Зураг
Зураг
0/19
Зураг

iKon.mn 2019 оны ОНЦЛОХ 19 ҮЙЛ ЯВДЛЫГ НЭРЛЭЖ байна.

 

Зураг

Эрх мэдэлтнүүдийн ХУЛГАЙ

Зураг

2018 оноос эхтэй ЖДҮ дуулиан үргэлжлэв. УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын ЖДҮХС-аас өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниар дамжуулан зээл авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нөхцөл илэрсэн тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтээ УЕПГ УИХ-д хүргүүлсэн. Гэвч шалгуулах шаардлагатай дээрх гишүүдээ УИХ хаацайлж авч үлдсэн юм. 

Төрийн өндөр албан тушаалтнуудын шунал зөвхөн ЖДҮХС-аар зогссонгүй. Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг иргэдэд боломж олгох зорилготой ТУСГАЙ сангуудаас “хумсалсан” хэрэг хөвөрсөөр. Харин нэг нь ч хариуцлага хүлээлгүй оноо үдэж буй. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаагаад байна.

Зураг

УИХ, Улаанбаатартайгаа "эзгүйдсэн" ХОЁР сар

Зураг

М.Энхболдыг огцрохыг шаардсан гишүүд, иргэдийн тэмцэл он дамнаж, 2019 оны нэгдүгээр сарын 29-нд УИХ-ын дарга М.Энхболд огцров. Хоёрдугаар сард нь тухайн үед ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга болж, эл тэмцэлд толгойлж оролцсон гишүүдийн нэг Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргын албан тушаалд очсон юм.

Улаанбаатар хот мөн энэ үед "эзгүй" байв. Нийслэлийн Засаг дарга С.Батболд хотын дарга нараас анх удаа өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, орных нь хүнийг томилтол орлогч Ж.Батбаясгалан үүрэг гүйцэтгэв. Харин энэ хооронд хотын даргыг сонгох хоёр ч удаагийн санал хураалт болоход эхнийхэд нь бүдэрч, хоёр дахь удаад нь Ерөнхий сайдаар "мундагдуулсны" эцэст С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар хоёрдугаар сарын 27-нд томилогдсон юм.

 

Зураг

Хуулийн байгууллагад буусан цунами

Зураг

Хоёр оны заагт дуулиан тарьсан Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг нэг хүний аминд хүрч, олон шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн, нэг шүүгчийг АНУ-руу “зугтахад” хүргэв. 

Ээдрээт утас мэт уг хэргийг эрх баригчид ил гаргаж, улмаар ҮАБЗ-ийн гурван гишүүний “үзэмжээр” нийт шүүгч, АТГ, прокурорын байгууллагын удирдлагыг огцруулах эрх зүйн орчныг бий болгосон юм. Энэ нь шүүхийн хараат бус байдалд халдсан ноцтой явдал болон түүхэнд үлдэж байна. 

Салхитын мөнгөний ордын болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдон бүрэн эрхээ “хасуулсан” 17 шүүгчийн хэрэг хэр сунжирч, хэдэн хүнийг “чирэх” нь тодорхойгүй үргэлжилсээр. Өнөөдрийн байдлаар 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор УДШ-д гэхэд 1,100 орчим иргэний хэрэг хуримтлагдаад байна.

Зураг

ОНЦГОЙ ДЭГЛЭМ ба ИХ баривчилгаа

Зураг

"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьтай холбоотойгоор ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс корпорац"-ын Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчлаад маргааш нь суллав. Сулласан өдөр нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт үйлдвэр"-т ажиллаж, 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Засгийн газар эл шийдвэрээ есдүгээр сарын 13-нд дахин 6 сараар сунгасан тул ОНЦГОЙ дэглэм өнөөдөр ч үргэлжилж байна. 

Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн үйл ажиллагаа явуулж байгаа бол нөгөө тал болох ОХУ-аас 49%-ийг худалдан авагч тал хэрхэх нь тодорхойгүй л байна.

