Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

МИНИЙ ТҮҮХ 8: Хотын охин болсон минь

ikon.mn
2019 оны 1 сарын 10
iKon.MN

 - Тэмдэглэл -

Хөдөөгийн буйдхан тосгоны охин Д.Өнөрболор юуг даван туулж өнөөгийн “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч, “Бидний цөөхөн монголчууд” үндэсний төслийн зохицуулагч, оюутан залуусын “Болор-ирээдүй” хөгжлийн санг үндэслэн байгуулагч болсон түүхийг цувралаар хүргэж байна.


Миний түүх 8

1990 онд намайг наймдугаар анги төгсдөг жил Болороог хот явуулах уу, Сэлэнгийн төв дээр 9, 10 дугаар ангид суулгах уу гэдэг асуудлаар гэрийн хурал болов оо. Эмээ аавд хэлж байна. Зургаан жил орос сургуульд явсан хүүхдийн гадаад хэлний боловсролыг  энэ чигээр нь зэврээж болохгүй. Хот явуулж эрдэм мэдлэгийг нь хөгжүүлье гэж.

Зэврүүлэхийг хүсээгүй эрдэм мэдлэг хэмээх зүйл нь эмээгийн минь хувьд маш онцгой зүйл билээ. Эмээ намайг сурч боловсрохыг үргэлж дэмжиж, магтан сайшааж ирсэн ч надад бас өөрийгөө бодитой дүгнэхийг зааж сургасан. Жаахан амжилтад амархан онгирч болохгүй гэдгийг байнга хэлж сануулдаг байлаа. Хааяа нэг орос үг хольж ярихад “Чи оросоор ярих гэж байгаа бол тэр оросоороо ярь, монголоор ярих гэж байгаа бол монголоор яриад аль” гэнэ. “Эрдэм мэдлэгт суралцахын хэрээр төлөв даруу бай, төлөв даруу байж гэмээнэ эрдэм мэдлэгийн оройд хүрэх биш дөхөж л очно” хэмээн байнга сургана. “Хүүхэд нь Москвад сурч байгаад ирсэн нэг айлын охин “Ээж ээ, энэ хотонд байгаа бөөрөнхий цагаан юмыг чинь юу гэдэг билээ” гэж асуухад ээж нь “Хотоо мэдэж байж хонио мартаж гэнэ дээ” гэж ичээсэн гэнэ лээ шүү” гэж шоолон ярина. “Хүнд ер нь илүү маяг огтын хэрэггүй” гэж эмээ надад мөн ч хатуу захьсан даа.

Ингээд эмээ минь өвөөд бараг зарлиг буулгасан. “Олон хүнд тусалж, хүн хүний ажил хэрэг бүтээж өгдөг суурин даргынхаа хүчийг ганц удаа гаргаж, ач охиноо суулгах тохьтой томоотой айл хотод ол” гэв. Ингээд би чемоданаа аваад өвөө, аав хоёртойгоо хот руу гарсан билээ.  

Хотын охин болсон минь

 

Хоёр охин, нэг хүүтэй, нэлээд төвшин хурандаагийнд өвөө минь намайг суулгалаа.  Гуравдугаар хороололд байдаг айл. Би Октябрийн районы нийслэлийн тэргүүний 13 дугаар дунд сургуулийн орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай есийн “Г” ангид суралцахаар боллоо.

Есдүгээр сарын 1-нд ангийнхаа хаалгыг татлаа. Дахиад л шинэ орчин, Түнхэлээс минь ялгаатай нь гоё ганган охид. Тэд гүнзгийрүүлсэн сургалттай энэ ангид цуглаад нэг жил болжээ. Манай анги удирдсан багш Оюунсүрэн гэж дунд эргэм насны, дугуй царайтай, зөөлхөн харцтай, орос хэлний багш эмэгтэй байв. Намайг шууд л хайрлан угтсан. Хоёр ч Болортой шинэ ангийнхан маань намайг “Өнөрөө” гэж дуудаж эхлэв. Одоо намайг эднээс маань бусад нь л “Болороо” гэдэг. 

