Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болороо: Нөхрийн минь амиа алдсан шалтгааныг үнэн зөвөөр тогтоож өгөхийг шаардаж, суулт хийж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

"Хишиг арвин индустриал” ХХК-д ажиллаж байсан иргэн лифтны хонгилд унаж нас барсан байсныг 19 хоногийн дараа олсон харамсалтай явдал өнгөрч зургаадугаар сард болсон билээ. Тус компани хяналтын камерын бичлэгээ ар гэрийнхэнд үзүүлэхгүй байсаар хугацаа алдаж, талийгаачийн илжирч, муудсан цогцосыг хүлээлгэн өгсөн тухай гэргий Б.Болороо нь өөрийн фэйсбүүк хуудсаараа олон нийтэд хандан мэдээлж байсан. Шүүх эмнэлгээс талийгаачийг их хэмжээний согтолттой байсан гэх дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлт нь хэргийг хаах үндэслэл болоод байгаа аж. Харин талийгаачийн гэргий Б.Болороо эмгэнэлт явдал гарах үед нөхрийгөө согтуу байсан гэдгийг үгүйсгэж, хэргийг үнэн зөвөөр шийдэхийг шаардан Сүхбаатарын талбайд суулт зарлаад байгаа билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна. 

-Өнгөрсөн хугацаанд болсон явдлыг талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Нөхөр маань өнгөрсөн зургаадугаар сарын 19-нд амиа алдсанаас хойш 19 хоногийн дараа ажлынхаа лифтны хонгилоос өтөж, өмхийрсөн байдалтай олдсон. Гэтэл шүүх эмнэлгээс нас барсан хугацааг нь тогтоож чадаагүй хэр нь согтолтын хувийг 2.4 гэж тогтоосон. Энэ нь тасралтын өмнөх зэрэг юм байна. Согтолтын зэрэг нь 2.5 хүрвэл биеэ хянах чадваргүй буюу бидний хэлдгээр тасарсан гэж үздэг юм байна. Энгийн үгээр хэлбэл, хөл гар нь зүгээр эрүүл саруул хүн зогсож, тэнцвэрээ олж чадахааргүй согтолттой байсан гэдэг дүгнэлтийг шүүх эмнэлэгээс гаргасан. 

Уг дүгнэлтийг наймдугаар сарын 23-нд мэргэжлийн хяналтын байгууллага руу явуулсан. Үүнээс өмнө нөхөр маань яг хэдэн давхраас унасан нь тогтоогдохгүй байсан юм. Мөрдөн байцаагч наймдугаар сарын 17 хүртэл “Ямар ч камерын бичлэг байхгүй. Тог тасарсан байсан” гэж хэлээд л биднийг явуулаад байсан. Биднийг очиж уулзах болгонд хэдэн давхраас унасаныг нь тогтоох, боломжгүй гэдэг хариу өгдөг байсан. Харин ч бүр биднээс “Та нар ер нь яаж, хэдэн давхраас унасан гэж бодож байна” гэж асууж байсан. Бидэнд ямар ч мэдээлэл байхгүй шүү дээ.

Гэтэл наймдугаар сарын 17-нд цагдаагаас яриад “Хэргийг мэргэжлийн хяналт руу явуулах болчихлоо. Камерын бичлэг олдсон. Ирээд гарын үсэг зур” гэсэн. Наймдугаар сарын 23-нд мэргэжлийн хяналт руу явуулаад, аравдугаар сарын 4-ний өдөр хариу нь гарсан. Гэтэл бидэнд аравдугаар сарын 18-нд мэдэгдсэн. Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсныг биднээс өмнө компанийн талынхан мэдсэн байсан. 

Ингээд аравдугаар сарын 18-нд мэргэжлийн хяналтын дүгнэлттэй танилцахад цагдаагаас камерын бичлэг байсаар байтал CD дээр ч юм уу хуулалгүй скрийншот хийгээд, тэдээс тэдэн минутад тийм юм болов, тэгэв ингэв гэсэн тайлбартайгаар явуулсан байсныг мэдсэн. Шүүх эмнэлгээс согтолтын өндөр зэрэгтэй байсан гэдэг дүгнэлт гаргасан. Дээр нь цагдаагаас бичлэгийг скрийншот хийгээд явуулчихсан болохоор мэргэжлийн хяналтаас нөхрийг маань согтуу явж байгаад өөрөө лифтны хонгил руу унасан гэдэг дүгнэлт гаргасан байх. 

