Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Оюунболд: Би допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 8 сарын 17
iKon.MN

Монгол Улсын Аварга Э.Оюунболд допингийн асуудлаар мэдэгдэл хийжээ. 

Тэрбээр "Монгол бөхийн ёс жудагаа бодож, ард түмнээ хүндэтгээд өдий болтол дуугүй явлаа. Одоо нэг тайлбар хийх цаг болсон байх. Монгол бөхийн торгон ногоон дэвжээ зүй бус явдлаар бохирдох ёсгүй гэж бодож байна. 

Допингийн холбооны таван хүн хамт байж байгаад гарын үсэг зураад, шинжилгээний хариуг задлах ёстой. Гэтэл нэг хоёр хүн задалмагцаа шууд л олон нийтийн сүлжээгээр цацлаа. Би допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон байна. Би энэ хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Дахиад гуравдагч оронд шинжилгээ өгмөөр байна" хэмээсэн юм.

Түүний өөрийн фэйсбүүк хуудастаа нийтэлсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сүүлийн өдрүүдэд нэр бүхий бөхчүүд допинг хэрэглэсэн гэх мэдээлэл цацагдах болсонтой холбоотойгоор Үндэсний бөхийн салбар хорооноос албан ёсны мэдээлэл хийж "Допингийн шинжилгээнд 16 бөх хамрагдсанаас хоёр бөхөд допингийн төрлийн бодис илэрсэн.  Нэгээс нь дөрвөн төрөл, нөгөөгөөс нь нэг төрлийн бодис илэрсэн. 

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй. Энэ бол хувь хүний нууц. Хуульд Б сорьцын шинжилгээ өгсөн бол хариуг нь иртэл допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн нэрийг зарлах хориотой. Тухайн бөхчүүд Б сорьцын шинжилгээ хийлгэх эсэх нь өөрсдийнх нь шийдэх асуудал" хэмээгээд байсан юм.