Хотын ихэмсэг, нүүрэмгий охидоос лав л хичээлийн эхний өдрүүдэд өөдгүй зан илэрсэнгүй. Харин ч “Чи үнэхээр хөдөөнийх гэж үү" хэмээн итгэж ядах маягтай. Аз болж миний сурлагын түвшин ангийн дунджаас дээгүүрт тооцогдох нь анхны хичээлүүдээс мэдрэгдэв. Ер нь тун ч дажгүй эхлэл биш гэж үү? Энэ бол улсынхаа нийслэл Улаанбаатарт шилжин ирсэн 16 настай охин надад төрсөн анхны бөгөөд хэзээ ч мартагдашгүй сэтгэгдэл. Би дандаа л ийм өөдрөг амьтан байсан. Цовоо сэргэлэн, өөдрөгөөс өөдрөг явах шалтгаан үргэлж олддог гэж би одоо ч бардам хэлнэ. Ийм л засаршгүй өөдрөг...

Хотын сургуульд хичээл бүрт кабинет сольж явдаг нь надад эхэндээ түвэгтэй байв. Нэг удаа дараагийн хичээл орох танхимаа хайж явсаар төөрч, сургуулийн гуанзанд яваад орчихсон юм. Тэнд тухайн үед ихэд моодонд орж байсан хятад шаахай, өргөн өмдтэй, бүгд шахам үсээ нүд рүүгээ унжуулсан хөвгүүд инээлдэн сууж байв. Би нэгэнт л бараг хажууд нь шахам ирчихээд тэнэг юм шиг үг дуугүй буцалтай биш. “Сайн байцгаана уу” гэж аль болох чанга өөртөө итгэлтэйгээр дуугарав. Тэд надтай хариу мэндэлсэн, эсэхийг би одоо огт санахгүй байна. Лав л хайж яваа танхим руу яаж очихоо нүүрэмгий царайлан заалгаж аваад л гуанзнаас бушуухан шиг гарсан юмдаг. Хожим найзархаг харилцаатай болсон тэр хөвгүүд манай сургуулийн атаманууд байв. Ингэж нийслэл хотын хамгийн алдартай хэсэг болох хорооллын атамануудтай өөрөө очоод танилцчихдаг над шиг хөдөөгийн охин байхгүй шүү. Тэд надад “Түнхэлээс ирсэн Түвдэнгийн Бор” гэж хоч бодож олсон юмдаг.

Инээд хөөр, дуу хууранд умбасан хүүхэд насны дурсамжид гэнэн томоогүй ангийнхан маань, 13-дугаар сургуулийн 1992 оны төгсөлтийнхөн, багш нар минь тодхон үлдсэн. Бидний дуулдаг анхны үерхэл, хайрын тухай зохиомол дуунууд, намрын ажилд дайчлагдан Зүүнхараад очиж манжин хураасан шуугиант өдрүүд, хонхны баярын үдэшлэг, нийгэм социализмаас ардчилал зах зээлийн системд шилжиж эхлэх бартаа, донсолгоот замд хүн чанар, хүүхэд зангаа гээгээгүй найзууд минь. Миний дурсамжийн, бас өнөөдрийн салшгүй хэсэг болсон гэгээхэн орон зай Түнхэл дэх гэрийн хурлаар шийдэгдэж, өнөөдрийн Өнөрөөг нь бүтээхэд томоохон түлхэц болсон билээ.      

 

Би ер нь Шарын голынхоо орос сургуулиас Түнхэлд очихдоо, сумынхаа сургуулиас хотод шилжиж ирэхдээ ч гэрээсээ хол яваа хүүхдийг гомдоохгүй байх тийм сайхан сэтгэл хүмүүст байдгийг мэдэж авсан. Миний эргэн тойронд байсан хөдөө, хотын хүүхдүүд намайг их сайхан хүлээн авч байсан нь хожим надад маш олон зүйлийг ухаарах үндэс, жинхэнэ нөхөрлөлийн суурийг тавьсан гэж боддог...  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.