- Тэмдэглэл -
Хөдөөгийн буйдхан тосгоны охин Д.Өнөрболор юуг даван туулж өнөөгийн “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч, “Бидний цөөхөн монголчууд” үндэсний төслийн зохицуулагч, оюутан залуусын “Болор-ирээдүй” хөгжлийн санг үндэслэн байгуулагч болсон түүхийг цувралаар хүргэж байна.
Өвөө минь нутаг усандаа “баараггүй” хэмээх хочтой Содномцэрэн гэж хүн байв. Би бүр нэгдүгээр ангиасаа эхлэн зуны амралт бүрийг өвөөгийндөө хүргэгдэн зусдаг байсан юм. Өвөөгийнх гэж хүн, мал бужигнаж, ажил хөдөлмөр буцалсан айл. Би өвөөгөө эцэж ядарсан, хэвтэж сууснаар төсөөлөх гэхээр ер санаанд буудаггүй. Нар салхинд онгож гандсан дээл хувцастайгаа, залуу хүнийх шиг хөнгөн шингэн алхлан эрдүү чанга хоолойгоор чаа чүү болон морь малтайгаа гүжирмэг гэгч ноцолдож яваа нь л ой ухаанд үлджээ. Борви бохисхийх завгүй их ажлаас нь заримдаа үнэхээр халшрам. Өвөөгийн суурингийн мал гэж савандаж угаагаад тавьчихсан юм шиг цавцайсан цагаан хонин сүрэг байдагсан.
Өвөөгийн мэдэлд 30-аад цэрэг алба хаана. Мал керлинд оруулах, бог, дараа нь бод малаа хэрхэн тоолох, тэнд хэн ямар үүрэгтэй оролцох гээд бүгдийг өвөө зохион байгуулна. Өвөө нягтлан мэргэжилтэй ч тэтгэвэрт гарсан хойноо нярваар ажиллаж байсан. Өвөө эмээ хоёр эхлээд Төв аймгийн Борхужирт гэж газар, дараа нь Лүнд амьдарсан. Өвөө тэнд байсан цэргийн 144 дүгээр ангийн мал аж ахуйн суурингийн дарга хийдэг.
Миний ажигласнаар өвөө гэрийнхээ ерөнхий, том зүйлсийг зохицуулдаг. Мал ноослох, керлинд оруулах, тоолох ажлыг багахан наадам, баяр ёслолын хэмжээнд зохион байгуулна. 144 дүгээр ангид ажиллаж байхад нь өвөөг Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон дахь цэргийн 072 дугаар ангийн мал аж ахуйн суурийн ажил сайжруул гэсэн даалгавар өгч даргаар нь томилсон юм билээ.
Өвөө асар зарчимч, тэр нь заримдаа яхир гэмээр сэтгэгдэл төрүүлдэг хүн байв. Бас хүнд их тусархуу. За гэвэл ёогүй. Мал төлөө ганц ч төлийн хорогдолгүй хүлээж авна. “Баараггүй” гэдэг нэр нь үнэхээр эзнээ олсон хоч байжээ. Өвөө тийм олон цэрэгтэй мөртлөө гэрийн ажлаа тэднээр хийлгэдэггүй байсан. Ажил, амьдралын асуудал заагтай гэж үздэг. Өвөө Москва, Будапешт, Варшав ороод үзчихсэн, тухайн үедээ юм үзэж нүд тайлсан буурал явсан юм.
Миний эмээ
Эмээ минь намайг ухаан ороход л настай хүн байлаа. Нар салхинд борогшсон, ажил хөдөлмөрийг алгандаа атгаад сурчихсан тийм нэг нүнжигтэй, итгэл найдвартай гэгч нь томоо гартай. Миний гарыг эмээгийнх л гэдэг юм. Би эмээгээсээ “Та залуудаа яг ямаршуу байсан бэ” гэж их шалдаг байж билээ. “Ямаршуу гэдэг нь ямаршуу ч үг юм” гэж эмээ намайг шоолно. Эмээ намайг том болсон хойно ямархан бүсгүй явснаа ярихад нь ихэд бахархан хайрлаж билээ.
Эмээ суурингийн даргын эхнэр учраас цэргүүдэд малын сүү саалиар хэрхэн цагаан идээ бэлтгэхийг зааж өгдөг болж. Эмээд шавилсан цэргүүд халагдаж нутагтаа очоод эхнэр авахад бүсгүйчүүд нь яасан их гологдсон бол доо гэж би боддог. Эмээ цагаан идээ чадварлаг боловсруулахаас гадна янз бүрийн эмийн ургамлаар малаа эмчилчихдэг, цэргүүдээ ч анагаачихдаг хүн байж билээ. Үхрийн зэл дээр гарна, үнээ малаа өөрөө саана.