Зураг

“Жаст” групп "Эрдэнэт үйлдвэр"-ийн 51 хувийг "Стандарт" банканд барьцаалж, зээл авсны төлбөрт тус банк 86.95 сая ам.долларыг үйлдвэрээс нэхэмжилсэн байдаг. Улмаар  40 сая ам.долларыг ямар нэг хүүгүйгээр, нэн яаралтай төлөх тохиролцоонд хүрч, мөнгийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн Эрсдлийн сангаас гарган "Стандарт" банк руу шилжүүлсэн болохыг дөрөвдүгээр сарын 5-нд Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэв.

Үүнтэй холбоотойгоор Ш.Батхүүгээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т захидал хүргүүлэн, битүүмжлэгдсэн хөрөнгөөсөө зарж Эрдэнэт үйлдвэрээс гаргасан 40 сая ам.долларыг төлөх боломжтой гэж захидалдаа дурдсан байдаг бөгөөд түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, мөрдөн байцаалтанд шалгагдаж байгааг УЕПГ-аас мэдээлээд буй.

Зураг

КАПИТАЛын дампуурал ба 340 тэрбум төгрөг

Зураг

Төлбөр гүйцэтгэх, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх чадваргүй болсон тул Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гаргасан
Банкны дампуурлыг зарлах үед чанаргүй зээлийн хэмжээ ₮208 тэрбум буюу нийт зээлийн багцын 80%-д, хуримтлагдсан алдагдал ₮380 тэрбумд хүрснийг зарлаж байв. Монголбанк цаг алдалгүй арга хэмжээ аваагүйгээс байдал ийм дээрээ тулж, НДС-ийн 104, ЭМД-ын сангийн 134.9 тэрбум төгрөг буюу татвар төлөгчдийн мөнгө хэрхэх нь тодорхойгүй байна. 
“Капитал банк”-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн тул хөрөнгийг нь борлуулах боломжгүй болж, ийнхүү хохирлыг барагдуулах ажил гацаанд ороод байгаа юм.

Зураг

Монгол-АНУ Стратегийн түншлэл

Зураг

Ерөнхийлөгчийн наймдугаар сард АНУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улс Стратегийн түншлэл тогтоож, АНУ Монголын хувьд стратегийн түншлэлтэй тав дахь улс болсон. 

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр "Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой"-г онцлон хэлж байлаа.

Зураг

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалаар Монгол, Оросын харилцаа дахин нэг шат ахиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласан юм.

Ингэснээр Монгол Улсын хувьд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай орон хоёр болж байна. Монгол Улсын хувьд хамгийн анхны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай орон бол БНХАУ билээ.

Зураг

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нас барсан хэрэгт Н.Номтойбаяр татагдав

Зураг

УИХ, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд нас барсан харамсалтай хэрэг гарав.

Ардчилсан нам Г.Батхүүг гадны нөлөөтэй амь насаа алдсан байж болзошгүй гэх мэдээллийг хийсэн.

Тус хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг худал мэдүүлэг өгсөн гэж хязгаарлалт тогтоолгох, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал шүүхэд гаргасан. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хэлэлцээд хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргаад байна.

Зураг

Багийн спортоор ОЛИМПОД

Зураг

Токио хотноо 2020 онд болох зуны олимпын наадамд оролцох эрхийг 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчид авав. Ингэснээр манай улс багийн спортоор анх удаа олимпод оролцох эрхтэй болсон юм.

Мөн ирэх оны гуравдугаар сард олимпын нэмэлт эрх олгох тэмцээн Энэтхэг улсад болно. Энэ тэмцээнээс эрх авах хамгийн өндөр магадлалтай багаар Монгол Улсын тамирчид нэрлэгдэж байна. Тэд энэ онд Дэлхийн Гран прид тэргүүлж, түүхэн амжилт үзүүлсэн юм.

Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа энэ төрөлд дэлхийн шилдэг гурван улсын нэгээр Монгол Улс шалгараад буй. Мөн сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 23-аас доош настнуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ онд эх орныхоо төв талбайд зохион байгуулсан билээ.

Зураг

Аваргын өвдөг ШОРООТОЙ

Зураг

Үндэсний баяр наадмын шөвгийн 16-д тунасан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахад 2 бөхөөс нь илэрсэн. Тэдний нэг нь энэ жилийн наадмын түрүү бөх Э.Оюунболд байв.