Мөн цагдаагаас “Хишиг арвин индустриал” ХХК-ийн хамгаалагчдын дөрөвхөн хоногийн рабортын тэмдэглэлийг хавсаргаж явуулсан. Зургаадугаар сарын 16-19-ны хоорондох. Тэр раборт дээр нөхөр маань хамгийн сүүлд 17:15 цагт лифтэнд гацсан хүнийг гаргасан тухайгаа тэмдэглэсэн байсан. Тэгээд орой нь амиа алдсан. Энэ нь нөхөр маань өөрөө дурандаа лифтэнд гацсан хүн гаргаад гүйгээд байсан мэтээр харагдуулж байгаа юм. 

 

Гэтэл аравдугаар сарын 18-нд хяналтын камерын бичлэг үзлээ. Тэгэхэд нөхөр маань маш хурдтайгаар гүйж, дөрвөн минутын хугацаанд гурван обьект болон өөрийнхөө ажлын байрыг эргэж байгаа нь бичигдсэн байсан. Ингээд яг лифт засах үед нь тог тасраад, лифтны хаалга онгойход хөл алдан хонгил руу унасан

Миний нөхөр архи уух нь бүү хэл амсах төдийд тэнцвэрээ олж чаддаггүй. Яагаад гэвэл нөхрийн маань хоёр хөлийн эрхий хуруу нь байхгүй. Хөлийн эрхий хуруу тэнцвэрийн хамгийн чухал эрхтэн шүү дээ. Тиймээс архи амсах төдийд тэнцвэрээ олж чаддаггүй байсан юм. Шүүх эмнэлгийн гаргасан дүгнэлтээр маш өндөр хувийн согтолттой гэж тогтоосон хүн яаж тэгж хурдан гүйж чадах юм бэ. Явж, зогсож байгааг нь харахад эв эрүүл байгаа юм. 

-Хэдэн давхраас лифтны хонгил руу унасан юм бэ?

-Уг нь бол нэг давхараас унасан. Гэхдээ доороо b1 болон хонгилын давхартай. Тэгэхээр 2-3 давхар гэсэн үг. Ер нь өндрөөс илүүтэй намхнаас толгойгоороо унадаг юм байна. Цогцосны олдсон байрлалыг харахад тархи нь голоороо хоёр хуваагдаж, нуруу нугас нь хугарч, мушгирсан, газар дээрээ амьсгал хураасан байхаар шинжтэй байсан

-“Хишиг арвин индустриал” ХХК-тай одоо ямар харилцаатай байгаа вэ?

-Аравдугаар сарын 29-нд ээж бид хоёр тус компанийн гадна очиж суулт хийсэн. Тэгэхэд эмэгтэй захирал нь уулзахдаа “Бид яасан гэж уучлал гуйх вэ” гэсэн. Би тэр компанийг нөхрөөр маань хийх ёсгүй ажлыг хийлгэдэг байсандаа, камерын бичлэгээ үзүүлэхгүй байсаар цогцос нь өтөж, өмхийрсөн хойно нь гаргаж ирсэндээ уучлал гуйхыг шаардсан

Нөхөртэй маань хамгийн сүүлд уулзсан хүн болох тус компанийн ажилтан эмэгтэй согтуу байгаагүй тухай хэлсэн. Дээрээс нь компанийн удирдлагатай уулзахдаа нөхрөөр маань өмнө нь лифт засуулах ажил хийлгэж байсан эсэхийг асуухад тийм гэж хүлээн зөвшөөрсөн. Би тэр компаниас мөнгө авах гээгүй. Зөвхөн биднээс болон нөхрийг маань согтуу байж байгаад нас барсан мэтээр мэдээлэл тараасандаа уучлал гуй гэж шаардсан. Гэвч тэд чадахгүй гэсэн. “Хишиг арвин индустриал” ХХК биднээс уучлал гуйхгүй гэсэн учраас гурван шаардлага тавьж, ээжтэйгээ арваннэгдүгээр сарын 1-нээс талбай дээр 14 хоногийн хугацаатай суулт хийж эхлээд байна. 

-Ямар гурван асуудлыг шаардаж байгаа вэ?

-Шүүх эмнэлгийг дүгнэл дахин гаргуулмаар байна. Гэхдээ дотоодын байгууллагаар биш. Гадагшаа явуулж. Шүүх эмнэлэг өөрсдийн хийсэн ажлыг үгүйсгэхгүй нь ойлгомжтой. 

Хоёрдугаарт, хэргийн харъяаллыг солиулж, улс руу шилжүүлмээр байна. Одоо Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. 

