Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Миний түүх-9 : “Улаан коммунист”

ikon.mn
2019 оны 1 сарын 15
iKon.MN

- Тэмдэглэл -

Хөдөөгийн буйдхан тосгоны охин Д.Өнөрболор юуг даван туулж өнөөгийн “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч, “Бидний цөөхөн монголчууд” үндэсний төслийн зохицуулагч, оюутан залуусын “Болор-ирээдүй” хөгжлийн санг үндэслэн байгуулагч болсон түүхийг цувралаар хүргэж байна.

 
 

“Улаан коммунист”

 

Түнхэлд ирээд би энгийн, нийтэч байх хэрэгтэйг ойлгосон бол хот руу явахдаа их сургуульд элсэхийн тулд хичээл номондоо байдаг чадлаараа шамдах ёстой гэсэн цорын ганц зорилго тээсэн. Төгсөх ангийн надад их сургуульд орохоос өөр зам байхгүй гэдгийг эмээ минь миний ухамсарт бөх бат суулгаж өгсөн. “Ахлах ангидаа зорилготой сурах хэрэгтэй, тэр зорилго чинь их сургууль” гэж хэлсэн. Үүнийг л алдвал өөр ямар нэг боломж ерөөсөө байхгүй, цаг хугацаа эргэхгүй, орох байх газар ч олдохгүй гэж би хатуу итгэсэн юм. 

Манай ангид аав ээж нь өндөр албан тушаал хашдаг, сайд нарын зөвлөлд ажилладаг, бүр Франц ороод үзчихсэн хүүхэд ч байлаа. Би ангийнхаа галзуу хүүхдүүдтэй ч нийлдэг, даруухан охидтой ч найз, боломж гарвал өөрийгөө харуулах хүсэлтэй, гэхдээ хэнтэй ч өрсөлдөхийг боддоггүй байсан. 

Улаанбаатарт хөдөөгийн хүүхдийн сонирхлыг татах, үзэж харах зүйл ихтэй ч би гэр, сургуулийн хооронд л явна. Гадуур сэлгүүцэж огт үзээгүй ээ. Харин сургууль дээр хичээлийн бус цагаар зохиогддог элдэв арга хэмжээнд бол ангийнхнаа бүү хэл ахлах бүлгийнхнээ тэр чигээр нь манлайлан идэвхтэй оролцдог байлаа. Олон сайхан дурсамж үлдсэн дээ. Төгсөх ангийнхны шинэ жилийн үдэшлэг, хонхны баярыг хөтөлсөн минь санаанд илхэн байдаг. 

Хэдийгээр би сурлага сайтайд тооцогдож байсан ч их сургуулийн шалгалтад Улаанбаатарын хамгийн шилдэг, миний гаргаж байгаа хүч, тэвчээрийг хэд дахин нугалсан давтлагаар хичээлээ хийдэг тийм л хүүхдүүд тэнцэж таарна гэж өөртөө төсөөлдөг байв. Манай ангийн Хулан бид хоёр саяхан уулзахад тэр намайг “улаан коммунист” хүүхэд байсан гэсэн. “Өнөөгийн энэ амжилтад хүрсэн шалтгаан чинь тухайн үед их сургуульд орох ганцхан зорилготой, тэрнийхээ төлөө тууштай явж чадсаных байх аа” гэж хэлсэн.  

Айлд амьдардаг байж л цахилгааны мөнгийг нь үрээд шөнөжин хичээлээ хийнэ. Тэр үеэс 03 цагт унтах бол миний хувьд энгийн зүйл болсон юм. Давтаж дуусаад гэрэл унтраах хүртлээ цахилгааны мөнгө өндөр гарахвий хэмээн санаа зовдог ч маргааш нь, нөгөөдөр нь, ер нь өдөр бүр дахиад л ийм байдалтай үргэлжлүүлнэ. 

Картын барааны үе учраас улс орон даяар хүн бүрт идэж уух юм багахан хэмжээтэй хуваарилагдана.

