Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Араб, Катар улсууд Сирийн төрийн албан хаагчдын цалинг "даахаар" болжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Саудын Арабын гадаад хэргийн сайд Сирийн ерөнхийлөгчтэй уулзжээ

Сири улсын төрийн албан хаагчдын цалингийн санг Катар улстай хамтран санхүүжүүлэхээр болсноо Саудын Арабын гадаад хэргийн сайд, хунтайж Фэйсал бин Фархан аль Сауд өчигдөр мэдэгджээ.

Бямба гарагт Дамаск хотод болсон хамтарсан хэвлэлийн хурлын үеэр тэр уг шийдвэрийг зарласан байна.

14 жил үргэлжилсэн иргэний дайны үр дүнд өнгөрсөн оны сүүлээр Башар аль-Ассадын дэглэм нуран унаж, Сири улсад шинэ засгийн газар байгуулагдсан юм.

Сирийн шинэ эрх баригчдын хамгийн том дэмжигчид нь дээрх хоёр улс болоод байгаа.

Өнгөрсөн сарын эхээр Сирийн сангийн сайд Мохаммед Йоср Берние тус улсын төрийн албан хаагчдын цалинг санхүүжүүлэхэд Катар улс гурван сарын турш сар бүр $29 саяыг гаргах болсныг зарлаж байв.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсаас Сирид оноосон эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцалсан юм. Дараа нь Европын Холбоо бас ижил арга хэмжээ авсан.

Тавдугаар сарын дундуур Саудын Араб, Катар улсууд Дэлхийн Банканд тавьсан Сирийн өрийн үлдэгдэл $15 саяыг төлж барагдуулсан юм.

Сирийн шинэ ерөнхийлөгч Ахмед аль-Шараа олон жилийн турш дайнд нэрвэгдсэн улс орноо сэргээн босгоход Персийн булангийн орнууд болон Өрнөдийн дэмжлэгийг авахаар шаргуу ажиллаж байна.

 

Эх сурвалж: Aljazeera