Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд Дэлхийн сүүний өдөр (World Milk Day) тохиодог. Энэ өдрийг 2001 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) санаачлан дэлхий даяар тэмдэглэж эхэлсэн. Өдгөө дэлхийн 50 гаруй улс эл өдрийг тэмдэглэн сүү,сүүн бүтээгдэхүүний шим тэжээл, ач холбогдлыг сурталчлан таниулж байна.
Манай улс 2016 оноос эхлэн тэмдэглэж эхэлжээ. Бид үндсэндээ “Дэлхийн сүүний өдөр”-ийг тэмдэглэдэг болоод бараг нэгэн арваныг үзэх гэж буй.
Тэгвэл таван хошуу мал нь тал дүүрэн бэлчсэн Монгол орны хүн ам, хүүхдийн сүүний хэрэглээ өнөөдөр ямар түвшинд байна вэ гэдэг асуулт гарна. Харамсалтай нь хангалтгүй, бүр санаа зовоох хэмжээнд байсаар буйг илтгэх тоо баримт ч бишгүй бий.
Тухайлбал, Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгаагаар бага ангийн сурагчдын 3.6 хувь нь өсөлт хоцролттой, 2.7 хувь нь туранхай, 23.7 хувь нь илүүдэл жин, таргалалттай. Түүнчлэн бага ангийн сурагчдын 7.5 хувь нь цус багадалттай, шээсээр ялгарах иодын голч хэмжээ зохистой түвшинд хүрэхгүй (иод ≥ 100 мкг/л) буюу 96.0 мкг/л, Д аминдэмийн дутал 60.5 хувь болон нөөц дутмаг 25.6 хувь байна гэсэн дүн гарсан.
Дахин нэг судалгааны баримт харъя. Жайка олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол дэмжих” төслийн хүрээнд хийсэн “Бага ангийн сурагчдын хоол тэжээлийн байдал-2023” судалгаанд хамрагдсан сурагчдын 36.3 хувь нь өдөр бүр сүү уудаг бөгөөд өдөрт уудаг сүүний дундаж хэмжээ нь 110 мл байжээ.
Гэтэл энэ нь 2020 онд Боловсрол шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан "Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ”-нд 7-10 насны хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хоногийн хэрэгцээ 310 мл гэж зааснаас даруй гурав дахин бага байна.
Манай улс 2021 онд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуультай болж, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр, 2020-2025”-ыг Засгийн газар баталсан байдаг.
Засгийн газрын дээрх хөтөлбөрийн хүрээнд Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс хамтран хэрэгжүүлсэн “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төслөөс сүүлийн гурван жилийн хугацаанд ялангуяа хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сүүний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд хийсэн бодит ажлын үр дүн, тайлангийн талаар энд өгүүлье.
Монголчууд мал ихтэй ч малын сүү,сүүн бүтээгдэхүүнийг төдийлөн сайн хэрэглэж чадахгүй байгааг хэн хүнгүй мэднэ. Ялангуяа балчир хүүхэд багачуул, өсвөр насныханд сүүг ахиу дөхүү хэрэглүүлэх шаардлага бий.
Тэгвэл STREAM төслөөс Биндэр суманд сүү боловсруулах цех байгуулан, 2022 оноос тус сумын 1-5 дугаар ангийн 400 гаруй сурагчдад долоо хоногт 2-3 удаа тогтмол сүү уулгажээ. Ингэхдээ сургуулийн үдийн цай хөтөлбөрийн нэг хэсэг болгож хэрэгжүүлсэн нь маш сайн үр дүнтэй байсан гэсэн үг.
Нөгөө талаас үүгээр Засгийн газрын 2020 онд баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр 2020-2025” болон 2021 онд баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүүхэд бүрд нэг аяга сүү” компанит ажлыг санаачлан Биндэр сумын Засаг даргын Тамгын газар болон сумын ЕБС-тай хамтран ажиллажээ.