Айлд байгаа хүүхэд болгон өлсдөг байх. Хэдийгээр ар гэрээс мах, цагаан идээ тасардаггүй ч би бас их өлсөнө. Дээр нь гэрээ санана. Гэрээ санаж байна, өлсөж байна гэж бодох тусам гунигтай болчихно. Өөдрөг ирээдүйд тэмүүлье, гоё сайхан зүйл бодъё гэж би өөртөө байнга хэлдэг байв. Гэрээс сургууль орох замд нэгэн анхилуун үнэр тараадаг цех ажилладаг байлаа. Өглөө дэргэдүүр нь гарахад нарийн боовны гайхалтай үнэр хамар гижигдэн ходоод хонхолзуулна. Эхэндээ түрийвчээ хоосолчих гээд түвэгтэй. Өөдрөг сайхан зорилгоо бодохоор хөл шууд сургууль руу алхаж, халуухан талхны үнэрийг хүчтэй гэгч нь гурвантаа сорж аваад л чиглэл хазайхгүй шуударна даа. 

“Их сургуульд элсэх зорилго” гэх сайхан зүйл надад гуниглах, өлсөх, залхуурах зав өгөөгүй юм. Тэр үед бяцхан тархи оюунаар минь дамжин зүрх сэтгэлд минь ирсэн өөрийгөө ялан дийлж, зөв залах чадвар бүхий л ажил амьдралын туршид намайг чиглүүлж явааг би мэдэрдэг. Би маш их хичээдэг байсан. Хүн ер нь зорьсон зорилгодоо тууштай бол дутуу хөтүү тусам ухаажин хэрсүүжиж, ард нь гарах зориг, хүч ордог юм шиг. Нөгөө талаасаа зорилготой хүнд ямар ч бэрхшээл даван туулах ёстой нэг шат л гэж харагддаг юм билээ. Надад одоо ч тэгж л санагддаг. 

Галт тэрэгний зорчигч

 

Улаанбаатараас Түнхэл хүрэх галт тэрэг бол миний хувьд ахлах сургууль хийгээд оюутан насныхаа зургаан жилийг түчигнүүлсэн гол унаа. Ачаагаа чирч дүүрсээр галт тэргэндээ сууж аваад гэрийн зүг явах зам түгшүүртэй хэдий ч удахгүй уулзах өвөө, эмээгийн царай нүдэнд харагдан баяр баяслаар дүүрэн явдагсан.

1990 оноос галт тэрэг гэдэг нь зорчигчдын гэхээсээ том том цүнх пиг дүүрэн чихсэн наймаачдын орон гэр болж хувирсан байлаа. “Ганзагын наймаачдын үе” юм. Галт тэргэнд зорчигчийн тасалбартай байх сонин биш. Сандайлах суудал бүү хэл, хөл дөнгөж тавих ч зайгүй байхад нэмж чихээд л байна. Миний тэнхээг шалгасан унаа учраас би галт тэргэнд дуртай.    

Өвөл, зуны амралтаа тэсэн ядан хүлээж байгаад өвөө эмээ дээрээ очно. Түнхэлд “Сайрын овгорууд” гэж бакал гутал жийж, дээлийнхээ бүсэнд чинжаал хавчуулсан эр, эм залуус морин дэл дээгүүр дүүхэлзэн давхихтай нэг бус удаа таарч байв. 

1988-1989 оны үеэс юм болов уу, хөдөө гадаа ганцаараа эмэгтэй хүүхэд явахад болгоомж илүүдэхгүй он жилүүд байлаа. Тиймээс өвөө, эмээ хоёр намайг харьж ирэх өдөр жигтэйхэн сандарна. Хүний нүдэнд өртөж болохгүй гэсэн захиастай. Би галт тэргэнд оруут харж байгаад аль болох эхнэр, нөхөр хүмүүсийн хажууд хүүхэд нь юм шиг сууж авдаг байв. Аюулгүй байдлаа хангаж, төлөв түвшин хүнээр замын хань хийн дагаад явна шүү дээ. 

Түнхэлийн төв дээр буухад ээ дээ, өвөө эмээ хоёр минь торойж угтана. Тэднийгээ олж харах тэр агшин, тэр мэдрэмж ямар гоё гээ. Үхэр тэрэг, морь тэрэг, машин, ихэвчлэн 69, эсвэл 53-т суугаад харина. 

 

Зах зээлд шилжихээс өмнө хамгийн ганган охидын л жийдэг “Заря” гутал, зун нь цэцгэн гоёлтой арьсан шаахай, өвөл малгайнхаа үзүүрт бондгортой шуба өмсдөг байсан охин яваандаа дээлтэй охин болсон. Эмээгийнхээ оёж өгсөн саарал дээлийг ногоон дурдангаар жимбийтэл бүсэлсэн тайрмал үстэй, нарийхан охиныг тэр үеийн галт тэрэгний үйлчлэгч эгч нар андахгүй таньдаг байв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.