Цэцэрлэгийнхээ хашаанд тоглож байгаад хашааны нэг банз хөдөлгөөнтэй болсныг далимдуулан хажуу тийш нь болгож зай гаргаад түүгээр оргоод явчихсан юм. Багш араас дуудахвий гэсэндээ би хамаг хурдаараа гүйж байсан минь санаанд үлджээ. Үргэлжлэлийг нь би өөрөө санадаггүй ч аав, ээж хоёр ярьж өгсөн юм. Тэр өдөр даваа гараг байсан юм билээ.

 

Аав орой нь намайг авах гээд иртэл бүх цэцэрлэгээрээ намайг хайн бөөн хэрэг мандсан байж. Оройн хэрд эрэл мухардан аав, ээж, багш гурав цагдаад мэдэгдчихээд гарч явтал аавын найз орос эр аавыг хараад хар гүйхээрээ ирж гэнэ. Түүнийг ажлаа тараад иртэл амралтын өдөр гэрт нь зочилж ирсэн Дамдинсүрэнгийн охин хүүхдүүдтэй нь гадаа тоглоод сууж байхаар нь учрыг ойлгон “оргодлын” аавыг олохоор гүйж яваа нь тэр байв. Аав, ээж хоёр намайг айлгахгүй гэсэндээ охиноо холоос харж тайвшраад, бие биенээ тэврээд зөндөө уйлсан гэсэн. Тэр өдрийн өмнөх бүтэн сайн өдөр би аав, ээжтэйгээ цэцэрлэгийн дэргэд байдаг орос мэргэжилтнүүдийн байранд аавын найзынд уригдан зочилж л дээ. Тэгж явахдаа тэр оросынх цэцэрлэгтэй маань ойрхон байдгийг, хамт тоглочихмоор үеийн хүүхдүүдтэйг нь мэдэж авсан хэрэг. Тэгээд л оргосон болов уу. 

Бас нэгэн дурсамж мөн л цэцэрлэгийн үетэй холбоотой. Шинэ жилийн концертод би гоцлол дуу дуулахаар болж л дээ. Тэр өдөр аав, ээж хоёр ажилтай байж таараад ээжийн минь хоёр дүү миний дуулахыг харахаар ирж. Концерт ч эхэлж, миний дуулах ээлж ч болсон байна. Би уг нь шинэ жилийн холбогдолтой хөөрхөн дуу дуулах байтал микрофон авуутаа 

...Япон тэнгисийн эрэг дээр

  Янаг хоёр болзжээ...

гэсэн мөрүүдтэй, тухайн үед Шарын голын залуусын дунд ихэд моодонд орж байсан зохиомол дуу дуулсан байгаа юм. Хүмүүс алга ташаад л, би эхнээс нь дахин дахин дуулаад л байснаа тод санадаг. Нагац эгч нар маань миний өмнөөс ичээд үхэх шахаж, эцэг эхчүүд хөхрөлдөөд л, өхөөрдөөд л дахиулаад байсанд хамаг биеийнх нь хөлс цутган, тайзан дээр өөрийгөө эстрадын дуучин гэж ойлгоод байдгаараа хөөрөнбуухаа мэдэхгүй байгаа тэр “гал” охин өөрсдийнх нь дүү гэж бусад эцэг эхчүүд мэдэхвий гэхээс зугтчихмаар санагдсан гэдэг. Их нүүрэмгий, дураараа, бас охин хүүхэд гэхэд их зоригтой хүүхэд байсан гэж нагац нар маань одоо хэр нь миний бага насыг надад “ховлодог”юм.

 

Би багадаа хөвгүүдтэй их тоглоно. Охид хүүхэлдэй өлгийдөж хувцаслан өнждөг атал би аав ээжийнхээ авч өгсөн хүүхэлдэйнүүдийг нэг их тоодоггүй. Тэгсэн хэр нь гурван дугуйт авахуулах гэж тэнхээ мэдэн жигтэйхэн их орилж чарласан минь санаанд үлджээ. Улаан өнгөтэй цоо шинэхэн гурван дугуйтаа жийгээд хөвгүүдийн сүргийн манлайд сүнгэнүүлж явахдаа хэмжээлшгүй их аз жаргалаар бялхаж явснаа өнөө хэр тод санадаг. Бартаат замаар уралдаж, буу шийдэм эргүүлэн уралцаж явсан бяцхан охины нь дуулиан ээж, аав хоёрын минь чихийг “алт” болгочихсон гэдэг.

Танай охин гарааж дээрээс үсэрсэн, танай охин жаахан юм байж манай хүүг зодоод уйлуулсан байна, танай охин... Гэтэл тэр дүрсгүй амьтан нь тоглохоор гарахдаа өмссөн даашинзандаа ганц ч толбогүй эргэж ирдэг, цэвэр цэмцгэрийг эрхэмлэдэг дэгжин охин байсныг ээж минь одоо ч гайхан ярьдаг. Бороо ороход хөвгүүд шалдалж аваад шалба нороход би тэдэнтэй зэрэгцэн гуяа алгадан гүйхийг ихэд хүснэ ээ. Даанч аав минь үүнийг л надад огт зөвшөөрч байсангүй, аль эрт дуудаад ганган цэнхэр цувыг минь өмсүүлчихдэгсэн.  

Нэгэн намар ээждээ үнсүүлж, аавынхаа гараас хөтлөн сургуулийн босго алхав. Би Шарын гол хотын сургуулийн нэгдүгээр ангийн сурагч болоход А үсэг анх заасан багшийг маань Оюунбилэг гэдэг байлаа. Нэгдүгээр ангиа төгсөж уншиж бичиж сурсан хойноо би ахиад нэгдүгээр ангид элссэн юм. Энэ удаад орос сургуулийн сурагч болов оо...

Үргэлжлэл бий...

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.