Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

МИНИЙ ТҮҮХ - 7: БЭЛЭГ

ikon.mn
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

 - Тэмдэглэл -

Хөдөөгийн буйдхан тосгоны охин Д.Өнөрболор юуг даван туулж өнөөгийн “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч, “Бидний цөөхөн монголчууд” үндэсний төслийн зохицуулагч, оюутан залуусын “Болор-ирээдүй” хөгжлийн санг үндэслэн байгуулагч болсон түүхийг цувралаар хүргэж байна.


Өвөөгийнх гаднаа хоёр амбаартай. Нэг нь гал тогоо. Гал тогооны амбаар бол ер нь миний амбаар гэсэн үг. Хананд нь орос сэтгүүлийн гоё плакатуудаа наачихна.

Олон хавтгай гурил элдэж байхдаа харж, тэр гоё зургууд руу уусан орж мөрөөдөхөд зугаатай байдаг юм. Өвөөгийн гэрт гурван авдар байна. Нэгд нь Оросоос захиж авчирсан модон чихэр, бохь, тоглоом гэх мэт тухайн үедээ нэн ховор живэр, хүүхдэд сонин содон бэлэг сэлтээ зэхнэ. Манайхныг зун очоод намар буцахад аав, ээж, дүү бид дөрөвт авдраа уудлан тус бүрт тухайн үедээ дэлгүүр хоршоонд байдаггүй тун ч загварлаг хувцас, хайрцагтай зефир, мармелад бэлэглэнэ. Нэг удаа ээжид минь зүүн Германаас билүү, Чехээс ч билүү их л холоос хүнд захиж авчруулсан гоёмсог туфли, өнгө хосолсон цүнх бэлэглэж билээ. Хоёр дахь авдарт миний нэрлэснээр “дотоодын” бэлэг сэлтээ хураана. Манай хоёр тэндээ хот орохдоо цуглуулсан элдэв дээдийн бэлэг болон залуу хос, хүндтэй ахмад настнуудад барих гэж метрийн торгыг толгойгоор нь аваад тавьчихдаг байсан. Гурав дахь жижиг нь төмөр авдар, түүнд нь бэлэн мөнгөө хийнэ. Хөдөөгийн хүмүүс болохоор мах, сүү, хоол хүнсээ худалдаж аваад байхгүй, мөнгөө авдартаа хураачихдаг байсан юм болов уу даа. Нэг харахад дүүрчихсэн, нэг харахад мөнгө нь дундарчихсан байдаг байж билээ. Эмээ маань зочин гийчний алгыг өөд харуулахгүй гаргана аа гонж. Зориуд захиж бэлдсэн бэлгээ хүмүүст өгч бусдыг баярлуулах их дуртай, түүнээсээ их таашаал авна аа. Хүний, өөрийн гэхгүй бусдыг баярлуулж буян хураадаг хүмүүс байсан юм болов уу даа, миний хоёр буурай. Эмээ, өвөө хоёр маань үр хүүхдээ хожмын амьдралд нь сэтгэл дүүрэн, нүд дүүрэн өсгөх нүнжигтэй хэв маягийг бүрдүүлсэн улс байж гэж одоо би боддог юм.

Цэрэг халагдах үеэр эмээ халагдах цэргүүдийн өндөр нам, царай зүсэнд өнгө, хэмжээг нь тааруулан пүүсүү, торгоор дээл оёж өгнө. Нэг харахад эсгээд, дахиад харахад шидээд, нэг харахад  л оёсон сууж байдагсан. Сүү саалийнхаа ажлын хажуугаар үдшийн бүрий тасартал үйл мэтгэнэ. Өвөө болохоор орос хром, бугуйн цаг, шляпан малгай Орост байгаа танилууддаа захиж авчруулаад цэргүүдэд өгнө. Өвөө, эмээгийн минь хувьд гурван жил хамтдаа ажиллаж амьдарч өөрийн хүүхдүүд шигээ ээнэгшин дассан хэдэн бор цэргээ ижий аавд нь үдэж мордуулахдаа үнэнхүү гараа гаргаж, байдгаа зориулдаг байсныг нь би мэднэ.  

Үхрийн зэлэн дээр хормогчтой, сүү саагаад явж байсан ах нар халагдах үедээ энэ гоёлуудаа өмсөөд танигдахын аргагүй гангарсан харагддагсан.

