Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын алдартай терракотта армийн хоёр шавар цэргийн баримлыг дотоодын жуулчин гэмтээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хятадын түүхийн үнэт дурсгалд тооцогддог терракотта армийн хоёр цэргийн шавар баримлыг дотоодын нэг жуулчин гэмтээсэн талаар албаныхан Бямба гарагт мэдээлжээ.

Баасан гарагт Шиань хотод оршдог уг археологийн дурсгалыг үзэж байсан 30 настай эрэгтэй үзмэрийн торон хашааг даван үсэрсэн юм байна.

Энэ үеэр тэр дайчдын хоёр шавар баримлыг түлхэн унагасны улмаас янз бүрийн хэмжээгээр гэмтжээ.

зураг
 

Саатуулагдсан этгээд “сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай” байсныг тогтоож, шалгалтын ажил үргэлжилж буйг орон нутгийн цагдаагийн алба мэдээлсэн байна.

Жуулчны үсэрч орсон малтлагын нүх 5.4 метрийн гүнтэй байжээ.

Нийтийн Тооллын Өмнөх 209 онд анхны эзэн хааны бунхныг хамгаалуулах зорилгоор хоорондоо давтагдашгүй царай төрхтэй 8,000 цэргийн баримлыг хамт оршуулсан байдаг нь Хятадын археологийн чухал олдворуудын нэгд тооцогддогоос гадна Хятадын эртний соёл урлагийн бэлгэдэл болдог.

Хятадын хойд бүсийн Шаньси мужийн төв Шиань хотод оршдог энэ байгууламжийг 1987 онд Юнескогийн дэлхийн соёлын өвд бүртгэж байжээ.

Болсон явдлын улмаас террекоттагийн музей хаагдахгүй, хэвийн ажиллахыг албаныхан мэдээлсэн байна.

Эх сурвалж: AFP