Улсын аварга Э.Оюунболдын шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагын “Хориглосон жагсаалт 2019” жагсаалтад багтсан S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдсэн. Гэвч Э.Оюунболд "Би допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон. Энэ хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Дахиад гуравдагч оронд шинжилгээ өгмөөр байна" гэж мэдээлэл хийсэн.

Уг асуудал хэрхэн шийдэгдэх нь одоогоор тодорхойгүй хэвээр. 

Зураг

СААРАЛ жагсаалтад дахин орсон нь

Зураг

Монгол Улс Саарал жагсаалтад хоёр дахиа орж, мөнгө угаах таатай улс гэдгээ харуулав. Энэ удаа үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт металл, үнэт чулуу зэрэг салбарыг хянах тогтолцоо Монголд огт байхгүй, хууль зүйн зөвлөгөө өгдөг фирмүүд, нотариатчид хэрэглэгчдээ таних оролдлого хийдэггүй хэмээн ФАТФ дүгнэсэн. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин Саарал жагсаалтад орох сургаар иргэдийн хүлээлт төгрөгийн ханш сулрахад хүргэж, аравдугаар сарын 10-нд 2,670.43 байсан долларын ханш тасралтгүй өссөөр өнөөдөр 2,730.91 болоод байна. Монголбанк 2020 оны IX сард Саарал жагсаалтаас гарах төлөвлөгөөтэй гэх бөгөөд үүнд туслахаар АНУ-ын Сангийн Дэд сайд Монголд ирж, зөвлөгөө өгөөд буцлаа. 

Зураг

Шахмал түлш үр дүнгээ өгч эхлэв. Гэхдээ...

Зураг

Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг анх удаа хориглож, энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. 2008 оноос хойш утааг бууруулахад 500 тэрбум төгрөг зарцуулсан нь салхинд хийссэнийг Агаарын бохирдлын асуудлаарх нээлттэй сонсголын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн. Тэгвэл энэ ажилд бүхэлд нь холбогдох яамд, ОББҮХ, НЗДТГ-аас нийт 33.7 тэрбум төгрөг зарцуулаад буй. Энэ ажил сайжруулсан зуухны татааст өгсөн 100 тэрбум орчим төгрөгөөс гурав дахин бага өртөгтэй ч үр дүнд хүрч байгааг иргэд үнэлж байна.

Агаар дахь тоосонцрын хэмжээ өмнөх оны мөн үеэс багассан ч хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдсэн. Нөгөө талд сайжруулсан түлш хэрэглэгчдийн угаарталт өмнөх онуудын тооноос даваад байна.

Зураг

Үндсэн хуулиа өөрчлөв

Зураг

1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага, оролдлогыг сүүлийн гурван парламент дамжиж хэлэлцсэний эцэст 2019 оны Намрын чуулганаар нэмэлт, өөрчлөлтийг баталсан.

Ингээд Үндсэн хуулиа баталсан 95 жилийн ойн өдөр буюу арванэгдүгээр сарын 26-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгч ёсчлон баталгаажуулсан юм. Үндсэн хуулийн 19 зүйл, 36 хэсэгт өөрчлөлт орсон. Тухайлбал, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх, Засгийн газрын өргөн барьсан төсвийн зардлыг УИХ дур мэдэн нэмэгдүүлэхгүй байх, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, Ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа томилох болон бүрэн эрхийг заагласан, Шүүхийн сахилгын хороо ажиллуулах гэх мэт олон чухал өөрчлөлтийг Үндсэн хуульд тусгаж чадсан билээ.