Би овоо том болсон хойноо аавдаа нэг удаа гомдол мэдүүлсэн юм. “Би өвөө эмээд яагаад ингэж зарагдах ёстой юм. Яагаад би өглөөнөөс орой хүртэл минчийж улайтлаа далан давхар хайрч, сүүтэй цай чанаж, хоол унд тогоо тогоогоор нь хийж, борви бохисхийхгүй ажиллах ёстой юм. Хажуугийнхаа уулын орой дээр гараад ирэх эрх ч надад олддоггүй” гээд л нэг их гомдоллож билээ. Аав маань “Эмээ өвөөдөө чи л тусална шүү дээ. Миний охин угийн ажилсаг шаавай юм чинь, гончигсум” гэхээс өөрөөр тоосонгүй. Би тэгээд хувь заяатайгаа эвлэрсэн.
“Өндөр ээж” киноны хөгшнийг харах бүрт эмээ минь яг л санагддаг. Тэр үед сард нэг удаа кино механик ирээд цэргийн гэрт орны цагаан даавуугаа татаж дэлгэц болгоод киногоо гаргана. Тэгж анх “Өндөр ээж” үзэж билээ. Өвөөгийнд замын жолоочоос эхлээд цэргүүд, ахлагч нар нь, цэргийн дарга нар, тэдний гэр бүл, төвөөс яваа генералууд гээд шавахгүй хүн байхгүй. Эмээ маань ямар ч хүнийг цай цүйгүй бүү хэл бэлэг сэлтгүй гаргадаггүй байж билээ. Хүнд юм өгөхдөө том гараа өөд нь дэлгээд л барина даа.
Эмээ надад нэгэн удаа залуу насаа ярьсан юм аа. Урт гэгчийн өтгөн гэзэгтэй, өндөр цэх нуруутай, яралзсан цагаан шүдтэй түүнийг нутгийнхан нь “гэзэг” Цэгмид гэдэг байж. Хар багаасаа ажилч хичээнгүйгээрээ нутаг усандаа алдаршиж явжээ. Ажилсаг охин гээд зэргэлдээх сумаас нь хүртэл сураг ажиг тавьсаар тэмээнд дүүрэн ачаа бараа тэгнэсэн хүмүүс ирж бэрээ болгохоор гуйдаг байж. Тэгээд өвөөтэй танилцаж, цэрэгт явахаас нь өмнө гэрлэж бараалсан гэдэг. Дөнгөж хуримлачихаад цэрэгт мордсон нөхрөө гурван жил хүлээсэн юм билээ. Миний аав бол тэдний ганц хүү. Эмээ залуудаа сумандаа бичиг үсэг тайлагдсан цөөн хүний нэг байсан тул айл хунарт ирсэн захиаг нь дуудаж өгдөг байж. Хожим өндөр настай болсон хойно үхэр малаа хотлуулчихаад “Үлгэрийн далай” судраа дүнгэнэтэл, зүүд нойронд умбан умбатал уншиж өгдөгсөн.
Эмээ бас үг хэл хурц гэдэг нь яггүй ээ. “За, хүүхдүүд минь...” гээд нэг эхэлбэл ар дээр нь гартал хэлнэ л гэж мэд. “Нэг их гэдийсэн, ажлаас хойш суусан, арчаагүй залхуу амьтад болов доо. Үстэй толгой нь арзайж сэгсийсэн, хормойгоо чирсэн, заваан гэж ойгүй, бойтог хүүхнүүд тун горьгүй дээ, ээ бурхан минь” гээд л нүдэнд харагдаж, төсөөлж бодох төдийд сүнс зайлтал сэрэмжлүүлнэ шүү дээ. Ер нь сайныг ч тэр, саарыг ч тэр ой тойнд буутал хэлнэ.
Би анхны цалингаараа 200 аяга аваад хоёр том шуудайд хуваан хийж эмээдээ хүргэж өгч байсан юм. Орсон гарсан болгоныг хооллож цайлдаг эмээд минь аяга шиг хэрэгтэй юм үгүй. Миний л мэдэхийн аягануудын олонх нь эмтэрчихсэн байдаг, тэднийг нь нэг солиод өгчих юмсан гэж би мөн ч олон жил бодож явснаа тэгж гүйцээсэн билээ. Өөрт нь амттан шимттэн, торго дурдан бэлэглэхэд тэгтлээ баярлаагүй хэр нь хоёр шуудай аягаа дэлгэчихээд “Амьтан хүнд хоол ундаа барьж ээ байхад ёстой нэг таатайхан болоод авлаа, Өнөрболор минь” гэж том хэрэг бүтээсэн аятай учиргүй хөөрч байсан даа, хөөрхий минь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!