Жин тан, яг таг

Дуртай дургүй хөдөө байдаг байсан минь аяндаа арилж, би тэндээ идээшин дасав. Өвөө эмээгийн аливаа зүйлийг урьдчилан төлөвлөж яг таг бэлддэг жин тан занг би өөрийн мэдэлгүй өвлөн авсан. Эмээ шинэ жилээр илбэчин шиг хаанаас ч юм алим, лийр, мандарин гаргаад ирнэ. Амттангүй бол нээрэн ямар шинэ жил байх билээ.

Хоёр буурлын маань бэлдэж зэхдэг зан одоогийн хүмүүсийн ажил хэрэгт “бизнес төлөвлөгөө”, “эрсдлийн менежмент”, “техник эдийн засгийн үндэслэл” гэхчлэн арай өөр нэртэй болохоос яв цав мөрдлөг болголгүй горьгүй зүйлс. Өвөө, эмээ хоёр маань аж ахуйгаа, амьдралаа, үр хүүхдүүд биднийгээ өөрсөд шигээ баараггүй өсгөжээ.

Эмээ маань намайг асар их ажилд уйгагүй сургасан. Бүх зүйл жин тан байх ёстойд үйлдлээрээ үлгэрлэсэн хүн. Аяга өнгөргүй байх ёстой, сүүтэй цайнд идээний бор биш сүүний цагаан өнгө давамгайлан шаргалтсан, гэхдээ сүү нь ихдээгүй, тос, давс, ус, сүүний амт нь тэгш сайхан байх ёстой гэдэг. Хөдөөгийн айл мөртлөө аяга, таваг, шанага, унь, орны толгойд ганц ч ялааны баас тогтоогүй байдагсан. Байнга л угааж, арчиж, цэвэрлэнэ. Өглөө, оройд шалаа угаана. Гэрийн будсан шалны завсар хог байх ёсгүй гэж үздэг. Би сойзоор угаадаг байв. Ор дэвсгэрийн даавуугаа  долоо хоног бүр сольж угаана. Марль анх авсан шигээ цагаан өнгөтэй байх ёстой гэнэ.  

Ааруулын уутаа цуу ямбуун даавуугаар хийнэ, гаднаа заавал 2, 5 эсвэл 10 кг гэсэн бичигтэй байх, бас тус бүрт нь уядаг бүч хадсан байх хэрэгтэй, тэгэхгүй бол ааруул хатчихна гэнэ. Ааруулын дэлгэцээ шар сүүгээр цэмбийтэл угааж, ганц ч үс наалдсан байх ёсгүй, цагаан идээгээ цэвэр хийнэ гэдэг. Шөлтэй хоолыг ган тогоондоо буцалгах, боорцог, гамбираа ширмэн тогоонд хайрах ёстой гэж үздэг байв. Хоёр хүн ирвэл энэ тогоонд, 6, 10 хүн ирвэл тэр, тэр тогоонд хоол хийнэ гэнэ. Тэгээд ямар ч гэнэтийн сандруу тохиолдолд амарчилна, аргална гэж үгүй. Яг таг уйгагүй хийнэ, намайг мөн тэгж л сургасан.

Цэргийн дарга нар манай өвөө, эмээгээс л айраг, ул боовоо авна. Айлын тавган дээр байхад нь хүртэл харагдах цэмцгэр хэвээр нь манай ул боовыг ялгаж танина. Би одоо ч яг тийм амттай ул боов идэхсэн гэж боддог гэвэл хүмүүс үнэмшихгүй дээ. Өвөө эмээ хоёр маань ёстой л аманд ороод хайлдаг тийм боов хийдэг байсан. Гурил зуурах түмпэн, буцалсан ус, чамрын тос, дэлгэц, хайрах тос, тогоо, түлээ гээд жижиг зүйлийг ч нягт нямбай урьдчилан бүрдүүлнэ. Бэмбийг ч нухсаан нухсан. Өвөө бэмбийн чанарыг ганц чимхээд л шалгачихна.

Эмээ жижиг даавуу хүүдий шидэж чанаж ариутгаад хатахаар нь үзэм, хушга, чангаанз мэтийг дотор нь хийж амыг нь оёод айргийн хөрөнгө исгэхдээ хэрэглэнэ. Өвөө айргийг цэрэг бүрээр тус бүр мянга бүлүүлнэ.

