Монгол Ардын Намын Бага хурлын гишүүдийн олонхын саналаар гэрээгээ зөрчсөн улс төрийн намыг хамтарсан Засгийн газраас хөөх шийдвэр гаргасан. Тус хурлын үеэр Засагт хамтарсан хоёр намын аль нэгийг гаргавал огцрох өргөдлөө өгнө хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн.
Хамтралаас аль нэг нам гарахад Ерөнхий сайд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг ойлголт, хүлээлт Бага хурлаас хойш нийгэмд үүссэн.
Гэтэл дээрх хурлаас яг долоо хоногийн дараа Засгийн газрын ээлжит хуралдаанаас Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ руу оруулах болсон бөгөөд үүнийг кабинетын сайд нар 100 хувийн саналаар дэмжсэн гэдэг мэдээллийг Хэвлэлийн албанаас өгөв.
Ийнхүү найз бүсгүйгээ брэндээр тансаглуулсан хүүтэйгээ холбоотой асуудалд тайлбар хийж чадаагүй Ерөнхий сайдыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг хууль тогтоох дээд байгууллага шийдэх нь. Ерөнхий сайд болоод түүний хүүгийн асуудал эхлээд намынх нь хэмжээнд эргэлдэж байснаа Засгийн газар байх уу үгүй юу гэдэг хэмжээнд газар авч, улмаар парламентыг татан оруулав. Товчхондоо Л.Оюун-Эрдэнийн гэрийн асуудал төрийн асуудал болж хувирлаа.
Хэдхэн жилийн өмнө тухайн үеийн ЗГХЭГ-ын даргын хөл доголж, Төрийн ордноос мэдээлэл дамжуулдаг сэтгүүлчдийн анхаарлыг татав. Учир шалтгааныг нь асуухад "Хоолны хордлого болсон. Хөл рүү орчихдог юм байна" гэдэг хариулт өгч гайхшируулж байлаа. Яг энэ хариулт шиг гайхширал төрүүлэх үйл явдлууд өнөөдөр улс төрд өрнөж байна.
Эхлээд Ерөнхий сайдын бэрийн брэндийн хувцас, цүнх Ардчилсан Намыг хамтарсан Засгийн газраас гаргах шалтаг болов. Дараа нь Ерөнхий сайдыг ёс зүйн хариуцлага хүлээж огцрохыг шаардтал мега төслүүдээ явуулмаар байна итгэл хүлээлгээч гэдэг асуудлыг УИХ руу оруулчхав. Үндсэн асуудлаа хааш нь ч эргүүлж, юу руу ч чихэж мэдэх бохир тоглолтоор Ерөнхий сайд орлогоо нотолж, ёс зүйн хариуцлага хүлээж, огцрохгүй гэдгээ хангалттай илэрхийлэв.
Улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцана хэмээн зарлагдсан МАН-ын Бага хурал шөнө дүл болтол хуралдаад өөрсдийг нь засгаас гаргасныг АН-ын гишүүд гайхаж дуусаагүй байгаа. Өнөөдрийг хүртэлх хугацаанд АН-ын гишүүд хамтарсан засгаас гарах нь зөв, буруу хэмээн талцаж, тэр ч байтугай намын дарга нь хариуцлага хүлээж албан тушаалаасаа буухаа мэдэгдсэн. АН-ын бусад сайд нар гуйсан ч үлдэхгүй гэдгээ илэрхийлсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхтэй холбоотой заалт байдаг ч өмнө нь хэрэглэж байсан удаагүй юм.
Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд:
1.Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ.
2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно хэмээн заасан байдаг.
Юун түрүүнд Үндсэн хуулийн дээрх заалт дахь "улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар" гэдэг хэсэгт анхаарал хандуулах ёстой болов уу. Ерөнхий сайдаас УИХ-д оруулсан тогтоолын төсөлд "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэнэ үү" гэжээ.
Угтаа Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогыг парламент нь дэмжихгүй байгаа тохиолдолд Ерөнхий сайдын зүгээс итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-д оруулдаг байх агуулгаар хуульчилсан. Олон улсын жишиг ч ийм. Гэтэл манай парламент Засгийн газрын хуулийн хэлтэс гэж хэлүүлтлээ үйл ажиллагааг нь дэмжин ажилласан байдаг. Л.Оюун-Эрдэнийн урдаа барьж буй 14 мега төсөл Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Тэгвэл уг бичиг баримтыг УИХ-ын гишүүд дуу нэгтэйгээр дэмжиж баталсан байдаг. Тэр ч бүү хэл Засгийн газрын алдаатай, хуумгай боловсруулсан асуудлыг УИХ-ын гишүүд нүдээ аниад дэмжээд явуулсан тохиолдол ч цөөнгүй. Тиймээс Засгийн газрын бодлогыг парламент дэмжихгүй байгаа гэж үзэх боломжгүй юм.