STREAM төслийн менежер А.Амгалан “Манай төслийн хувьд хүүхдийн эрүүл мэнд, бие махбодын өсөлтийг дэмжих зорилгоор сумын сургуулийн үдийн хоолны хөтөлбөрт сүүг оруулах зорилт тавин ажилласан. Тэгэхийн тулд нэлээд ажиллагаатай байсан. Зүгээр айлуудаас түүхий сүү цуглуулаад түүнийгээ хөөрүүлээд өгнө гэхээр хүнсний аюулгүй байдлын шаардлага бүрэн хангасан хэмжээнд байхгүй.
Тиймээс бид сүлжээгээр нь харж ажилласан. Үр дүн нь өөр өөр хугацаанд гарч байгаа. Хамгийн түрүүнд өвлийн улиралд сүүний хангамжийг нэмэгдүүлэхийн тулд нэг үнээнээс гарах сүүний гарцыг нэмэгдүүлэхэд анхаарсан.
Дараа нь сумын төвд өдөрт нэг тонн сүү боловсруулах цех байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Хүүхдүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд ванильтай сүү, исэг ундаа, аарц, иогурт, цөцгий таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнээс гурван бүтээгдэхүүнийг нь сургуульд долоо хоногт 2-3 удаа, гурван жилийн турш нийлүүлээд байгаа. Үүний үр дүнг илэрхийлэх судалгаа тайланг НЭМҮТ-ээр хийлгээд байна” гэв.
STREAM төслийнхний сургуулийн хүүхдийн үдийн хоолны хөтөлбөрийн сүүг тогтвортой байлгахын тулд сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх чиглэлд хийсэн дараагийн ажил бол малын үүлдэр угсааг сайжруулах замаар сүүний гарц, хангамж, түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх явдал байв. Малчид сүүний гарц сайтай үхэртэй байх аваас төслийн сумын малчин эмэгтэйчүүдэд байгуулж өгсөн хоногт нэг тонн сүү боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллана.
Цаашлаад зорилтот сургуульд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэгдэнэ. Сүүний үйлдвэрийн тухайд төслийн зүгээс сургуулийн хүүхдийн үдийн хоолонд сүү оруулахын тулд Хэнтий аймгийн Биндэр сумын малчин эмэгтэйчүүдийн бүлэгт сүү боловсруулах жижиг цех байгуулахад дэмжлэг үзүүлж, өдөрт 1000 литр сүү боловсруулах хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр хангаж сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга технологийг ч зааж сургажээ.
Мөн сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа өвлийн сүүний хангамжийг сайжруулах зорилгоор Биндэр сумын сургуульд сүү нийлүүлэх малчдын бүлгийн 50 үнээнд сүүний чиглэлийн Симментал үүлдрийн зохиомол хээлтүүлэг хийлгүүлжээ.
Түүнчлэн үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэхэд малын зохиомол хээлтүүлгийн аргыг орон нутагт таниулж, хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор Биндэр, Баян-Адарга, Өмнөдэлгэр сумаас тус бүр хоёр мэргэжилтнийг үхрийн зохиомол хээлтүүлгийн чиглэлээр мэргэшүүлэн ажиллуулж байгаа аж.
Үндсэндээ сургуулийн хүүхдэд эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай сүү, сүүн бүтээгдэхүүн өгөхийн тулд төслөөс малын чанар, өвлийн сүүний хангамжийг нэмэгдүүлэх гээд суурь асуудлаас нь эхэлж анхаарч, цогцоор нь шийджээ. Одоо гагцхүү сүүний цехийнхэн үйлдвэрээ тогтвортой сайн ажиллуулж авч явах нь чухал байгааг STREAM төслийн менежер А.Амгалан онцолж байлаа.
Малчдыг сүү сайтай үхрүүдтэй болгож, малчин эмэгтэйчүүд сүүний сайн цехтэй боллоо. Сургуулийн үдийн хоол хөтөлбөрт сүү өгдөг болсон. Харин одоо төгсгөлд нь төслийн үр дүнг харуулах зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв/НЭМҮТ/-тэй хамтран хийсэн судалгааг хэрхэн хийсэн, ямар тоон үзүүлэлтүүд гарсан талаар танилцуулъя.