Өвөө 200-гийн поошигт будаа, сумны модон авдрыг цэвэрлээд дотор нь гурил базааж авдагсан. Би ч гэсэн одоо адилхан. Гурил, будаа, цөцгийн тосоо ахиухан авна. Ариун цэврийн цаас, саван зэрэг өдөр тутам хэрэглэдэг ахуйн хэрэглэлийг сав дүүргэн зэхэж байж бүх зүйл зохих ёсоороо байгаа мэт санагддаг маань баараггүй эмээ, өвөөгөөсөө сурсан зан байх. Өвөө, эмээгийн минь жижиг гэлтгүй бүх зүйлийг төгс бодож боловсруулж, амьдралынхаа туршид туршиж баталгаажуулсан “жин тан, яг таг” стандартын ул мөр манай гэрт ч, миний удирдан явуулж буй компанийн ажлын байранд ч надаар дамжин нэвтэрсэн дээ. Ер нь хүний ажил, амьдралдаа баримтлах зарчим гээч зүйл ихээ эртнээс, хүүхэд ахуйд бага багаар бүрдэж, хожмын үр дүн нь насан туршид дагах үнэт зүйл болдог юм билээ.

Уул, усаа хайрла

Өвөө, эмээ хоолонд их ач холбогдол өгнө. Нэн түрүүнд хоол хийж байгаа хүн хумсандаа хиргүй байх ёстой гэнэ. Өндөр хүзүүтэй, урт цорготой графинд буцалгаж хөргөсөн ус байх, түүгээр хоол хийхээс өмнө заавал гараа угаана. Усаа гэхдээ их хайрлана аа. Ямар хэмжээтэй усаар нүүр гар угаах, ямар хэмжээтэй усаар толгойгоо угаах нь тогтсон хэмжээтэй. Мөн хувцас, цагаан хэрэглэл угаахдаа усаа гамнах хэрэгтэй гэнэ. Ер нь өвөө, эмээ хоёр маань байгаль дэлхийн бэлэн зэлэн зүйлийг ч хэмжээтэй хэрэглүүлэх гэдэг.

Зуны цагт бид голын устай золгоно. Толгой, бохир бие, хувцас хунараа хэзээ ч голын усанд угаахгүй. Заавал түмпэнд угаагаад, бохир усаа голын эргээс томоо арав алхсан хойноо асгуулж сургасан. Томоо арав алхаж байсан маань одоо ч өөрчлөгддөггүй. Би одоо хөдөө яваад голын эрэгт өнжих үедээ хүүхдүүдээ том 20 алхаж байж түмпэнтэйгээ асга гэдэг болсон. Ам амандаа 20 тоолж байдгаараа том алхаж очоод усаа асгаж харагдахад нь сэтгэлд өег болоод явчихна шүү дээ. 

Өвөө цэргүүдээ мориор малд явахад өөрийнх нь гаргасан жимийг дагахыг захина. Биднийг модоор газар зурахад “Байг” гэнэ. Газар дэлхий минь л гэнэ. Ус хайран, уул хайран. Уул, ус, байгаль дэлхийгээ хайрлаж, өндөр настай биеийнхээ амрыг гээж үрээн амьдарсан буурлууд минь.

Гүзээлзгэнэ түүхээр бол мөн гараа угааж явна, навчгүй, зөвхөн гүзээлзгэнэ жимсийг түүнэ. Ууланд явахдаа нэг эгнээгээр явна, мөн дуутай шуутай явж, биенээсээ төөрөхөөс сэргийлнэ. Балжийн ам гүзээлзгэнэ ихтэй. Өрөмтөй холиод идэх ч мөн сайхан даа.

Үнээ тугалах үедээ шилэрчихдэг шүү дээ. Би араас нь мөн ч их явсан даа. Үнээгээ эрээд явж байхдаа ойр хавийнхаа уулыг ер нь нэгжиж барсан байх шүү. Байгаль дэлхий, уул, ус гэдэг үнэхээр л хүний хийморь сэргээх шидтэй. Хөл гар чангатай, эрүүл саруул өссөн минь хөдөөгийн агаар, малд явж байсны минь ач болов уу гэж боддог. Буцахдаа хөөрхөн тугалтайгаа харихын жаргалыг яана... Эх нь урт урт мөөрөөд л, юун хол шилэрч тугалдаг юм гэж би үнээгээ хангинаад л, тугал нь байдгаараа бүлтэгнэчихсэн инээдтэй гурван юм харина шүү дээ.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.