Зураг

Д.Одбаярын "хэрэг"

Зураг

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Индонезод болох хуралд оролцохоор "Korean Air"-ийн нисэх онгоцоор зорчих үедээ үйлчлэгч эмэгтэйн хонгонд хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр Сөүлд саатуулагдав. Монгол Улсын хуулийн "оргил"-д залрах хүн ийнхүү гадны хууль зөрчсөн хэрэгт холбогдсон нь БНСУ-ын хэвлэлийн гол сэдэв болов. Хэргээ хүлээж, $6,000 торгууль төлөн эх орондоо ирсэн тэрбээр "Камерын бичлэгээр нотлогдвол би өөрөө Цэцийн гадаа зогсоод өндөг шидүүлье" хэмээн хэвлэлд яриад буй. Үндсэн хуулийн цэц хуралдаж, өөрийнх нь хүсэлтээр Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргын албан тушаалаас чөлөөлсөн ч УИХ хариуцлага тооцох ямар нэгэн санаачилга гаргаагүй тул тэрбээр Цэцийн гишүүн хэвээр үлдсэн. Энэ хэрэг Монгол Улсын нэр хүндийг унагаасны зэрэгцээ бэлгийн дарамтыг "хэрэг" гэж авч үздэггүй манай улсыг "сэрээсэн" явдал болов. 

Зураг

Хар тамхи & цахим гэмт хэрэг

Зураг

Цахим луйвар хийсэн байж болзошгүй 800 орчим Хятад иргэнийг илрүүлэн Цагдаа, тагнуулын байгууллага хамтран Улаанбаатар хотын зарим зочид буудлаас баривчилсан хэрэг нийгэмд шуугиан тарьсан юм. Монгол Улсад анх удаа болсон уг хэргийн үеэр 10,000 гаруй компьютер, гар утас болон онц их хэмжээний бэлэн валют, автомашинуудыг хураан авсан. Наймдугаар сараас хойш жуулчлалын визээр 20-30-аараа ирсэн тэдгээр иргэний 759-ийг нь арваннэгдүгээр сарын 2-нд албадан гаргасан бол зохион байгуулсан байж болзошгүй хүмүүсийг шалгасаар байгаа билээ.  

Түүнчлэн цагдаагийн байгууллага 2019 онд хар тамхитай холбоотой олон хэргийг илрүүлсэн юм. Тухайлбал, англи хэл заахаар ирсэн гадаад багш нар хар тамхи оруулж ирсэн хэргүүд илэрсэн бол дуучин Б.Амархүү, Д.Эрдэнэбаяр нарын хар тамхитай холбоотой хэрэг нийтэд ил болсон. 

Зураг

Тодруулбал, дуучин Б.Амархүү шүүхийн шийдвэрээр хоёр жилийн хорих ял авсан бол өнгөрсөн долоо хоногт түүнийг батлан даалтад гаргахаар болсон. Харин "Мотив" хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаярт хилийн хориг тогтоосон байсан ч тэрбээр гавтайгаа зугтаж, нэг сар саатуулагдахад хүрээд буй.

Олон улсад ч монголчууд хар тамхины хэрэгт илүү орооцолдсон жил байв. БНТУ-ын Истанбул хот дахь Консулын газрын дэд консул н.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэг нар 70 кг мансууруулах бодис тээвэрлэж явсан нь ХБНГУ-ын Дрезден хотод шалгагдаж байна. Тус хотын шүүхээс тэдэнд есөн жилийн хорих ял оноох саналтай байгаа.

Зураг

Сургуулийн автобус АНХ УДАА

Зураг

Түгжрэл бууруулах зорилготой "Сургуулийн автобус" сурагчдад үйлчилж эхлэв. 29 сургуулийн 2-5 дугаар ангийн 3,000 гаруй сурагчийг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөж эхлээд байна. 

Гэвч түгжрэл буурах найдлага бага хэвээр. ГЕГ-ын мэдээллээр тээврийн хэрэгслийн импорт тэрбум доллар давж, 2019 оны эхний 11 сард Монгол Улс зөвхөн суудлын автомашин 66,613-ыг импортлоод байна. 

Зураг

Оюутолгойн гэрээг өөрчлөх боломж

Зураг

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталснаар төсөл эхэлснээс 10 жилийн дараа гэрээг шинэчлэх боломж бүрдэв. Ингэснээр ОТ-н хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилсэн хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг хуульд нийцүүлж, Монгол Улсын Засгийн газрын хувьцааг судлах, нөөцийн тайланг дахин тодорхойлж, ТЭЗҮ, байгаль орчин, усны үнэлгээг шинэчлэхээр болж буй.