Судалгаанд Биндэр сумын сургуулийн 2-5 дугаар ангийн сурагчдыг судалгааны үндсэн бүлгээр, зэргэлдээ Өмнөдэлгэр сумын сурагчдыг хяналтын бүлэг болгон сонгож, нийт 431 сурагчийг хамруулжээ. Уг судалгаа нь сурагчдын хоол хүнсээр авч буй илчлэг, шимт бодисын хэмжээг харьцуулан судлах, сурагчдын бие махбодын өсөлт болон ясны эдийн нягтыг тодорхойлох, сурагчдын сүү, сүүн бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг тогтоох үндсэн гурван зорилттой.
Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тогтвортой, удаан хугацаагаар сүү, сүүн бүтээгдэхүүнээр ханган, өсвөр насны хүүхдийн бие махбодын өсөлтөд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох үр дүнг тооцох судалгааг манай улсад анх удаа хийснээрээ онцлогтой.
Судалгааны дүнгээр сүү төсөл хэрэгжүүлж буй Биндэр сумын бага ангийн суралцагчдын биеийн дундаж өндөр Өмнөдэлгэр сумын суралцагчдаас дунджаар 1.5 cм-ээр илүү, гурван жил энэ хөтөлбөрт хамрагдаж буй Биндэр сумын 3-р ангийн суралцагчдын өсөлт хоцролт Өмнөдэлгэр сумын сурагчдаас даруй дөрөв дахин бага гарчээ. Мөн бага ангийн сурагчдын илүүдэл жин, таргалалтын түвшин Биндэр суманд 16.7 хувь, Өмнөдэлгэр суманд 21.4 хувь байх жишээтэй.
Судалгаанд хамрагдсан суралцагчдын сүү, сүүн бүтээгдэхүүний долоо хоногийн хэрэглээнд үнэлгээ өгөхөд долоо хоногт 2-4 өдөр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг суралцагч Биндэр сумын ЕБС-д 49.0 хувь, Өмнөдэлгэрт 14.5 хувь байсан бол огт хэрэглээгүй гэж Биндэр сумын суралцагчдын 31.4 хувь, Өмнөдэлгэрийн суралцагчдын 70.5 хувь нь тус тус хариулжээ.
Зохистой хооллолтын зөвлөмжид сүү, сүүн бүтээгдэхүүний өдөрт хэрэглэвэл зохих хэмжээг 3-4 нэгж байхаар зөвлөдөг. Судалгаанд хамрагдсан суралцагчдын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 1.9 нэгж буюу хэрэглэвэл зохих түвшнээс хоёр дахин бага байна. Энэ үзүүлэлт Биндэр ЕБС-ийнх хоёр нэгж, Өмнөдэлгэрийнх 1.8 нэгж байлаа.
Харин чихэр, чихэрлэг хүнсийг хэтрүүлэн хэрэглэх нь бие махбодын кальцын алдагдлыг нэмэгдүүлж яс сийрэгжилт, шүдний цоорол өвчний шалтгаан болдог. Зөвлөмжид чихэрлэг ундаа, чихэрлэг хүнсийг долоо хоногт нэг удаа хэрэглэвэл зохистой гэж үздэг.
Гэтэл судалгаанд оролцогчдын 38.7 хувь нь чихэрлэг ундааг долоо хоногт 2-4 өдөр, 5.6 хувь нь 5 ба түүнээс олон өдөр уусан бол 55.6 хувь нь уугаагүй буюу нэг удаа уусан гэсэн бол суралцагчдын 43.9 хувь нь сүүлийн долоо хоногийн 2-4 өдөр нь жигнэмэг, торт, шоколад, хатуу, зөөлөн чихэр зэрэг чихэрлэг хүнс хэрэглэсэн ба 13.9 хувь нь тав болон түүнээс дээш өдөр иджээ.
Судалгаанд сурагчдын бие махбодын үзүүлэлтийг нас, хүйс, ангиар нь авч үзэж биеийн өсөлт, өндөр, ясны эдийн нягт зэрэг үзүүлэлтээр нарийвчилж судлан, дэлгэрэнгүй тусгасан байгаагаас энд гол үзүүлэлтийг тоймлон харъя. Хоёр сумын гуравдугаар ангийн сурагчдын дунд биеийн өсөлт хоцролт илүү ялгаатай ажиглагджээ.