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг маргаашаас буюу зургаадугаар сарын 2-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ. Үүнээс цааш 10 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэх ёстой.
Өнгөрч буй Лхагва гарагт итгэл хүлээлгэх асуудлыг их хуралд оруулсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Ерөнхий сайд өөрийг нь үлдээх эсэх асуудлыг парламент хэрхэн шийдэх бол гэж хүлээж суугаагүй нь ойлгомжтой. Пүрэв, Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд анх удаа болон жагсаалтаар сонгогдсон хэдхэн гишүүн сууж харагдсан. Харин туршлагатай, намдаа нөлөөтэй гишүүд кнопоо үнэд хүргэхээр ханцуйн дотроо наймалцаж байгаа гэдэг хардлага үнэнээс хол зөрөхгүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч огцрох, чөлөөлөгдөх хүсэлт бус итгэл хүлээлгэх асуудал оруулсан нь парламенттай "наймалцаж" чадна гэж тооцоолсны үндсэн дээр хийсэн алхам биз ээ.
Бас нэгэн анхаарах зүйл бол санал хураалтыг хэрхэн явуулах бол гэдэг асуудал. Итгэл хүлээлгэх эсэх асуудлыг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхдээ санал хураалтыг хэрхэн явуулахыг хуульд нарийвчлан заагаагүй. Тиймээс илээр кноп дарж бус, нууц санал хураалтаар шийдэх магадлал бий. Хэрэв нууц санал хураалтаар асуудлыг шийдэх саналыг аль нэг гишүүн гаргавал хуралдаанд оролцогсод дэмжиж, олон нийт кнопоо худалдсан гишүүдийг мэдэж чадалгүй үлдэх эрсдэлтэй.
Харин Ерөнхийлөгч энэ асуудалд ямар байр суурьтай байгаа, Л.Оюун-Эрдэнэ үлдсэн тохиолдолд кабинетаа хэрхэн бүрдүүлэх
Нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэрч, ашигтай тоглолт хийж чаддаг улс төрч бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Ковидын үед төрөх эмнэлгээс өлгийтэй хүүхдээ тэврэн гэрийн шаахай, нимгэн хувцастай гарч буй эмэгтэй бичлэг төрийг эргүүлж, тухайн үеийн Ерөнхий сайдад "хариуцлага хүлээлгэж", Ерөнхийлөгч болох замыг нь зассан.
Энэ удаагийн улс төрийн дуулианы гадна үлдээх боломжгүй дүр бол Ерөнхийлөгч. Өмнөх 30 гаруй жилийн улс төрийн түүхээс ч Ерөнхий сайд нарыг огцруулах асуудалд Ерөнхийлөгч нар голлох үүрэг гүйцэтгэж байсан гэдэг.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хагарал нэлээн эртнээс яригдах болсон. УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн итгэлт хүн гэгдсэн Я.Содбаатар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсоноор дээр яриа батлагдсан гэж хэлж болно. Бэлхнээ Ерөнхий сайд, намын дарга байсаар атал төрийн тэргүүний талаас намын гал тогоог хариуцах болсон нь юун түрүүнд намаа авах оролдлого гэж харагдахаар.
Энэ удаад ч Ерөнхийлөгчийн болон засгийн талаас зориуд бэлтгэсэн мэдээлэл нийгэмд түгээж, олон нийтийг төөрөгдүүлсээр байгаа нь ил харагдаж буй.
Ерөнхийлөгч "Ажлаа өг" гэж тулгасан бол Ерөнхий сайд итгэл хүлээлгэх асуудлыг их хуралд оруулахыг өмнө төрийн тэргүүнтэй уулзахдаа "Асуудлаа парламентаар шийдүүлнэ" хэмээн гарч одсон гэх.
Мөн парламент Ерөнхий сайдад итгэл хүлээлгэсэн тохиолдолд Ерөнхийлөгч хориг тавина гэдэг таамаг бий.
Мөн Л.Оюун-Эрдэнийн асуудал яригдаж байгаа энэ өдрүүдэд "Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг байр сууриндаа хэвээр байгаа" гэх мессэжийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч болоод төрийн тэргүүн өөрөө удаа дараа мэдэгдэв.
Улс төрийн үйл хэргээ "дүүдээ" хүлээлгэж өгсөн мэт харагддаг ч нам, Засгийн газар, парламентын алинд ч асар их нөлөөтэй байсаар буй төрийн тэргүүн болоод Ерөнхий сайд нарын хагарал юунаас эхэлж, хаана хүрэхийг харах үлдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!