Гуравдугаарт, дээрх хоёр шаардлага биелэгдвэл мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг дахин гаргуулъя гэж байгаа юм. Хамгийн гол нь нөхрийг минь согтуу байсан, амиа алдсан шалтгааныг нь үйлдвэрлэлийн осол гэж үзсэн. Би үүнтэй эвлэрэхгүй байгаа учраас ээжийгээ дагуулаад, төрийн өндөрлөгүүдийг энэ асуудалд анхаараасай гэж энд зогсож байна.  

 

-Та бид хоёрыг ярилцаж байх зуур хүмүүс гарын үсэг зурж байгааг ажиглалаа?

-Биднийг дэмжиж буйгаа илэрхийлж хүмүүс гарын үсэг зурж байгаа. Одоогоор 700 гаруй хүн ирж гарын үсэг зураад байна. Үүнээс гадна байгууллага, хөршүүдээрээ гарын үсэг зуруулаад ирлээ гэсэн маш олон хүн бий. 

Нэг зүйлийг ажиглахад, ирж гарын үсэг зурсан эмэгтэйчүүдийн 50 орчим хувь нь “Яг ийм байдлаар талийгаач маань буруудаад өнгөрсөн. Та нар шиг баримт олж чадаагүй. Ингэж явах зориг байгаагүй учраас хэргийг нь хаалгаж байсан” гэж ярьж байсан. Хүнээ алдаж зовчихоод дээр нь өөрсдийнх нь буруу болоод дуусдаг тогтолцоо энэ нийгэмд байна. 

Ээжүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөл болон “Эмэгтэйчүүдийн манлайлал” төвөөс хүмүүс ирээд хэсэг хэсгээрээ яваад үр дүнгүй юм байна, арваннэгдүгээр сарын 6-нд бөөндөө цугларая, нэгдэж дуугаръя гэж зөвлөлдсөн. Ийм асуудлын улмаас хохироод үлдэж байсан хүмүүс үгээ хэлье. Тэгэхгүй бол ганц хүний асуудал мэтээр харагдаад байна. Гэтэл дуугарч чадаагүй маш олон хүн байдаг гэдгийг нийгэмд харуулъя гэж байгаа юм. 

-Өнгөрсөн Баасан гарагаас суултаа эхэлсэн юм байна. Энэ хугацаанд аль нэг төрийн байгууллагаас таны хүсэлт, шаардлагыг сонсоё гэдэг гэж ирсэн хүн байна уу?

-Даваа гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх н.Үүрийнтуяа гэдэг эмэгтэй бидэнтэй уулзсан. Биднийг хүсэлт, шаардлага болон нотлох баримтуудаа албан ёсоор гаргаад өг гэсэн. 
Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооноос төлөөлөл ирж ямар туслалцаа хэрэгтэй байгааг, хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг асуудлаар уулзаад явсан. 

-Энэ хэрэг хуулийн байгууллагын яг аль шатанд байгаа вэ?

-Одоогоор цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэлийн шатанд байгаа. Мөрдөн байцаалт эхлээгүй. Гэвч хэрэг бүртгэлийн шатандаа нөхрийн минь буруу болгож, хэн нэгэнт хариуцлага хүлээлгэлгүйгээр хэргийг хаах гэж байсан. 

 

-Ирэх онд болох сонгуультай холбоотойгоор нийгэмд улс төржилт их байгаа. Ямар ч асуудлыг мушгин гуйвуулж, өөрт ашигтайгаар эргүүлдэг болчихоод байна. Өөрийн тань зорьж байгаа энэ зүйлийг хэн нэгэн ашиглаж улс төржүүлэх вий гэдэг болгоомжлол байна. 

-Миний ганц болгоомжилж байгаа зүйл энэ. Ямар нэг байдлаар улс төртэй холбоотой хүмүүс маш их холбогдож байгаа. Туслая, дэмжье гэхчлэн. Гэхдээ би нэгийг нь ч хүлээж аваагүй. Энэ асуудал аль нэг намын улс төрийн арга хэрэгсэл болчих юм бол шийдэгдэхгүй. 

Намайг мөнгө нэхсэн мэтээр битгий харагдуулаарай. Мөн энэ хэргийг битгий улс төржүүлээрэй. Ийм л хоёр зүйлийг хүмүүсээс гуймаар байна. 



Тэрбээр ийнхүү ярилцаад Сүхбаатарын талбайд суулт хийхдээ ашиглаж буй самбар, гарын үсэг цуглуулсан цаас сэлтээ ээжтэйгээ хамт хураав. Тэднийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс дууджээ. Болороогийн ээж Буянжаргал “Бид хоёр Чингэлтэйн цагдаад дуудагдсан. Нэг талаас нь л гомдол гаргасан юм шиг байна. Энэ юмнуудаа аваачиж тавьчихаад эргээд цагдаа орох ажилтай” гэсээр явав.