Тухайлбал, энэ үзүүлэлт Биндэр сумын 3-р ангийн суралцагчдын дунд 1.9 хувьтай байсан бол Өмнөдэлгэр суманд 9.1 хувьтай гарчээ. Түүнчлэн нийт судалгаанд оролцогчдын 17.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай байснаас Өмнөдэлгэр суманд (20.0%), Биндэрт (14.7%) байв. Илүүдэл жинг насаар нь харьцуулан үнэлэхэд зургаан настнууд илүү их хувь эзэлж байгааг энд онцолсон байна.
Дараагийн үзүүлэлт болох биеийн өндрийн хувьд харьцуулан судалж буй хоёр сумын 2-5 дугаар ангийн сурагчдын дундаж өндөр Биндэр сумын хүүхдүүдийн хувьд наснаасаа хамаараад Өмнөдөлгэрийнхээс 0.4-1.5 см-аар өндөр байжээ.
Энэ талаар уг судалгааг хийсэн НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хоол зүйн ухааны доктор Ж.Баясгалан хэлэхдээ “Үдийн хоол хөтөлбөрөөр сүү ууж эхлээд гурван жил болж байгаа Биндэр сумын сурагчдын өндөр Өмнөдэлгэр сумын хүүхдүүдээс өндөр байгаа боловч статистикийн хувьд хамаарал p=0.06 байлаа” хэмээв.
Тэгэхээр судалгааны үр дүн сургуулийн үдийн хоол хөтөлбөрөөр дамжуулан сурагчдын сүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь хүүхдийн өсөлтөд мэдэгдэхүйц нөлөөлж буйг харуулж байна. Энэ нь цаашид хөдөө, хотгүй сургуулийн хүүхдийн үдийн хоолны хөтөлбөрт зөвлөмж хэмжээнд заасан өдрийн 300 мл сүүг хэрэглүүлж занших хэрэгцээ бийг илэрхийлж буй юм.
Мөн төслийн “Хүүхэд бүрд нэг аяга сүү” компанит ажлын хүрээнд Биндэр сумын сурагчдад сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхийн ач холбогдлыг сурталчлан таниулах ажлыг ч багагүй хийжээ. Биндэр сумын сурагчид сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдол, найрлагын талаарх мэдлэг ойлголт сайтай байгаа нь судалгааны дүнгээр гарчээ.
Гэвч сүү, сүүн бүтээгдэхүүний өдөрт хэрэглэх хэмжээг дөрвөн хүүхдийн нэг нь мэддэг, найман сурагчийн нэг нь сүүний ач холбогдлын талаар нэрлэж мэдэхгүй байсан ба сүүнд агуулагдах шимт бодисын тухай ойлголт маш хангалтгүй байв. Иймд цаашид сурагчдад сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, ач холбогдлыг таниулсан сургалт, мэдээллийн ажлыг идэвхжүүлэн, эрчимжүүлэх шаардлагатай аж.
“Өдөр бүр нэг аяга сүү”-ний өгөөж их гэдэг нь ч энэхүү судалгаагаар тов тодорхой харагдлаа. Тиймээс “Өдөр бүр аяга сүү” аяны ач холбогдол, үр дүнг орон даяар сурталчилж, өргөн хүрээнд хэрэгжүүлэх нь чухал юм.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, малчин монголчууд хүүхэд багачуулаа сүү, сүүн бүтээгдэхүүнээс авах биед хэрэгтэй шим тэжээл, амин дэмээр дутааж өсгөмөөргүй байна. Олон жил сургуулийн хүүхдэд сүү уулгадаг болох тухай ярьсан яриагаа цаг алдахгүй ажил хэрэг болгох шаардлагатайг энэхүү судалгаа дахин нотоллоо.
Тиймээс аав ээжүүд болон сургуулиуд улмаар Засгийн газарт “Өдөр бүр нэг аяга сүү” уриалгыг дэвшүүлэн хүргэе. Учир нь, дэлхийн улсуудын Засгийн газраас сургуулийн насны хүүхдүүдэд зориулан “Сүү хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хүүхэд бүрд өдөрт нэг аяга ариутгасан сүү уулгах замаар хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, бие махбодын өсөлтийг нь дэмждэгийг дуулгая.
Нийтлэл бичсэн: И.Отгонжаргал
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!