“Хөрсний байдалд шинэ нөхцөл үүссэн тул гүний уурхайн загварыг эргэж харах шаардлагатай” гэдэг шалтгаанаар $5.3 тэрбумын өртөгтэй уг төслийн хөрөнгө оруулалт $1.2-1.9 тэрбумаар нэмэгдэж, 2022 оны тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байсан гүний уурхайн зэсийн үйлдвэрлэл 2023 оны зун буюу 16-30 сараар дахин хойшлохоор болсныг Рио Тинто мэдэгдээд буй

Зураг

Монгол урлаг ДЭЛХИЙД

Зураг

Хүннү рок гэх цоо шинэ урсгалыг бий болгон гарч ирсэн "The Hu" хамтлаг дэлхийн рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж, Монгол Улсыг цоо шинээр дахин таниулав. Тус хамтлагийн анхны цомог “Gereg” Billboard-ийн World Albums жагсаалтыг тэргүүлсэн бол домогт дуучин Элтон Жон хүртэл өөрийн хөтлөн явуулдаг "Rocket hour" хөгжмийн хөтөлбөрөөрөө "The Hu"-г онцолсон гээд Монголын урлагийн салбарт цоо шинэ үзэгдлүүд хөвөрсөн юм. Ийнхүү өв уламжлалаа шингээсэн цоо шинэ урсгал бий болгож, оюуны бүтээлээрээ олон улсад эх орноо сурталчилсан “The Hu” хамтлагийн гишүүдэд буюу анх удаа хамтлагт "Чингис хаан" одонг хүртээснийг тус хамтлагийн ерөнхий продюсер Б.Дашдондогт гардуулан өгөв.

Зураг

Байгалийн түүхийн музейг нураав

Зураг

Энэ онд боловсрол, соёлын салбарт түүхэнд байгаагүй их хөрөнгө оруулалт хийгдэж буйг салбарын сайд нь удаа дараа онцолсон. Соёлын барилгуудыг шинэчлэх ажил Байгалийн түүхийн музейгээс эхэлсэн ч музейг буулгахыг эсэргүүцсэн иргэд #МузейгээАваръя хөдөлгөөн өрнүүлсэн нь эцэстээ шүүхэд шилжив. Анхан шатны шүүх иргэдийн талд шийдсэн ч Давж заалдах шатны шүүх ЗГ-ын талд шийдсэнээр нураах ажил эхэлж, арванхоёрдугаар сарын 6-ны шөнө бүхэлд нь нураасан юм. Музейн шинэ барилгыг Их тэнгэрийн аманд барьж, хуучин талбайд нь Чингис хааны музей байгуулна гэж буй. УДЭТ, ДБЭТ, Төв номын сангийн барилгыг шинэчлэх төлөвлөгөө иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, салбарын сайд нь уг ажлыг зогсоох хүсэлтээ Сангийн яаманд хүргүүлсэн тул одоогоор хэрхэх нь тодорхойгүй байна.

Зураг

Б.Болороогийн тэмцэл

Зураг

"Хишиг арвин индустриал” ХХК-д ажиллаж байсан иргэн цахилгаан шатны хонгилд унаж нас барсан байсныг 19 хоногийн дараа олсон харамсалтай хэрэг зургаадугаар сард гарсан билээ. Хэргийг шалгах ажил удааширсан, шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн талийгаачийн гэргий Б.Болороо шүүх эмнэлгийн дүгнэлтийг хөндлөнгийн оролцоотой дахин хийлгэхийг шаардан Д.Сүхбаатарын талбайд суулт зарласан юм. Түүний шаардлагыг иргэд дэмжиж, хөдөлгөөн өрнүүлэн төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар шаардлагыг хүлээж авснаар тэрбээр суултаа зогсоов. Б.Болороогийн энэ тэмцлийг Европын холбооноос эрх тэгш нийгэм бий болгоход хувь нэмрээ оруулсан хэмээн үнэлж "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч" хэмээх шагнал олгосон юм.